Пон-Сент-Эспри хот нь Рон голын баруун эрэг дээр байрладаг бөгөөд 70 жилийн өмнө 4500 хүнтэй жижигхэн тосгон байжээ. Голын эрэг дээрээс байгалийн гоо үзэсгэлэнг харах боломжтой энэхүү газрын хүн бүр нэгнээ таних бөгөөд амгалан, тайван байдал өдрүүд үргэлжилж байв. Гэтэл энэхүү жижигхэн тосгонд “хараалт талх”-ны зовлон нүүрлэнэ гэж хэн санах билээ.
Ердөө таван хоногийн дотор долоон хүн амь насаа алдаж, 10 гаруй хүн галзуугийн эмнэлэгт хүргэгдэн олон зуун хүн гүн хордлогын шинжтэйгээр шаналсан юм. Энэ бүхний гол буруутан нь талх байсан бөгөөд энэхүү хорт эсвэл хараалт талхны нууц одоог хүртэл тайлагдаагүй байгаа гэнэ.
Бүх зүйл 1951 оны 8-р сарын 16-нд эхэлсэн. Тосгоны иргэд үл мэдэгдэх шалтгаанаар ээлж дараалан өвдөв. Өвчтөнүүдийн нүдэнд хий юм харагдаж, гурван эмчийг шатаж байгаа мангас мэтээр төсөөлөн тэдэн рүү дайрсан гэнэ. Үүнээс гадна өөрийгөө могойнд идүүлж байна гэж бодсон өвчтөн усанд живж амиа хорлох оролдлогыг хийж байжээ. 11 настай хүү эмээгээ боож алах шахсан. Харин нэг эрэгтэй өөрийгөө “Би онгоц” хэмээн хэлж 2 давхрын цонхноос үсэрсэн байдаг. Азаар тэр хоёр хөлөө хугалсан ч амьд үлдсэн юм.
"Хараалт талх"-ны бас нэг хохирогч зүрхээ хөлийнх нь завсраар гаран зугтаж байгааг харж, зүрхийг нь буцааж өгөхийг эмчээс гуйсан байна. Галзуурсан иргэдэд номхруулах цамц өмсгөж, эмнэлэгт тусгаарлах хэрэгтэй болжээ.
Сэтгүүлд энэ явдлын тухай “Хараалт талх”-ыг идсэн хүмүүс галзууралд автаж, орондоо шаналж, бие дээр нь улаан цэцэг ургаж байна гэж орилсоор..." хэмээн бичиж байжээ.
Эмч нар энэ бүхний буруутан нь хоолны хордлого гэдгийг ойлгож байсан ч удаан хугацааны туршид эх үүсвэрийг тогтоож чадаагүй юм. Эхний өдрүүдэд таван хүн, дараагийн өдөр дахин хоёр хүн нас баржээ. 8-р сарын 21 гэхэд 100 гаруй хүмүүс хордож, зургаан хүн эмнэлэгт хүргэгдсэний гурав нь хүүхэд байсан гэнэ.
8-р сарын 25-наас 8-р сарын 26-нд шилжих шөнө галзуурал эрчээ авч нутгийн оршин суугчид энэ шөнийг “Сүйрлийн шөнө” хэмээн нэрлэсэн байна. Хий зүйл харж галзуурсан 23 иргэнийг эмнэлэгт хүргэсэн бол хэд хэдэн хүн цонхноос үсэрчээ. Галзуурсан иргэд олон сарыг эмнэлэгт өнгөрүүлсэн аж.
Анхны онол:
Францын түүх судлаач Стивен Л.Каплан өөрийн “Хараалт талх: Францын 1945-1958 оныг эргэн сөхөцгөөе” хэмээх номонд “Хараалын үндсийг мэдэхийн тулд бид буруутны нэрийг тогтоох хэрэгтэй. Ард иргэдийн хувьд нарийн боовны ажилтан, усан сангийн ус, орчин үеийн төхөөрөмж, гадаадын тагнуулууд, бактериологийн зэвсэг, чөтгөр, төмөр замын байгууллага, Ромын хамба лам, Сталин болон сүмийг буруутгаж байсан юм” гэсэн байдаг.
Мэдээж бүхий л хэрэгт нутгийн нарийн боовны ажилтныг буруутгаж байсан бөгөөд түүнийг хорт мөөгөөр халдварласан гурилыг үйлдвэрлэлдээ ашигласан хэмээн үзсэн байна. Гэвч хэсэг хугацааны дараа энэхүү таамаглалыг үгүйсгэж иргэдийг мөнгөн усанд хордсон гэх таамаг дахин гарчээ.
Сэтгүүлч Х.П. Альбарелли Жуниор 2011 онд өөрийн судалгааны үр дүнг нийтэлсэн бөгөөд түүний үзэж байгаагаар бүх хэрэгт АНУ-ын SOD болон Тагнуулын Төв Газрынхан буруутай гэнэ. Тэд хүмүүс дээр туршилт явуулж байсан байх магадлалтай аж. Альбарелли SOD-ын ажилтан, биохимич Фрэнк Олсоны баримтыг судалсан байна. Тэрээр “хараалт талх”-ны үйл явдал тохиолдсоноос нэг жилийн дараа 13 давхраас үсэрч амиа хорложээ.
Үүнээс гадна тэр Тагнуулын Төв газрын ажилчдын хоорондын яриа бүхий хуурцгийг олсон бөгөөд уг хуурцагт “Пон-Сент-Эспри”-ийн талаарх яриа байсан гэнэ. Тэд хүмүүс үр тарианы хорт мөөгөнд бус харин диэтиламин гэх бодист хордсон байх магадлалтай гэжээ.
Альбарелли “Асар том алдаа: Фрэнк Олсоны амиа хорлолт болон Тагнуулын Төв Газрын туршилтын нууц” хэмээх номоо бичихийн өмнө Олсоны хуучин хамтрагчидтай уулзсан байна. Тэдний хоёр нь Олсоны нас барсан шалтгааныг тухайн нутаг дэвсгэрт явагдаж байсан туршилттай холбон тайлбарлажээ. Сэтгүүлчийн үзэж байгаагаар Олсон энэхүү хэрэгт шууд холбоотой байсан бөгөөд диэтиламин бодисыг онгоцноос шүршиж хүн дээр туршилт хийн ажиглаж байсан гэх дүгнэлтэд хүрсэн байна.
Цагаан ордноос 1975 онд Рокфеллерийн Комиссийн гишүүдэд хаягласан Тагнуулын Төв Газрын туршилтыг судалж өгөхийг хүссэн хүсэлт бүхий захидал олны анхааралд ихээр өртсөн аж. Уг захидалд Францын туршилттай холбоотой бүх хүмүүсийн нэрийг бичин хэрэгт Тагнуулын Төв Газар холбоотой гэсэн байжээ. Харин ТТГ үүнийг огт эсэргүүцээгүй юм.
Пон-Сент-Эспригийн оршин суугчид өвчний бодит шалтгааныг олохыг шаардаж байгаа гэнэ. 71 настай Шарль Гранжо “Би бараг л үхэх шахсан. Үүнийхээ шалтгааныг мэдмээр байна” гэжээ.