1. Шүдээ зуухгүй байх
Хэдийгээр энэ хачирхалтай сонсогдож байгаа ч шүдээ зуухгүй байх нь эрүүний булчинг суллахаас гадна хүзүү болон толгойны булчинг хүртэл сулладаг байна. Бухимдалтай байх үедээ шүдээ зуухгүй байж, амаа онгойлгоорой. Шүдний эмчид үзүүлж байгаа мэт амаа том онгойлгож, хэлээ гаргах нь цусны даралтыг бууруулдаг байна.
2. Агаар амьсгалах
Гадаа гарах, тагтан дээр гарах эсвэл цонхоо онгойлгоод агаар амьсгалж болно. Таны нүдний урд харагдах ямар нэг зүйл дээр анхаарлаа хандуулж гүнзгий амьсгал аваарай. Ингээд харж байгаа зүйлээ тодорхойлж хэлнэ. Жишээлбэл энэ бол модны мөчир. Бор өнгөтэй, нугарсан харагдаж байна гэх мэт. Ингээд дахин өөр зүйлийг тайвширтлаа харж, тодорхойлно гэсэн үг юм.
3. Аз жаргалын дааврыг нэмэгдүүлцгээе
Бусдын нүднээс далд газар сууж, гүнзгий амьсгал аваад өөрийгөө хаа нэгтээ, өөрийнхөө дуртай газар, дуртай хүмүүсийнхээ хүрээлэл дунд байна гэж төсөөл. Эсвэл өөрийнхөө мөрөөдлийг биелж байгаа мэтээр төсөөлж бодсон ч болно. Энэ арга замаар та аз жаргалын даавраа нэмэгдүүлж, сэтгэл санаа тань бага ч болов тайвширна.
4. Өөр зүйлд анхаарал хандуул
Эвлүүлдэг тоглоом тоглох, хатгамал оёх, зурах гэх мэт таныг стресст хүргэсэн зүйлээс тэс өөр зүйлийг хийгээрэй. Тархи анхаарал хандуулсан зүйл хийж байгаа хэдий ч илүү таатай зүйлд анхаарал нь сарниж байгаа учир бид тайвшрах болно.
5. Дасгал хий
Алхах, гүйх, дугуй унах гэх мэт бүх төрлийн дасгалыг хийгээрэй. Хэрвээ шууд гадаа гарах боломжгүй байгаа бол өрөөндөө дуу тавьж, биеийн хөдөлгөөн хийх боломжтой. Гүйх эсвэл алхах үед урд байгаа нэг цэгт анхаарлаа хандуулж, зөвхөн тэр зүйлд хүрэхийн төлөө тэмүүл. Ялангуяа дасгал хийж хөлсөө гаргах нь стресс тайлахад ихээхэн тустай. Энэ нь сөрөг бодлыг хөөж, анхаарал төвлөрөлтийг сайжруулж, тайвшруулах үйлчилгээтэй.
6. Ширээний тоглоом тоглох
Үүнд тархиныхаа ажилладаггүй хэсгийг ажиллуулах тоглоомыг сонгох нь зүйтэй. Энэ нь ой тогтоолтыг сайжруулж, анхаарал төвлөрөлтийг зөв тийш нь чиглүүлж өгдөг. Өөрөөр хэлбэл тархи дахин шинээр ачаалж байна гэсэн үг юм.
7. Шаардлагатай зүйлсийг бичиж ав
Тархиа амраахын тулд тогтоох зүйлийнхээ ачааллыг багасгах хэрэгтэй. Ихэнхдээ бид мартаж болохгүй зүйлийг тогтоож авдаг. Тэгвэл зарим нэг зүйлсийг тэмдэглэлийн дэвтэр, утас, хуанли зэрэгт хадгалж, тархиа чөлөөлөөрэй. Энэ тохиолдолд та шаардлагатай зүйлээ ч мартахгүй, тархиа ч амраах боломжтой.
8. Таатай зүйл хий
Таван мэдрэхүйнхээ аль нэгт анхаарал хандуулж, өөрт таатай зүйлийг хийгээрэй. Дуртай хөгжмөө сонсож, дуртай өнгөө төсөөл. Шүршүүрт орсныхоо дараа дуртай үнэртэнгээ биедээ түрх. Ерөнхийдөө өөрт таатай мэдрэмж төрүүлдэг зүйлсийг хийх нь тархийг амраахад тустай.
9. Өөрийнхөө бодлыг төлөвлө
Чимээгүй газар очиж, нүдээ аниад өөрийнхөө бодох зүйлийг төлөвлө. Гэхдээ энэ нь таныг стресст хүргэсэн бодол байх ёсгүй. Жишээлбэл хэрвээ таны сууж буй өрөө сэрүүн байвал өөртөө үүнийг хэлж, мэдрэх гээд үзээрэй. Дараа нь дахиад өөр зүйл бод. Бодол бүрийнхээ хооронд тав тоолоорой. Энэхүү дасгал нь сөрөг бодлоос ангижрахад тусална.