1
Хөвгүүдийг охин шиг өсгөх (1965-2004)
Хагалгаа бүтэлгүйтсэний улмаас 8 сартай Брюс Ромер хүүгийн бэлэг эрхтнийг тайрсан байна. АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн сэтгэл судлаач Жон Мони эцэг эхэд нь хүүг охин шиг өсгөхийг зөвлөжээ. Тиймээс Брюс цаашдаа Бренда болж амьдарсан ба Жон Мони энэ явдлыг ихээхэн сонирхон ажиглаж байсан юм. Эцэг эх нь хүүхдэдээ үнэнийг хэлэх хүртэл бүх зүйл харьцангуй сайн байсан ажээ. Болсон явдлын талаар мэдээд Брюс гурван удаа амиа хорлохыг завдсан ч хэвийн амьдралдаа эргэн орох гэж хичээж, нэрээ сольж бүр гэрлэсэн байна. Гэсэн хэдий ч энэ бүхэн эмгэнэлтэйгээр төгссөн юм. Эхнэрээсээ салсныхаа дараа тэрээр 38 настайдаа амиа егүүтгэсэн байна.
2
"Цөхрөлийн үндэс" (1960)
Доктор Харри Харлоу азаар зөвхөн сармагчин дээр л туршилт хийдэг байв. Тэр ээжээс нь үр төлийг нь аваад бүтэн жил ганцааранг нь байлгадаг байжээ. Эх дээрээ эргэж ирсний дараа үр төлд сэтгэцийн ноцтой гажиг илэрсэн байна. Энэ нь эхийн хайр дутагдах ямар үр дүнд хүргэж болохыг харуулсан туршилт байжээ.
3
Арга мөхөстөх (1966)
Сэтгэл судлаачид Марк Селигман, Стив Мейер нар нохойг гурван бүлэгт хуваажээ. Эхнийхийг нь яагаа ч үгүй бөгөөд хоёрдугаар бүлгийн нохдыг цахилгаанд цохиулсан, туршилтын явцыг хөшүүрэг дарснаар зогсоож болох байсан ч гурав дахь нь хамгийн азгүй байв.
Хэсэг хугацааны дараа гурав дахь бүлгийн торыг онгойлгосон боловч нэг ч нохой хөшүүргийг дарахыг оролдоогүй бөгөөд тэд зовлонг аль хэдийн зайлшгүй байх ёстой зүйл гэж ойлгосон байжээ.
4
"Аймшигт туршилт" (1939)
Айова мужийн (АНУ) их сургуулийн Венделл Жонсон 1939 онд төгсөгч оюутан Мэри Тюдорын хамт Дэвенпортоос ирсэн 22 өнчин хүүхдийг хоёр бүлэгт хуваажээ. Нэг бүлэг хүүхдүүдэд тэднийг түгдрэлгүй зүгээр ярьдаг гэж хэлсэн бол нөгөө хэсэгт нь ярихдаа гацдаг гэж ойлгуулсан байна. Үүний үр дүнд хоёрдугаар бүлгийн хүүхдүүдийн олонх нь насан туршдаа ярихдаа гацдаг болжээ.
5
Бяцхан Альберт (1920)
Хоёр сарын турш 9 сартай Альбертэд цагаан харх, хөвөн, цагаан сахалтай Санта Клаусын баг болон туулай харуулж байжээ. Харин дараа нь эмч хүүг цагаан харханд хүрэх тоолонд төмөр зүйл цохиж эхэлсэн байна. Үүний үр дүнд Альберт зөвхөн харх бус дээр дурдсан бүхий л цагаан зүйлд хүрэхдээ айдастай болсон байжээ. Энэхүү айдас насан туршид нь үлдсэн байна.
6
Ландисын туршилтууд (1924)
Миннесотагийн Их сургуулийн Карин Ландис 1924 онд нүүрний хувирлыг судалдаг байжээ. Ландис оюутнуудаа хүчтэй сэтгэл хөдлөл өдөөж болох зүйлийг харуулсан ба тэдний нүүрний хувирлуудыг тэмдэглэн авчээ.
Дараа нь Ландис оюутнуудад хархны толгойг таслахыг хүсэв. Тэдний ихэнх нь зөвшөөрсөн байна. Нүүрний хувирал дээр ямар нэгэн хэв маягийг олох боломжгүй байсан ч Ландис эрх мэдлийн нөлөөн дор бүлэг хүн юуг ч хийх чадвартай болдгийг баталж чадсан юм.
7
Мансууруулах бодисын биед үзүүлэх нөлөөний судалгаа (1969)
Хэсэг сармагчингуудад янз бүрийн хар тамхийг хэрхэн өөртөө тарихыг заажээ.
Кокаин хэрэглэсэн сармагчингууд таталт өгч, хийрхэж, амфетамин хэрэглэсэн амьтад бүх үсээ зулгаасан бол нэгэн зэрэг кокаин, морфины нөлөөнд автсан сармагчингууд туршилт эхэлснээс хойш хоёр долоо хоногийн дотор үхсэн байна.
8
Стэнфордын шоронгийн туршилт (1971)
Сэтгэл судлаач Филипп Зимбардо сэтгэл зүйн тэнхимийн хонгилд байдаг дуураймал шоронг бодитойгоор бүтээж, сайн дурын оюутнуудыг (тэд 24 хүн байсан) "хоригдлууд", "харуулууд" болгон хуваажээ.
Эхэндээ оюутнууд учраа олохгүй байсан боловч туршилтын хоёр дахь өдөр бүх зүйл байрандаа орсноор "хоригдлууд"-ын бослогыг "харуулууд" харгис хэрцгий дарав.
Аажмаар хяналтын систем маш хатуу болж, "хоригдлууд" жорлонд хүртэл ганцаар байх боломжгүй болжээ. “Хоригдлууд”-ыг хэн болохыг нь асуухад олонх нь дугаараа хэлсэн байна. "Хоригдлууд" өөрсдийн дүрдээ дасаж, өөрсдийгөө жинхэнэ шоронгийн хоригдол мэтээр мэдэрч эхэлсэн бөгөөд "харуул"-ын дүрд тоглосон оюутнууд хэд хоногийн өмнө сайн найзууд байсан хүмүүсээ үзэн ядаж, хараан зүхэж эхэлсэн байна.
Туршилтыг хоёр долоо хоногийн турш төлөвлөсөн байсан боловч ёс зүйн шалтгаанаар хугацаанаас нь өмнө цуцалжээ.