Хүнсний бүтээгдэхүүнд гем агуулсан болон гем агуулаагүй гэсэн хоёр төрлийн төмөр байдаг. Гем агуулсан төмөр бүхий хүнсний бүтээгдэхүүнд бүх төрлийн мах болон далайн гаралтай бүтээгдэхүүн багтдаг. Харин гем агуулаагүй нь ургамлын гаралтай тос агуулсан бүтээгдэхүүн болох шош, үр будаа болон хүнсний ногоо багтана. Ихэнх хоолоо сайн иддэг хүүхдүүд хүнсний бүтээгдэхүүнээс төмрийн хэрэгцээгээ хангаж чаддаг. Хэрвээ та хүүхдээ хангалттай хэмжээний төмөр авч чадаж байгаа эсэхэд эргэлзэж байвал мэргэжлийн эмчид хандаарай.
Хүүхдэд хэдий хэр хэмжээний төмөр хэрэгтэй вэ?
Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын мэдээлснээр 6-12 сартай хүүхэд өдөрт 11мг төмрийг хоол хүнснээсээ авах ёстой гэнэ. Харин 1-3 настай хүүхдийн хувьд энэ тоо 7мг болж буурч байна. Гемын бус төмөр нь гемийн төмрөөсөө илүү боловсрох нь илүү хялбар байдаг. Хүүхэд хэрэглэхэд тохиромжтой төмөр агуулсан бүтээгдэхүүнд шош, бүх төрлийн мах, үр тариа болон ногоон навчит ургамал багтана.
С амин дэмээр баялаг бүтээгдэхүүнийг гемийн бус төмөр агуулсан бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх үед төмөр амархан боловсордог аж. С амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүнд нимбэг, цэцэгт байцаа, гуава, киви, жүрж, улаан лооль болон төмс багтана.
Төмөр биед ямар нөлөөтэй вэ?
Төмөр нь уушигнаас хүчилтөрөгчийг бусад эд эсүүд рүү, нүүрстөрөгчийг бусад эд эсээс уушги руу зөөвөрлөх чухал үүргийг гүйцэтгэдэг гемоглобиныг ялгаруулахад тусална. Үүнээс гадна:
1. Миоглобин ялгаруулах
Миоглобин гэдэг нь ихэнхдээ хөндлөн булчинд агуулагддаг улаан өнгө бүхий уураг юм. Энэхүү уургийг бие организм хүчилтөрөгч зөөвөрлөх, булчингийн хүчилтөрөгчийг хадгалах зэрэгт ашигладаг байна. Үүнээс гадна төмөр булчингийн бодисын солилцоог дэмжиж, эрүүл холбогч эдийг хөгжүүлэхэд тусална.
2. Энергийн эх үүсвэр
Энерги ялгаруулдаг эд эсүүд хоолноос авсан шим тэжээлийг энерги болгож хувиргахын тулд төмрийг ашигладаг.
3. Мэдрэлийн хөгжил
Төмөр нь хүүхдийн мэдрэлийн хөгжилд хамгийн чухал эрдэс юм. Судалгаанаас харахад эх жирэмсэн байхад төмрийн дутагдалд орж байсан бол эсвэл хүүхэд нялхдаа төмрийн дутагдалд орж байсан бол энэ нь сэтгэн бодох чадвар, танин мэдэхүй, бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлдөг болох нь тогтоогджээ.
Үүнээс гадна төмөр нь ДНХ-ийн нийлэгжилт, биеийн дулаан зохицуулалт, дархлааны систем болон хэд хэдэн төрлийн дааврын ялгаралтанд эергээр нөлөөлдөг байна. Өдөрт авах төмрийн тунг хангалттай авч чадахгүй байсны улмаас “архаг цус багадалт” үүсэх магадлалтай.
Төмрийн дутагдлаас гаралтай цус багадалт гэж юу вэ?
Төмрийн дутагдал гэдэг нь ерөнхийдөө тухайн хүний бие организмд төмөр дутагдсаныг илэрхийлнэ. Хэрвээ төмрийн дутагдлыг тоохгүй үлдээвэл төмөр дутагдсанаас үүдэлтэй архаг цус багадалт үүсэх бөгөөд энэ нь гемоглобины түвшин хамгийн доод хэмжээндээ хүрэх явдал юм.
Гемоглобины дутагдлын үед хүний бие хангалттай хэмжээний улаан бөөм ялгаруулж чадахгүйд хүрч цус багадалт үүсдэг байна. Хэрвээ хүүхэд цэвэр үнээний сүү хэрэглэдэг хэрнээ төмөр агуулсан бүтээгдэхүүн бага хэрэглэдэг бол төмрийн дутагдлаас гаралтай цус багадалтанд өртөх магадлалтай. Кальцийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнийг гемийн бус төмрийн агууламжтай бүтээгдэхүүний хамт хэрэглэхэд төмөр бие организмд шингэх явцыг 50% бууруулдаг байна.
Ерөнхийдөө сүүн бүтээгдэхүүнийг хүүхдэд завсрын хоолны үеэр өгөх нь зүйтэй. Харин төмөр агуулсан бүтээгдэхүүнийг С амин дэмээр баялаг хоол хүнстэй цуг өгөх хэрэгтэй.
Хүүхэд төмрийн бэлдмэл нэмэлтээр хэрэглэх шаардлагатай юу?
Ихэнх хүүхдүүд төмрийн хэрэгцээгээ хоол хүнснээсээ авах боломжтой. Харин хэрвээ хүүхэд тань төмрийн дутагдалд орсон байвал эмч нэмэлтээр төмрийн бэлдмэл бичиж өгнө. Төмрийн илүүдэл болон төмрийн дутагдал аль аль нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай учир нэмэлтээр бэлдмэл хэрэглэх гэж байгаа тохиолдолд заавал эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.
1. Далайн гаралтай бүтээгдэхүүн
Далайн гаралтай бүтээгдэхүүний хувьд өргөн сонголттой байдаг бөгөөд уураг, эрдэс бодис, төмөр, йод болон селенаар баялаг. Хэрвээ хүүхэд тань далайн гаралтай бүтээгдэхүүнээс харшилдаггүй бол энэ төрлийн хүнсийг хоолондоо хэрэглээд үзээрэй.
2. Өөхгүй бүх төрлийн мах
Мах бол төмөр ихээр агуулсан томчууд болон хүүхдүүдэд хамгийн тохиромжтой хүнсний нэг юм. Хальсгүй тахианы мах, цацагт хяруул, хонины мах нь төмрөөр баялаг. Жишээлбэл 80 гр хонины мах 3мг төмөр агуулдаг бол 80 гр тахианы цээж мах 1,1 мг төмөр агуулдаг байна. Махаа жигнэж эсвэл чанаж хүүхдэдээ төрөл бүрийн хоол хийх боломжтой.
3. Өндөг
Өндөг нь уураг төдийгүй төмөр, фолийн хүчил, А амин дэм болон Д амин дэм агуулсан бүтээгдэхүүн юм. Нэг ширхэг чанасан өндөг 1,68 мг төмөр агуулдаг байна.
4. Ногоон навчит ургамал
Бууцай, байцаа, хүрэн манжин, брокколи нь төмрийн эх үүсвэр болохоос гадна эрүүл мэндэд тустай амин дэмээр баялаг. 2-3 настай хүүхэд өдөрт нэг аяга хүнсний ногоо хэрэглэх шаардлагатай. Хүнсний ногоондоо бага зэрэг нимбэгийн шүүс нэмж С амин дэмээр баяжуулах нь төмрийг биед шингэхэд туслах болно.
5. Хатаасан жимс
Үзэм, хасарваань, илжгэн чих, хар чавга зэрэг хатаасан жимс нь төмөр болон эслэгийг ихээр агуулсан байдаг. Тиймээс таны хүүхэд жигнэмэг эсвэл чипс хэрэглэхийн оронд хатаасан жимсийг идэж болно шүү дээ.
6. Жимс
Улирлын чанартай шинэхэн жимс болох тарвас, алим, тоор, анар, гүзээлзгэнэ, хар үхрийн нүд зэрэг нь төмрөөр баялаг бөгөөд хүүхэд тань өдөр тутам хэрэглэх боломжтой. Жимсээр төрөл бүрийн амттан хийж болох бөгөөд эслэг, амин дэм, эрдэс бодисоор бие организмыг хангана.
7. Үр
Хулууны үр нь хүүхдийн хувьд гайхалтай төмрийн эх үүсвэр болно. Хулууны үрийг нунтаглаж төрөл бүрийн хоол, коктейл, кашанд нэмэх боломжтой. 30 гр хулууны үр 2,3 мг төмөр агуулдаг.
8. Бүхэл үр
Шар будаа, гурвалжин будаа, амарант, киноа болон полба зэрэг бүхэл үр нь хүнсний эслэг ихээр агуулсан байдаг учир төмрөөр баялаг байдаг. Үүнээс гадна В амин дэм болон биологийн идэвхит бодис ч энэхүү бүтээгдэхүүнд бий.
9. Шош
Зөв хооллолтын мэргэжилтнүүд долоо хоногт нэг удаа хагас аяга шош идэж байхыг зөвлөжээ. Шошоор төрөл бүрийн шөл, салат, хучмал зэргийг хийх боломжтой бөгөөд хүүхдэд буурцаг, улаан шош, вандуй зэргийг өгөх боломжтой.
10. Самар
Бүйлс, кешью, нарсны самар, хушга, макадами зэрэг нь төмрөөр баялаг байдаг. Сүү, йогурт, смутинд түүхий, дэвтээсэн, нунтаг, шарсан самрыг нэмж хэрэглэх боломжтой. Өөрийн гараар хийсэн самрын тос, крем нь хүүхдэд самрын ашиг тусыг мэдрүүлэхэд нэлээд дөхөм болно.н