1
“The Iron Giant” (1999)
Шилдэг киноны жагсаалтад Брэд Бөрдийн “The Iron Giant” бүтээл багтдаг нь маргаангүй боловч уг бүтээл "Warner Bros" компанид азгүйдлийг авчирсан юм. 70 сая доллароор бүтсэн мөртлөө дотооддоо 20 сая доллар олох юу нь сайхан байх билээ?
2
"The Assassination of Jesse James by the Coward Robert Ford” (2007)
Эндрью Доминикийн найруулсан эл бүтээл 30 сая доллароор боссон ч АНУ-ын зах зээлээс ердөө 4 сая долларыг л авчирчээ. Бусад орнуудад нээлтээ хийсэн ч мөн л базаахгүй амжилт үзүүлж 15 сая долларыг кино бүтээгчдэд авчирсан байдаг. 160 минут үргэлжилдэг уг кинонд алдарт Брэд Питт тоглосон ч бүтээлийг аварч чадаагүй юм.
3
“Blade Runner 2049” (2017)
Риддли Скоттын 1982 онд гарсан ижил нэртэй бүтээлтэй нэгэн адил Дэнис Виленүвийн 2017 онд нээлтээ хийсэн “Blade Runner 2049” (2017) кино ч мөн шархаа нөхөж чадаагүй. Warner Bros 150-185 сая доллар оруулан байж бүтээсэн бүтээлээ дэлхийн улс орнуудын кино театруудад гаргаж 260 сая ам долларыг олсон нь тун чамлахаар амжилтад тооцогдож байна. Гэсэн ч 90 дэх удаагийн Академийн Шагнал гардуулах ёслолоос Шилдэг зураг авалт, Шилдэг эффектийн шагналыг хүртсэн юм.
4
“Bottle Rocket” (1996)
Вес Андерсоны найруулсан хамгийн анхны кино болох тус бүтээлд "Columbia Pictures" компани 5 сая доллар хаясан ч дөнгөж 1 сая долларыг олсон байдаг. Үүнийхээ 560 мянган долларыг Америкийн кино театруудаас олжээ.
Гэвч Андерсон өөдрөг, алсын хараатай байж дараагийнхаа “Rushmore” уран бүтээлдээ 10 сая долларын хөрөнгө оруулж ашигтай ажиллаж чадсан байдаг.
5
“Children of Men” (2006)
Альфонсо Куароны “Children of Men” бүтээлийг 21-р зууны шилдэг кинонуудын нэгт зүй ёсоор оруулдаг бөгөөд Оскарын Шагнал гардуулах ёслолоос Шилдэг зохиол, Шилдэг зураг авалт, Шилдэг эвлүүлгийн шагналыг авч байсан. 76 сая долларын өртгөөр боссон ч дотооддоо 35 сая, харин дэлхий даяар 70 сая долларыг олжээ.
6
“Cloud Atlas” (2012)
Вачовскигийн эгч дүүсийн хувьд Box-office-т хойгуур жагсана гэдэг нь шинэ зүйл биш байсан юм. “Speed Racer”, ”Jupiter Ascending” кинонууд нь бүтэлгүйтсэн тэд 2012 онд Том Тиквертэй хамтран “Cloud Atlas” киног дэлгэцэнд гаргасан нь тэдэнд мөн л “шаталт” авчирсан. Том Хэнкс, Хэлли Берри нарын тоглосон энэ шинжлэх ухааны уран зөгнөлт кино нь 150 сая доллараар бүтсэн ч арайхийн 30 сая долларыг олж чаджээ.
7
“Dredd 3D” (2012)
"Lionsgate" эл бүтээлийг тулаант киноны төрөлд тэсрэлт хийсэн шинэ соргог кино болно гэж төлөвлөж байсан ч харамсалтай нь үзэгчид үүнийг авч хэлэлцээгүй юм. 50 сая доллароор боссон ч АНУ-ын зах зээлээс 13 сая долларыг олжээ.
8
“Fight Club” (1999)
Найруулагч Дэвид Финчер, жүжигчин Брэд Питтийн хамгийн гайхалтай бүтээлүүдийн нэгт тооцогддог энэ кино төлөвлөсний дагуу өндөр амжилт үзүүлээгүй. Финчер өөрийнхөө сэтгэл зүйн триллерийг сурталчлахдаа бодит харилцааг ашиглана гэж бодож байсан бол "20th Century Fox" компани кино ододтой томоохон студид зарахыг илүүд үзжээ. 65 сая доллароор бүтээд 37 сая долларыг олсон байдаг.