Дэлхий дахиныг цочроож, өнөөг хүртэл олны анхаарлын төвд байсаар буй гэмт хэргүүд

2022-05-29, 14:30
9,610

Дэлхий даяар өдөр бүр олон төрлийн гэмт хэргүүд үйлдэгдэж байдаг. Гэвч хүний нийгмийг бүхэлд нь айдаст автуулж, олон арван жилийн хойно ч олны сонирхлыг өөрийн эрхгүй татсаар буй хэргүүд төдийлөн олон биш билээ. Гэхдээ аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлж, ахин тийм үйл явдал гаргахгүй байх үүднээс тухайн хэрэг чухам ямар шалтгаанаар, хэрхэн болж өнгөрсөн тухай мэдээллийг үнэн бодитоор хүргэж байх нь зүйтэй юм.

Дэлхий дахиныг цочроож, өнөөг хүртэл олны анхаарлын төвд байсаар буй гэмт хэргүүд

1 Линдбергийн хүүг хулгайлсан нь

Америкын нисэхийн салбарын баатар хэмээн нэрлэгддэг Чарлес Линдбергийн хүү 1932 онд шөнө дунд гэрээсээ хулгайлагдсан юм. Хүүгээ олохоор бүх аргыг хэрэглэсэн ч Линдбергийн гэр бүл ахин амьд олж хараагүй юм. 1 ой 8 сартай сартай хүүгийнх нь цогцос хулгайлагдсан өдрөөс хойш 2 сарын дараа Нью Жерси дэх гэрээс нь холгүй олдсон гэдэг. Уг үйл явдлаас даруй хоёр жилийн дараа герман гаралтай мужаан Бруно Ричард Хауптманыг хүүг хулгайлж, хороосон хэрэгт буруутган баривчлагдсан бөгөөд 1996 оны 4-р сарын 3-ны өдөр цаазаар авчээ.

Хэд хэдэн эх сурвалжид өгүүлснээр тухайн цаг үед Дэлхийн хоёрдугаар дайныг өдөөж, дэлхийн нийтийн зэвүүцлийг төрүүлж байсан Герман оронд төрсөн, герман цустай хүн байсан нь эзэнгүй орхигдсон уг хэрэгт хилсээр буруутгагдах гол шалтгаан болсон гэжээ. Түүний бэлэвсэн гэргий Анна Хауптман насан эцэслэх хүртлээ эр нөхрийнхөө нэрийг цэвэрлэхээр хөөцөлдсөн боловч амжилтыг эс олсон юм.

Ийнхүү Чарлес Линдберг Жуниор хүүгийн хэргийн эзнийг хэрэв буруу тогтоосон бол АНУ-ын дээд шүүх гэм зэмгүй нэгэнд цаазын ял оноосон болох билээ.

Линдбергийн хүүг хулгайлсан нь

2 Жон Кеннедигийн аллага

АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жон Ф.Кеннедиг хэн хороосон бэ гэх асуултад өдгөө дийлэнх хүмүүс Лий Харви Освалд хэмээн хариулах биз ээ. Үнэхээр ч түүнийг 1963 оны 11-р сарын 22-ны өдөр Даллас хотын Техас сургуулийн номын сангийн 6-р давхарын цонхноос Ерөнхийлөгчийг буудан хороосон хэмээн үзээд хэрэг болсноос хойш хэдхэн цагийн дараа баривчилсан түүхтэй. Гэвч 11-р сарын 24-ний өдөр цагдаа нарын хяналт доор хорих газар луу хүргэхээр явж байхад нь түүнийг Жек Раби хэмээх нэгэн буудан хөнөөсөн гэдэг.

Ийнхүү Ерөнхийлөгчийн аллага америкын нийгмийг цочролд оруулж, иргэн нэг бүр өөрийн аюулгүй байдлаа эргэн харахад хүргэжээ. Түүнчлэн түүний үхэл АНУ-ын гадаад харилцаанд ч нөлөө үзүүлж, тухайн цаг үед өрнөж байсан Вьетнамын дайнд хандах улс төрийн үйл ажиллагааг өөрчилсөн түүхтэй. Тэр цагаас хойш ах дүү Кеннедигийн амьдралын түүх домог мэт яригдсаар өнөөг хүрчээ.

Жон Кеннедигийн аллага

3 Менсоний гэр бүлийн аллага

1969 оны 8-р сарын 8-10 хооронд Чарлес Менсон гэр бүлийнхээ таван гишүүнийг Лос Анжелес хотын Бенедикт Канион болон Лос Фелиз дэх хоёр эдлэн газар луу явуулж, замдаа таарсан хүн бүрийг хороох даалгавар өгчээ. Тэрбээр уг үйлдлээ "Helter Skelter" буюу алдарт Битлз хамтлагийн удахгүй болох дайн, тулааны тухай нэгэн дууны нэрээр нэрлэж байсан гэдэг.

Эхний шөнө 8 сар хагастай бие давхар байсан Шейрон Тейт болон бусад 4 хүний амийг Бенедикт Канион дахь гэрт нь хороосон бол удаах шөнө нь Лос Фелиз дахь нэгэн эдлэнд Розмари болон Лено ЛаБианка нарын амь насыг бүрэлгэн Лос Анжелес, Холливуд дахь алдартнуудыг айдас хүйдэст автуулж байжээ. Оддыг айдаст автуулсан Менсон өөрөө тэднээс дутахгүй олны танил болж, сэтгүүлүүдийн нүүр зурагт “Хамгийн аюултай этгээд” нэртэйгээр хэвлэгдэн гарч байв. Хэдий тэрбээр нас барсан ч өнөөг хүртэл ойр тойрны хүмүүстээ хүний амь бүрэлгэх тушаалыг хэрхэн өгсөн тухай домог мэт таамаглалууд хөвөрсөн хэвээр буй. Ийнхүү түүний үгэнд орж, хүний амь бүрэлгэсэн этгээдүүд дунд цэл залуухан гурван бүсгүй байсан гэхэд ч итгэхэд бэрх ажээ.

Менсоний гэр бүлийн аллага

4 Патти Хеарстыг хулгайлсан нь

Хэвлэлийн магнат Уиллиам Рендольф Хеарстын 19 настай ач охин Патти Беркели дахь гэрээсээ 1974 оны 2-р сарын 4-ний өдөр барьцаалагджээ. Гэмт хэрэгтнүүд өөрсдийгөө зүүн төвийн үзэл баримтлалтай Симбионийн чөлөөлөх арми хэмээн нэрийдэж байсан агаад Паттиг барьцаалан Уиллиам Хеарстэд шахалт үзүүлэх зорилготой байсан гэдэг.

Улмаар мөн оны 4-р сарын 15-ны өдөр тэд Сан Франциско хот дахь Хиберниа банкны салбаруудыг дээрэмдэж эхэлсэн бөгөөд тэдний дунд хоёр сарын өмнө хулгайлагдсан Патти охин галт зэвсэг барин дээрмийн хэрэгт гар бие оролцож байсан нь батлагдсан юм. Тус дээрмээс хэдэн долоо хоногийн дараа Патти өөрийгөө Таниа гэдэг нэртэй болсон хэмээн ярьж буй бичлэг тарсан юм.

Тэгвэл өнөөг хүртэл нууц хэвээр үлдсэн зүйл нь 19 настай охиныг чухам юу тэгтлээ өөрчлөгдөхөд хүргэсэн талаарх асуудал юм. Зарим хүмүүс түүнийг хүчээр банк дээрэмдэхэд тусалсан хэмээн таамагладаг бол зарим нь түүнийг Стокгольмын хам шинжтэй ч гэж үзэж байв. Тус хам шинж нь өөрийг нь барьцаалсан хэн нэгэнд дасаж, тэднийг өөрийн тал мэт хүлээн авах үзэгдлийг хэлдэг ажээ.

Патти Хеарстыг хулгайлсан нь

Ийнхүү 1976 онд Патти Хеарст банк дээрэмдсэн, хоёр хүнийг буудсан хэргээр 35 жилийн ял сонссон юм. Тэрбээр ялын эхний жилүүдээ батлан даалтад өнгөрүүлж байсан бол хожим Жимми Картер АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод түүнийг ялыг тэнсэн харгалзах ялаар сольж байжээ. Түүнчлэн хожим 2001 онд Билл Клинтон Ерөнхийлөгчийн албанаас буухын өмнө түүнийг гэмт буруугүй хэмээн мэдэгдэн цагаатгажээ.

1981 онд тэрбээр “Every Secret Thing” номоороо гэмт хэрэгтнүүдийн шахалтад орж банк дээрэмдэхэд нь тусалсан хэмээн бичсэн юм. Гэвч түүний эл бүтээлийг "New Yorker" хэвлэлийн нийтлэлч, CNN сувгийн хуулийн аналист Жеффри Тообин "Үнэн гэхэд тун эргэлзээтэй" хэмээн тодорхойлж байжээ.

5 Жон Ленноны аллага

Марк Девид Чапмен 1980 оны 12-р сарын 8-ны үдэш зураг авалтад ороод гэртээ ирж байсан Жон Ленноныг эхнэр Йоко Оногийнх нь дэргэд орцны үүдэнд араас нь таван удаа буудаж амийг нь хөнөөсөн билээ. Үүгээр ч үл барам тэрбээр хэргийн газраас оргон зайлалгүй цагдаа нарыг ирэхэд Жером Сэлинжерийн "Хөх тариан талбайн ирмэгт" романыг уншиж байсан гэдэг.

Алдар нэр нь өнөөг хүртэл хуучраагүй түүнийг 40 насандаа амиа алдаагүй бол гэх асуулт олон сая сонсогчдынх нь дунд байдаг. Амьдралынхаа сүүлчийн он жилүүдийг эх дэлхийн энх тайвныг бататгахаар нийгэмд дуу хоолойгоо өргөн байсан түүний үйл хэргийг гэргий Йоко Оно нь үргэлжлүүлсэн бөгөөд галт зэвсэг хэрэглэх, түүнийг бүртгэлжүүлэх талаар ажиллахын зэрэгцээ Чапмены ялыг хорих ангид үргэлжлүүлэн эдлүүлэх талаар бүхий л арга хэмжээг авч байгаа юм.

Жон Ленноны аллага

6 Адам Уэлшийн аллага

1981 онд АНУ-ын Флорида мужийн Сирс хотод 6 настай хүү хулгайлагдаж, 16 хоногийн дараа гэрээсээ 120 милийн зайд толгой нь олджээ. Гэвч тэр явдлаас хойш өнөөг хүртэл хүүгийн биеийн бусад хэсэг олдоогүй юм.

1988 онд хүүгийнх нь хэрэгтэн олдоогүй байсан тэр цаг үед Жон Уэлш “Америкын цуут хэрэгтнүүд” нэртэй шоуны хөтлөгч болсон юм. Зочид буудлын бизнес эрхлэгч байсан Жон Уэлш хүүгийнхээ аллагын дараа гэмт хэрэг судлал, хохирогчийн өмгөөлөл, хэрэгтнийг эрэн сурвалжлах чиглэлээр мэргэшиж, “Америкын цуут хэрэгтнүүд” нэртэй шоугаараа 1200 гаруй хэргийн зангилааг тайлсан гэдэг.

Хожим 2008 онд Холливудын цагдаагийн хэлтэс 1996 онд хорих ангид амиа алдсан цуврал алуурчин Отис Түүлийг Адам хүүгийн алуурчин хэмээн нэхэн мэдэгджээ.

Адам Уэлшийн аллага

7 О.Ж.Симпсоны аллагын шүүх хурал

1994 оны 6-р сарын 17-ны өдөр америк хөл бөмбөгийн тамирчин, жүжигчин О.Ж.Симпсон Лос Анжелес, Оранж Каунтигийн үй түмэн тахиралдсан замаар автомашинаар цагдаа нараас зугтаж буйг олон телевизүүд шууд дамжуулан үзүүлж байв. NBC телевиз NBA-ын шигшээ тоглолтын дундуур жижиг дэлгэцээр үзэгчдэд тухайн үйл явдлыг харуулж байсан гэдэг. Тэр өдрөөс хойш хэдэн жилийн дараа түүнийг гэм буруугүй гэдэг нь тогтоогдох хүртэл уг үйл явдал олон нийтийн анхаарлын төвөөс гараагүй билээ.

2016 онд Эмми Авардсын шагналт "The People v. O.J. Simpson: American Crime Story" болон 8 цагийн турш үргэлжлэх "O.J.: Made in America" баримтат бүтээлүүд олны хүртээл болж, тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн буруу зүг рүү эргэсэн тухай үнэн ил болсон ч өнөөг хүртэл тус хэргийн тухай олон баримтууд нууцлаг хэвээр байна.

О.Ж.Симпсоны аллагын шүүх хурал

8 ЖонБенет Рамсигийн аллага

1997 оны 12-р сарын 26-ны өдөр Патси Рамси үүрийн 5:30 цагт сэртэл дэргэд нь зургаан настай охиныг нь хулгайлсан тухай бичиг байсан гэдэг. Уг үйл явдлаас найман цагийн дараа Жон Рамси охин ЖонБенет Рамсигийнхаа цогцсыг гэрийнхээ вино агуулах зориулалттай суурийн давхраас олжээ. Тухайн үед хийсэн үзлэгээр охины хүзүүнд цус хурж, гавлын яс нь цохиулж цуурсан нь тогтоогджээ.

Хэрэг болсны дараах өдрүүдэд хэвлэл мэдээллийнхэн охины сурч байсан сургууль, аавынх нь ажил, гэр бүлээрээ очдог сүм зэрэг бүх л газраар сурвалжилга бэлтгэж байв. Ийнхүү үдшийн хөтөлбөрөөр бяцхан миссийн тэмцээнд орж буй нь харагддаг байсан бяцхан охин гэмт хэргийн золиос болон улс даяар танигджээ. Тэр явдлаас хойш даруй 20 гаруй жил өнгөрсөн ч ЖонБенет охины хэргийн эзэн олдоогүй хэвээр буй юм. Түүний ээж Патси 2006 онд нас барсан бол сэжигтэн болж байсан эцэг Жон болон түүний ах Бурк нар ДНХ-ын шинжилгээгээр хэрэгт хамааралгүй нь тогтоогдсон юм.

ЖонБенет Рамсигийн аллага

9 Колумбин ахлах сургуулийн аллага

1999 оны 4-р сарын 20-ны өдөр болсон Колумбин ахлах сургууль дээрх аллагын хэрэг сургуулийн орчинд гал нээсэн анхны гэмт хэрэг биш боловч 24 цагаар телевизийн хөтөлбөр цацагдаж эхэлснээс хойш гарсан анхны хэрэг болон түүхэнд үлдсэн юм. Ийм ч учраас тус хэргийн талаар хүмүүс цаг алдалгүй мэдээлэл авч байсан гэдэг.

Тус хэргийг үйлдсэн гэх Эрик Харрис болон Дилан Клиболд нар бусдаас ялгарах зүйлгүй энгийн сурагчид байжээ. Тухайн цаг үед эрчийг авч байсан хүчирхийлэл агуулсан видео тоглоомууд, Trench Coat Mafia гэх сурагчдын нэгдэл зэргээс үүдэн ийм хэрэг үйлдсэн хэмээн тухайн үед үзэж байсан ч дээр дурдсан этгээд, тоглоом үйлдвэрлэгч байгууллагууд ямар ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн юм. Эрик Харрисын хувьд сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн байсан бол Дилан Клиболд нь сэтгэлийн дарамтад орсон сурагч байсан гэдэг. Хожим 2009 онд зохиолч Дейв Куллин Колумбин нэртэй бүтээлээрээ тухайн цаг үед хууль, хяналтын байгууллагын авч үзээгүй өнцгүүдийг хөндөн тавьсан нь олны анхаарлыг ихэд татаж, шүүмж дагуулсан билээ.

Колумбин ахлах сургуулийн аллага

10 Хуульд өөрчлөлт оруулахад хүргэсэн гэмт хэргүүд

1964 онд Китти Геновес хэмээх нэгэн бүсгүй 38 гэрчийн нүдэн дээр хүчиндүүлж, хутгалуулан амиа алджээ. Гэсэн ч тэдгээр гэрчүүдийн хэн нь ч цагдаад дуудлага өгч хэргийг мэдэгдээгүй гэдэг. Учир нь тухайн цаг үед цагдаагийн ажилтантай холбогдохын тулд хэд хэдэн оператораар дамжиж байж холбогддог байсан нь хэргийг яаралтай мэдүүлэхэд хүндрэл учруулдаг байв. Ийнхүү 1967 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөл иргэд цагдаагийн байгууллагад шууд мэдээлэл өгөх боломжтой утас нээх шийдвэр гаргаж байсан түүхтэй.

“America's Most Wanted” шоугаараа Жон Уэлш АНУ-д Код Адам Програм буюу орчин цагийн Амбер дохио хэмээн нэрлэгддэг хүн алга болсон, гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байгаа тохиолдолд мэдээлэл олох зорилгоор хүнсний дэлгүүр, олон нийтийн газруудад сануулга тэмдэглэгээ хийх санааг дэвшүүлж байжээ.

Хуульд өөрчлөлт оруулахад хүргэсэн гэмт хэргүүд

1989 онд жүжигчин Ребекка Шаеффер гэрийнхээ үүдэнд буудуулан амиа алдсан харамсалтай үйл явдал болж байв. Түүний аллагын хэрэг хүнийг мөрдөж, мөшгих явдлыг хуульчлах эхлэлийг тавьсан бөгөөд 1990 онд Калифорни муж анхлан хуульчилж байжээ. Түүний алуурчин Роберт Жон Бардо уг хэргийн сэдлийг 1982 онд болсон Тереза Салданагийн хэргээс авсан гэдэг. Жүжигчин Тереза Салданаг Артур Ричард Жексон нууцаар мөрдөж, гэрийн хаягыг нь тээврийн хэрэгслийн бүртгэлээс авч гэрийнх нь үүдэнд хутгалсан гэдэг. Тэрбээр дайралтаас амьд үлдсэнийхээ дараа “Хохирогчдын төлөө” группийг үүсгэн байгуулж, хүнийг мөрдөх, хувь хүний нууцлалын асуудлыг хуульчлах тухай уриалж, ажиллаж байсан түүхтэй. Хожим 2002 онд жүжигчин Ребекка Шаеффертэй болздог байсан найруулагч Бред Силберлинг Жек Гиллнхаал болон Сюзан Сарандон жүжигчдийн гол дүрийг нь бүтээсэн "Moonlight Mile" киногоо дээрх хэргүүдээс сэдэвлэн бүтээж байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()