1
"Нүүрээ хамгаалах" зөн совин
Хүний хамгийн эмзэг хүлээж авдаг биеийн хэсгүүдийн нэг бол нүүр. Чухамдаа ихэнх хүмүүс нүүрэн дээрээсээ аливаа өө сэв олмогц түүнийг засаж янзлах эсвэл далдлах арга хэмжээ авдаг нь нууц биш. Үүний дагуу батга хармагц бидний далд ухамсарт царай төрхийг нь муухай харагдуулж буй зүйлийг дор нь "арилгах" мэдрэмж шууд төрдөг байна.
2
Дерматилломаниа
Сонирхолтой нь зарим тохиолдолд нэгэн сэтгэцийн эмгэг хүмүүсийн нүүрэн дээрх батгаа шахах хүслийг нэмэгдүүлдэг байна. "Дерматилломаниа" хэмээх эмгэгтэй хүмүүс өөрсдийн арьсаа цэвэр байлгах тал дээр хэт анхаарч эхэлдэг гэнэ. Тэд цаг минут бүр нүүрээ оролдож илүү үс, сахал, үхэжсэн арьс, батга зэргийг арилгахыг хичээдэг. Энэхүү эмгэг их, бага хэмжээгээр нийт хүн амын 35 хувьд илэрдэг гэжээ.
3
Трипофоби
"Трипофоби" буюу жижиг нүхнээс айх айдас нь хэдхэн жилийн өмнө өөрийн гэсэн нэр томьёотой болсон. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд үүнийг албан ёсоор эмгэг гэж нэрлэдэггүй гэнэ. Ямартай ч ийм айдастай хүмүүс олон жижиг нүх нэг дор байгааг харах юм бол шууд дотор нь муухайрч эхэлдэг.
Евгени Тимонова хэмээх сэтгэл зүйч энэхүү айдас нь батгатай холбоотой хэмээн тайлбарласан байна. Хэт олон батгатай төстэй нүх харсан зарим хүмүүсийн далд ухамсарт өөрийн эрхгүй аюулын дохио өгч эхэлдэг бөгөөд үүнээс болоод тэдний дотор муухайрдаг байна.
4
Тайвшрах
Батга шахах нь зарим хүмүүст тайвшрал авч ирдэг гэнэ. Батга шахах үед хүний биед биологийн өдөөлт үүсдэг аж. Байх ёсгүй зүйлийг арилгаж байна гэсэн мэдээлэл тархинд очих үед биед бага хэмжээний допамин ялгардаг учир үүнээс тодорхой хэмжээний сэтгэл ханамж авдаг. Үүнээс улбаалан цахим орчинд батга шахаж буй бичлэг асар их хандалт авах болсон бөгөөд бүр хүнийг тайвшруулах зориулалттай шахдаг тоглоом хүртэл гарч иржээ.
5
Гоо сайханчдын зөвлөгөө
Хүмүүс батгыг хурдан арилгахын тулд шахаж, оролдож эхэлдэг. Ялангуяа гадуур явж байхдаа, гараа угаагаагүй бас пудр түрхсэн байхдаа оролдох нь элбэг. Энэ нь бактерийг улам тархахад нөлөөлж, үрэвслийг дордуулна. Мөн гараар шахсан батганаас том сорви тогтдог ба эдгэрэлт нь удаан байдаг.
Бидний гаран дээр нүдэнд үл үзэгдэх хэдэн зуун мянган бактери бий. Батга гарсан нүүрээ гараараа арчиж, үрж, оролдох нь нүхийг улам бохирдуулдаг. Тиймээс нүүрээ зориулалтын бүтээгдэхүүн шингээсэн хөвөнгөөр цэвэрлэж, цэвэр алчуураар арчих ёстойг мэргэжлийн гоо сайханчид зөвлөдөг байна. Дэр болон нүүр гарын алчуур, ор хөнжлийн даавуугаа тогтмол угааж байх нь шанаа болон биен дээрх батганы үрэвслийг намжаахад тусална.