Түүний эцэг Жон Уэйн Гейси хүүгээ хоёр настай байхад хүчингийн хэрэгт холбогдон 10 жил хоригдох ял авч байжээ. Гэсэн ч 18 сарын хорих ял эдлээд суллагдах үед түүний эхнэр хүү, охин хоёрын хамт гэрээсээ зугтсан байв. Улмаар түүний үйлдэх хэрэг ихэссээр 1978 онд ахин баривчлагдах үедээ 33 хүний аллагын хэрэгт буруутгагдаж, АНУ-ын иргэдийг айдаст автуулж байсан аж. Байшингийнхаа доор амийг нь хороосон хүүхэд, залуусыг булшилж, нуудаг байсан түүнээс ээжийнхээ хамтаар амжиж зугтаасан юм. Майкл Гейсигийн амьдрал олон нийтийн хараанд орсон бөгөөд хожим Нетфликс компанийн "The John Wayne Gacy Tapes" нэртэй бүтээлд түүний алуурчин эцэгтэйгээ өнгөрүүлсэн амьдралыг өгүүлсэн байдаг. Эцгийнх нь үйлдсэн аймшигт хэрэг ил болсны дараа аавынхаа тухай ам нээгээгүй бөгөөд нэрээ солиулах тухай бодсон гэдэг.
Жон Уэйн Гейситэй өнгөрүүлсэн бага нас
Майкл Гейси 1966 онд Айова мужийн Уатерло хотод Мерилин Майрс болон Жон Уэйн Гейси нарын хүү болон мэндэлжээ. Тухайн цаг үеэс Жоны гэргий Мерилин Майрс нөхрөө буруу зүйлтэй зууралдаж байна хэмээн сэжиглэх болсон гэдэг.
Түүх сөхвөл Жон Уэйн Гейси гэргийтэйгээ Иллинойс мужийн Спрингфилд дэх "Dunn-Bus Shoe Company" дэлгүүрт ажиллаж байх үедээ танилцсан бөгөөд танилцаад зургаан сарын дараа сүй тавьсан аж. Төрөлхийн зүрхний өвчтэй, илүүдэл жинтэй байсан тэрээр өсвөр насандаа өөрийгөө ижил хүйстэн хэмээн бодож явдаг байжээ. Ийнхүү тэрбээр төрөлх Чикаго хотоо орхиж, Лас Вегас хот руу нүүж моргийн туслах хийж эхэлжээ. Тэнд ажиллах үедээ тэрбээр цогцостой ойр байж дассан төдийгүй хүүхдийн цогцосны дэргэд, авсан дотор ч унтаж байсан удаатай. 22 насандаа Спрингфилд рүү нүүж дэлгүүрт ажиллаж байх үедээ ирээдүйн эхнэр Майрстай учирчээ.
Танилцаад удалгүй сүй тавьсан хос хоёр шинэ амьдрал эхлүүлэхээр шийдэж Уатерло хот руу нүүсэн бөгөөд хадам эцгийнхээ "Kentucky Fried Chicken" сүлжээний гурван салбарт менежер хийж эхэлжээ. Уатерло хотод тэдний гэр бүл Майкл болон Кристин нэртэй хоёр хүүхдээ өлгийдөн авч, эхний таван жил амар тайван, аз жаргал дүүрэн амьдралыг өнгөрүүлсэн аж.
Эцгээ орхин ээжтэйгээ зугтсан нь
Ийнхүү сайн эцэг, халамжтай нөхөр болж өөрийн гэсэн гэр бүлийг зохиосон нь ижил хүйстэн хэмээн гэрээсээ явсан хүүгээ өршөөхөд түүний эцэгт хангалттай байв. Харин Жон Гейси Уатерло хот дахь залуу үеийнхэнд өөрсдийн туршлагыг хуваалцах зорилготой АНУ-ын Жуниор холбооны гишүүн болж, залуустай нийлж согтууруулах ундаа хэрэглэж, хар тамхи татан цагийг зугаацаж өнгөрүүлэх болсон байв.
Улмаар 1967 оны 8-р сард АНУ-ын Жуниор холбооны гишүүн 15 настай хүүг хүчирхийлж, тус явдлын талаар ам нээж болохгүй хэмээн сүрдүүлсэн нь 1968 оны 5-р сарын 10-ны өдөр ил болж мөн оны 11-р сарын 7-ны өдөр 10 жилийн хорих ял сонсжээ. Ийнхүү нөхөр нь ял эдлэх болсон даруйд түүний эхнэр Мерилин салах өргөдлөө гаргаж, 1969 оны 9-р сарын 18-ны өдөр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ асран хамгаалах эрхээ өөр дээрээ авав.
Хожим Жон Уэйн Гейси “Гэр бүлийн амьдрал минь анх сайхан байсан. Халуун дулаан уур амьсгал, халамжтай эхнэрийн хамт аз жаргал дүүрэн он жилүүд байлаа. Эхнэртэй, хоёр ч хүүхэдтэй, эрхэлсэн ажилтай, давгүй амьдралтай байсан. Яагаад өөрийгөө ийм хэрэгт хутгаж орхисон гэдгээ ч би мэдэхгүй” хэмээн өгүүлж байжээ.
1970 онд Жон Гейси тэнсэн харгалзах ял авч хорих ангиас суллагдсан боловч гэр бүлтэйгээ ахин уулзах боломж олдоогүй аж. Хэдийгээр тэр гэр бүлээсээ ийнхүү холдсон ч түүний хүү Майкл Гейсиг аавынх нь талаар цуу яриа салахгүй дагаж, цаг ямагт олны нүдэнд өртөн явах болжээ.
1971 онд Жон Гейси Чикаго хотын Баруун Саммардейлд суурьшиж, багын найз Карол Хоффтой гэр бүл зохиосон юм. Хэдийгээр тэнсэн харгалзах ялтай байсан ч тэрээр 1972 оны 6-р сард 16 настай Тимоти МакКой хүүг хүчирхийлж, хутгалан хөнөөгөөд байшингийнхаа сууринд хийж булшилжээ.
Алиалагч алуурчны хэргүүд ил болсон нь
Бяцхан хүүхдүүдийг алиалагч хийн хөгжөөдөг байсан Жоны үнэн дүр төрх төд удалгүй ил болов. Карол Хофф гэрээсээ нүцгэн эрийн гэрэл зургуудыг олж, нөхрөөсөө асуухад тэрбээр эхнэртээ өөрийгөө ижил хүйстнээ мөн сонирхдог хэмээн хариулсан бөгөөд удалгүй 1976 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэрлэлтээ ахин цуцлуулжээ. Ийнхүү ганц бие амьдрах болсон Жон 1978 оныг хүртэл олон арван залуу эрчүүд, хөвгүүдийг хүчирхийлж, тамлан зовоож, амийг нь хөнөөсөн байдаг.
1978 оны 12-р сарын 11-ний өдөр тэрээр ахлах сургуулийн сурагч Роберт Пирстийг гэртээ зуны амралтаар ажиллуулах гэрээ хийнэ хэмээн хуурч авч ирээд хүчирхийлжээ. Ийнхүү зуны амралтаар ажиллах "PDM Contractors" нэртэй компанитай гэрээ байгуулахаар явсан хүү нь эргэж ирээгүй тул Робертын ээж цагдаад ханджээ.
Ийнхүү цагдаа нар тус компанийн захирал Жон Гейсиг сэжигтнээр татаж, гэрийг нь нэгжиж түүний өнгөрсөн жилүүдэд үйлдсэн бүх хэргүүдийг ил болгосон түүхтэй. Гэрийнх нь сууриас 29 хүний цогцос олдсоны дараа Жон Гейси өөрийгөө алуурчин гэдгийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээсэн бөгөөд 14 жилийг шоронд өнгөрүүлж, 1994 оны 5-р сарын 10-ны өдөр цаазаар авахуулжээ.
Жон Уэйн Гейсигийн хүүхдүүд өдгөө хаана амьдарч байгаа вэ?
2010 онд Жоны эгч Карин хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Гейси гэдэг нэр Жонтой хамт үгүй болсон. Би түүний хүү, охин хоёрт бэлэг илгээдэг ч эргээд л надад задлаагүй хэвээр ирдэг. Би заримдаа тэднийг хэрхэн амьдарч байгаа талаар боддог ч ээж нь тэдний амьдралыг нууц байлгахыг хүссэн бол яах ч аргагүй. Түүнд тийм эрх бий” хэмээн ярьж байжээ.
Жоны хоёр дахь гэргий Карол Хофф ч мөн олон нийтэд нөхрийнхөө талаар ам нээж байгаагүй бол түүний анхны эхнэр Мерилин Майрс ахин гэр бүл зохиосон ажээ. Хэдийгээр түүний хувьд хүн төрөлхтний түүхэнд гарсан хамгийн харгис алуурчдын нэгний хүү гэх үнэнээс зугтаж чадахгүй боловч түүний амьдралыг сонирхсон олны нүднээс далд амьдрах нь Майкл Гейсигийн хувьд хамгийн зөв шийдвэр гэдэг нь эргэлзээгүй биз ээ.