Оюун санааны хүчирхийллээрээ хамгийн өндөр түвшинд явдаг монголчууд

2022-07-07, 14:32
2,680
Оюун санааны хүчирхийллээрээ хамгийн өндөр түвшинд явдаг монголчууд

Үнэндээ оюун санааны хүчирхийллээрээ хамгийн өндөр түвшинд явдаг улс Монгол л байх шиг санагддаг. Бусдын сууж босохыг заана, хүний санаачилсан ажлыг булааж авна, албан тушаалд хүрчихээрээ үүрд тэндээ байх юм шиг аашилна. Өтлөхгүй, үхэхгүй юм шиг туйлна. Үр төлгүй юм шиг бусдын хүүхдийг гоочилно. Хамаатан саднаараа нийлж хүргэн, бэрээ гадуурхана. Харагдах байдлаар нь хүнийг дүгнэнэ. "Хүүхэд төрүүлсэнгүй" гэж нэгнийгээ насаар нь дарамтална. Үүнээс болоод бүр жигшин цэрвэж, бузар булай амьтан гээд ойртох ч хүнгүй байцгаадаг нь үнэн биз дээ?

Тэгснээ хагацаж өнчирсөн нэгнийгээ "Тэрний, энэнийхээ толгойг залгисан амьтан" гэж хүртэл солиорцгооно. Хаана мөнгөтэйгөө зарлаж, том шагнал авч, цатгалан баянаа гайхуулж байна, тэнд л нийтээрээ овоорч цаасан малгай шидэлцэн уралдана. Ихэнх нь их бялдууч. Би зөвхөн монголчуудтай уулзахаараа л тогос шиг гоёх хэрэгтэй болдог. Угаасаа гоёод өгөхгүй бол нүд амаараа шарж идчих гээд зовлонтой байдаг. Цүнх гутлын үнэ, брэнд, ээмэг зүүлтний цэн, чулууг хүртэл хялс цэхэс гээд тоолоод бүртгээд байдаг. Тийм харцнууд маш заваан санагддаг хэдий ч тийм л ард түмэнтэй юм чинь одоо яалтай билээ.

Юмны сургаар, ямар ч баталгаагүй юм уншчихаад нийтээрээ шуугиад, нулимаад явчихна. Тэр давалгаанд оролцохгүй л бол бүр хүн биш болчих гээд байдаг юм шиг амь тэмцэцгээнэ. Хувийн амьдралаар биш хүнд харуулах гэсэн амьдралаар нэг насыг туулна. "Хүнээс дутуу явахгүй" гээд л хөрштэйгөө уралцаад хог новш цуглуулаад гүйчихнэ. "Дамбынх даалуутай болчхож. Манайх тэгвэл үүлүүтэй болно". Доржийн охин гадаад явчихлаа, миний хүүхэд ч бас заавал явах ёстой", "Дулмаа баян хүнтэй сууж гэнэ. Би ч бас юу дутдаг юм" гэх мэтээр атаа жөтөө нь тоймгүй хөвөрнө. Олз ашиг олж байгаагаа нэгийгээ өртэй юм шиг бүгд очиж гуйлгачилна. Өгөхгүй гэвэл өстөн болгож хувиргаад л насаараа зүхчихнэ. Амьдралынх нь утга учир ердөө л хэн нэгнээс дутахгүй байх, авах идэхийн тангараг болж хувирсан.

Нам сонгууль дөхөхөөр гол, жалгаараа талцаад бие биенээ үзэхээ байчихна. Хөдөөгүүр яваад үзээрэй. Голын хоёр талаас нь "МАН-ын хулгайчийн дэлгүүрт орохгүй, АН-ын гуйлгачингаас дутахгүй" гэсэн хийрхэл солиорлоор амьсгалцгааж байдаг. Өөрт нь ямар ч хүртээлгүй тэс хөндлөнгийн хүний мэдээн доор л бие биенээ алж хядах дээрээ тултлаа хэрэлдэнэ. Бүр хэнтэй ч хамаагүй, ямар ч утгагүй шалтгаанаар алалцахад үргэлж бэлэн байдаг нь айдас төрүүлдэг.

Өөрт олдсон боломжоо бусдыг чадах, өс хонзонгоо авахад зориулдаг хүмүүс ч бий. Худлаа наанаа сайн хүний дүр эсгэж байгаад л нэгнийгээ гадуурхаж, хавчихад хумс хуруугаа зориулж явдаг. Хол амьдардаг гэж нэгнийгээ адална. Ойр амьдардаг гэж нэгнийхээ алхам бүрийг гоочилно. Ерөөс эвлэлдэн нэгддэг ганц зүйл нь зөвхөн өөрийнх нь эрх ашиг. Өөрт нь л нийцэж байвал тэрнийг зөв үзэл санаа гэж тунхаглана. Өөрийг нь долоож байвал сайн хүн.

Жирийн нэг гэгээлэг мэдээ хэлээд өнгөрч байхад л тэр доторх өгүүлэгчийн гар хуруу, хувцас хунар, нүдний хялман, эрүүний шаймийг нь яриад сууж байдаг сэжиг хүрэм улс байна. Хар ярианд сул үггүй хүн гэж үгүй. Өөрсдөө дэлгэцэнд гарвал чухам л төгс загвар өмсөгч, мэргэжлийн диктор, дэлхийн мисс мэт харагдчихаж чадах юм шиг л өгч буй мэдээлэл, өгүүлж буй зүйлсээс тэс өөр юмсыг нь сонжоод, бүртгээд, гоочлоод, шоолоод явчихна. Бараг л бүх нийтээрээ ийм шүү дээ.

Хүний оюун санаа, зүрх сэтгэл, хувь ертөнцийг хүндэтгэж мэддэггүй, ойлгож чаддаггүй хүн бол үнэндээ хүн төлөвт хүрч чадаагүй амьтан шиг л санагддаг даа.

Х.Болор-Эрдэнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()