Түүхэн дэх хамгийн аймшигт баавгайн дайралт

Хоккайда арлын баруун эргээс 30 орчим километрийн зайд орших Санкебэцү Рокүсэн Сава хэмээх газар хүйтэн өвөл болж байлаа. 1915 онд дэлхийн дайн өрнөж, Япон Герман улсууд дайтаж байсан бол Санкебэцү Рокүсэн Савагийн оршин суугчдад өөр дайсан гарч ирсэн нь Уссури бор баавгай байв. Хугацаанаасаа өмнө ичээнээсээ гарч, өлссөн баавгай замд тааралдсан олон хүний амийг авч одсон юм.

Түүхэн дэх хамгийн аймшигт баавгайн дайралт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Арваннэгдүгээр сарын нэгэн өглөө Икэдагийн гэрийн үүдэнд бор баавгай гарч ирснээр эл аймшигт явдлын эхлэл тавигджээ. Анх баавгайтай таарахад аймшигтай байсан ч баавгай үүдэнд байсан эрдэнэшишийг авч явсан тул аюулгүй мэт санагдаж. Хэдийгээр баавгай ичээнээсээ гарахад хэт эрт байсан ч тус тосгон дөнгөж бий болсон байсан тул зэрлэг амьтадтай таарах нь хэвийн үзэгдэл байжээ.

Харамсалтай нь 11-р сарын 20-нд баавгай дахин гарч ирсэнд Икэда гэр бүлийн өрхийн тэргүүн бага зэрэг эмээж зэргэлдээ тосгоноос хүүгээ, хэдэн найзын хамт дуудав. 11-р сарын 30-нд баавгайг буудсан ч шархдуулаад орхив. Тэд баавгайн цусны мөрөөр дагаж Онишика уул хүртэл явсан ч  баавгайг барьж чадсангүй. Буун дуунаас айгаад дахиж буцаж ирэхгүй байх гэж найдан тэд эрлээ зогсоожээ.

Гэвч тэдний буруу байсан юм. 12-р сарын 9-ний өглөө өнөөх баавгай дахин гарч иржээ. Энэ удаад Отагийн гэрт ирсэн ба гэрт гэрийн эзэгтэй Абэ Маюу нярай Хасуми Микиог (өөрийнх нь хүүхэд биш) харж байв. Баавгай гэрт дайрч орж ирээд эхлээд нярай хүүхэд рүү дайран аминд нь хүрсэн аж. Хэдхэн хормын дараа Маюуг гэрээс нь авч явсан ба дараа нь эрлийн багийнхан түүний цогцсын хэсгийг модон доор цасанд булсан байсныг олсон гэдэг. Эрлийн багийнхан нэлээдгүй хайсны эцэст ой модонд 150 метр орчим яваад баавгайг олжээ. Таван хүн буудсан боловч ганц нь л онож шархдуулснаар баавгай дахин зугтаж чаджээ.

Тосгоныхон өлсгөлөн баавгайг дахиж ирэн хүмүүсийг ангуучлана хэмээн айж байсан тул нэлээн хэд нь Отагийн гэрт зэвсэгтэй ирж харуулд гарсан бол Миюүкигийн гэрт мөн нэмэлт 50 хүн харуулд гаржээ. Тэр шөнөдөө баавгай Отагийн гэрт дахин ирэхэд нэг харуул нь гал нээсэн боловч оноогүй юм. Хөрш айлаас нэмэлт хүч ирэх үед баавгай аль хэдийн зугтсан байж. Үүний үр дүнд юу болохыг хэн ч таамаглаж мэдэхгүй байлаа.

50 хүнээр мануулж байсан Миюүкигийн гэрт түүний эхнэр Яаёо болон бусад эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хамт байжээ. Хөршийн гэрт чимээ гарсныг сонсоод харуулд гарч байсан залуус бүгд тийшээ явснаар эмэгтэйчүүд, хүүхдүүд ямар ч хамгаалалтгүй үлдэж. Нөгөө гэрээс зугтаж явсан баавгай яаж ийгээд харуулуудад мэдэгдэхгүй өнгөрч Миюүкигийн гэрт ирэв. Гэртээ хүүхдүүдэд хоол аягалж байсан Яаёо гадаа чимээ сонсоод шалгахаар гарсан ч нэгэнт оройтсон байлаа. Баавгай гэрт орж ирснийг мэдээд Яаёо зугтах гэж оролдсон боловч харанхуйд нэг хүүхдэдээ тээгэлдэн шалан дээр унахад баавгай түүн рүү дайрч, нуруундаа үүрсэн байсан хүүхдийг нь хазжээ.

Энэ халдлага болох үеэр гадаа ердөө ганцхан харуул байсан юм. Тэр гэр дотор чимээ гарахыг сонсоод гэр рүү ухасхийн ороход араатан Яаёог орхиж түүн рүү дайрсан. Өөрийгөө хэчнээн хамгаалахаар оролдсон ч баавгай нурууг нь хугалаад зогсохгүй Яаёогийн гурав дахь хүүг мөн хөнөөжээ. Энэ аймшигт шөнө тэднээс гадна хоёр хүүхэд, нэг жирэмсэн эмэгтэй бурхны орон руу явсан.

Яаёо арайхийн зугтаж, нөгөө гэрээс ирж явсан харуулуудад мэдээ дуулгаж амжив. Буцаад халдлага болсон гэрт ирэхэд гэрээс чимээ гарсан хэвээр байсан нь баавгайг дотор байгааг илтгэж байв. Харуулууд байшинг шууд шатаая гэхэд Яаёо хэн нэгэн гэрт амьд үлдсэн байж магад гэж үзэн санааг нь дэмжсэнгүй.

Харуулууд хоёр хуваагдаж байшингийн урд, хойно зогсож баавгайг амдаж байсан ч баавгай урд хаалгаар гарч ирэхэд харуулууд гал нээхэд хэн нэгэн оногдож магад гэж айн, юу ч хийлгүй байснаас баавгай дахин зугтаж амжив. Ингээд хоёр өдрийн дотор зургаан хүний аминд хүрсэн баавгай дахин нэг удаа зугтаалаа. Харин гэр дотор аймшигт дүр зураг хүлээж байв. Хоёр л хүүхэд тус халдлагаас амьд үлджээ.

Халдлага болсон үеэр эзгүй байсан Миюүки эмгэнэлт явдлын талаар сонсмогцоо мэргэжлийн баавгай агнагч Яамамото Хэйкичитэй холбоо барив. Болсон явдлын талаар сонссон Хэйкичи тэр баавгайг өмнө нь гурван эмэгтэйн аминд хүрсэн Кэсагаке нэрт баавгай мөн юм шиг байна. Гэхдээ өөрийн буугаа шил архиар сольсон. Энэ чиглэлээр ажиллахаа больсон тухайгаа хэлээд Миюүкигийн хүсэлтэд татгалзжээ.

Яамамото Хэйкичи болон бусдын удаа дараагийн хүсэлтийн дагуу орон нутгийн удирдлагууд тухайн бүс нутгийг түйвээж буй баавгайг буулгаж авахаар мэргэн буучдын баг байгуулав. 12-р сарын 13-ны өдөр Кэгасаке баавгай дахин нэг удаа Отагийн гэрт ирж хамаг хоол хүнсийг нь хоослоод дахиад найман айлаар орсны дараа ой мод руугаа эргэн оров.

Эрлийн баг одоо Хэйкичиг оруулаад 60-уулаа болсон байв. Тэр шөнөдөө тэд Кэгасакег олж гал нээсэн боловч дахиад л дутуудлаа. Яамамото хэдхэн хүнтэй баг байгуулан шархадсан баавгайг цусны мөрөөр нь хөөв. Үүнээс гадна баавгайн ерөнхий дадал, байдлыг сайн мэдэх тэрээр мөшгисөөр яваад Япон царс модны доор хэвтэж байхад нь олжээ. Яамамото багаас ганцхан эрийг авч, тэд баавгай руу дөхсөөр 20 метрийн зайтай очоод гал нээв. Энэ удаад Яамамото эхлээд зүрхэнд нь, дараа нь толгойд нь сум зоосноор баавгай сая нэг үхжээ. Кэгасакег хэмжиж үзэхэд ойролцоогоор 2.7 метр өндөр, 340 кг жинтэй аварга амьтан байв. Энэхүү эмгэнэлт явдлын дараа олон тооны оршин суугчид баавгайн халдлагаас айн нүүснээр Рокүсэн Сава орхигдсон тосгон болж хувирчээ.

Тэгвэл баавгайн ингэж олон хүн хөнөөх шалтгаан юу байв? Олон хүмүүс үүнийг баавгайг өлссөнөөсөө болж ичээнээсээ эрт сэрсэн нь улам түрэмгий болгосон гэж үздэг. Бас нэгэн асуудал нь тухайн нутагт ой модыг их хэмжээгээр огтолж тайрсан тул хүмүүс, зэрлэг амьтадтай хэт ойр оршиж байсан гэж үздэг. Ой модыг ихээр сүйрүүлснээр баавгайн хоол хүнс хомсдож, хүний амьдарч буй орчин руу дайрч хоол хүнс хайхаас өөр аргагүйд хүргэсэн. Баавгай байгаль дээр ер нь хүн рүү шууд дайрдаггүй. Хүмүүс хоол хүнснийх нь замд саад болох эсвэл бамбаруушт нь аюул учирлаа гэж үзсэн тохиолдолд л хүн рүү дайрдаг байна.

Өнөөдөр Рокүсэн Сава тосгонд Санкебэцү бор баавгайн эмгэнэлт явдлыг өгүүлэх дурсгалын газар байдаг. Энд тухайн үед байсан байшингуудыг тэр чигээр нь сэргээн засварлаж, түүхийг нь тайлбарлаж бичин, тухайн үед амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлдэг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()