Эрдэмтэд өнөөг хүртэл араб бичгийг хэн бүтээсэн болохыг тогтоож чадаагүй хэвээр байна. Энэхүү цагаан толгойн үүсэл нь олон зууны туршид явагдсан бөгөөд олон янзын эх сурвалжтай холбогддог. Эртний арамей, финик хэлээс салаалж гарч ирсэн Набатей бичиг нь араб хэлний эх байх боломжтой.
Мөн араб хэлтэй нийтлэг шинж чанартай хамгийн анхны бичиг нь Прото-Синайт бичиг юм. Энэхүү цагаан толгой 30 үсэгтэй бөгөөд МЭӨ 1500 онд Синайн хойгт үүссэн байна. Цаашлаад Синайт нь МЭӨ 1500-1050 оны хооронд Финик, Канаан цагаан толгойг үүсэхэд нөлөөлсөн гэдэг.
Финик бичиг
Финик цагаан толгойн үндсэн дээр арамей, еврей, грек, набатей хэл бий болжээ. Хамгийн сүүлд нь орчин үеийн араб хэл үүссэн. Набатайн цагаан толгой 22 үсэгтэй бөгөөд МЭӨ 2-р зуунаас МЭ 4-р зуун хүртэл хэрэглэгдэж байжээ. Дараа нь энэ хэл аажмаар устаж үгүй болсон юм.
Синайн хойгоос Набатейн бичээс
Грек хэлийг эс тооцвол эдгээр бүх эртний хэлнүүд нэг ижил чанартай байв. Дээрх хэлнүүд бүгд баруунаас зүүн тийш бичигддэг ажээ. Мэдээж эрт үед цаас байгаагүй учраас чулуун дээр алх, цүүц ашиглан үсгийг сийлдэг байв. Энэхүү үйл явц нь маш их чимээ шуугиантай, хөдөлмөр их шаарддаг ажил байв. Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар бичих чиглэлийг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэсэн зүйл нь алх байсан гэлцдэг.
Эртнээс нааш дэлхийн хүн амын 90-ээс доошгүй хувь нь баруун гараараа бичиж ирсэн. Баруун гартаа алх бариад баруунаас зүүн тийш чулуун дээр үсэг сийлбэрлэх нь илүү тохиромжтой шүү дээ. Хожим цаас гэх мэт технологийн дэвшилтэт хэрэгсэл гарч ирсэн ч нэгэнт тогтсон уламжлалыг эвдэх хэцүүг үгүйсгэх аргагүй юм.