Сексийн дараах байдал нь гэгээрэлтэй тун төстэй байдгийг бумбын шашны лам нар олон зууны өмнө анзаарсан байдаг. Тиймээс тэд тэрхүү гэгээрлийн мөчийг ойр ойрхон мэдрэхийн тулд эхнэр авдаг болсон аж. Тэгвэл Их Британийн эрдэмтэд энэ нь хий хоосон үзэл биш харин бүрэн шинжлэх ухааны үндэстэй зүйл гэдгийг нотолсон байна.
Бэлгийн харьцаанд орсны дараа цусанд допамин, эндорфин, окситоцин гэсэн гурван даавар ялгардаг. Тэдгээр нь хүний сэтгэл санааг дээшлүүлж, сайн сайхан мэдрэмжийг төрүүлээд зогсохгүй сэтгэн бодох хурдыг нэмдэг байна. Үүнээс гадна дур тавьсны дараа стрессийн даавар болох кортизолын түвшин мэдэгдэхүйц буурдаг. Чухам энэ үед хүн хамгийн чөлөөтэй бөгөөд хурдтай сэтгэж чаддаг учраас чухал шийдвэр гаргахад тохиромжтой аж.
Энэ үед хүн өөртөө итгэлтэй болдог тул элдэв дэмий бодолд дарагддаггүй гэнэ. Тиймээс хүн аливаа асуудлыг цэвэр хөндлөнгийн байр сууринаас харж маш оновчтой шийдвэр гаргадаг байна. Судалгааг удирдсан эрдэмтэн Жэмин Брамбхатт энэхүү үзэгдлийн талаар ингэж ярьжээ.
“MRI төхөөрөмж ашиглан бид хүний бэлгийн хавьталд орохоос өмнө болон дараах үеийн зургийг авсан. Бэлгийн харьцааны дараа хүний тархин дахь лимбийн систем (сэтгэл хөдлөлийн төв) идэвхжиж байгааг бид олж мэдсэн. Таны тархины энэ хэсэгт айдас, түгшүүр гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлийг хариуцдаг хэсгүүд байдаг. Чухамдаа дур тавьсны дараа тархины энэ хэсгийн ажиллагаа бараг зогсдог" гэв.
Гэхдээ энэхүү арга нь хүн бүрд тохирохгүй гэдгийг онцлов. Сексийн дараа зүгээр л унтахыг хүсдэг хүмүүс бий. "Бэлгийн харьцааны дараах дисфори" гэж нэрлэгддэг эмгэгтэй эдгээр хүмүүс эсрэгээрээ хамаг чадлаа бардаг тул шууд амрахыг илүүд үздэг аж. 2010 оны судалгаагаар нийт эрчүүдийн 33 хүртэлх хувь нь ийм эмгэгтэй болох нь тогтоогджээ.