Шинэ нисэх онгоцны буудлын ой гутам үйлчилгээ

2022-05-16, 12:30
11,360
Шинэ нисэх онгоцны буудлын ой гутам үйлчилгээ

Улс орнууд эхнээсээ хилээ нээж, айл амьтан алба, амины ажлаар гадаад руу аялж эхэлж байна. Энэ хэрээр гадаадын олон мянган жуулчин Монголыг маань зорихоор бэлтгэлээ базааж буй биз ээ. Карантинаас хойш хилийн дээс алхаагүй, шинэ онгоцны буудлаар үйлчлүүлж үзээгүй байсан би сэтгэл хангалуун, өндөр хүлээлттэй байсан ч шинэ онгоцны буудал, хил, гаалийн үйлчилгээний талаар хэлэхгүй бичихгүй байж үнэхээр болсонгүй. Хоёр жил гарангийн өмнө онгоцноос буулгаад хир болсон автобусанд суулгаж сөнөсөн амралтад карантинд оруулснаас хойш өөрчлөгдсөн юм юу ч алга. Яагаад бид алдаанаасаа суралцаж, ахиж дэвшин хөгжихийг хүсдэггүй юм бэ?

Гадагшаа нисэхээр шинэ онгоцны буудлыг зорих үед танд хамгийн эхлээд унаа уншны асуудал тулгарна. Жолоочтой, найз нөхөд, гэр бүлийн хүмүүс нь хүргээд өгдөг хүмүүст энэ асуудал биш. Гэвч шөнө дунд, үүрээр нисэх ёстой унаатай хүн, танил байхгүй хүмүүс такси барихаас өөр аргагүй. Захын таксины жолоочоос асуувал ёстой амандаа орсон тоогоо хэлнэ дээ.

За шинэ онгоцны буудлын зохион байгуулалт, зай талбай хүлээлтэд хүрээгүй. Нөгөө хүнтэй харилцахгүй пасспорт, хурууны хээгээ уншуулаад, камерт царайгаа харуулаад шууд хил гардаг цахим гарц одоо хүртэл хийгдээгүй байна. Энэ онгоцны буудал нээгдээд бараг нэг жил гаруй болж байгаа атлаа яагаад ийм чухал зүйлсээ одоог хүртэл суурилуулаагүй буй нь гайхалтай. Харин ч хүн амьтны урсгал багатай энэ үед чухам зав зайтай баймаар юм. КОВИД, цар тахал гэж байгаа энэ үед чухам л хүнтэй харьцахгүйгээр цахим гарцаар зорчигчид гардаг байх нь эрүүл ахуй, аюулгүй байдлын үүднээс хамгийн чухал ач холбогдолтой баймаар юм!!!

Нэмээд транзит лаунжууд одоо хүртэл нээгдээгүй. Priority pass болон бусад үйлчилгээг авах боломжтой зорчигчид хил гарсан л юм ямар ч ийм үйлчилгээний танхимаар үйлчлүүлэх боломжгүй. VIP лаунжид нь check in хийхээс өмнө орж болох хэдий ч энэ талаарх мэдээлэл ил юу ч байхгүй. Тавилгагүй, тохижуулж амжаагүй хоосон байшин шиг л байна лээ дээ. Явахдаа энэ мэтийг нь анзаараад толгой сэгсрээд өнгөрсөн хэдий ч буцаад Монголдоо буугаад жинхэнэ шоконд оров.

Хамгийн эхний зүйл хил, гаалийн байцаагчдын хандлага, ааш авир, үйлчилгээний чанар. Ногоон нойл. Нэг хүн дээр бараг хэдэн минут зарцуулж байж тамга дарж хилээр оруулж байна аа. Гаднын иргэдтэй харьцах гэж элгийн юм болж байна лээ. Англиар ярьдаг хүн миний хоёр талын гарц дээр лав байгаагүй. Дохио зангаагаар хуруугаа уншуул, малгайгаа ав энэ тэр гээд байх юм. Ёстой ичмээр. Ядаж гол хэрэглэдэг 10 өгүүлбэрээ англиар тангад ном шиг цээжилж болдоггүй юм уу? Үнэхээр 1 сая жуулчин энэ тэр авах гээд байгаа бол хил дээрээсээ эхлээд байцаагч болгон WELCOME TO MONGOLIA гэж хэлэх ёстой шүү дээ. Монголчууддаа ч гэсэн ЭХ ОРОНДОО ТАВТАЙ МОРИЛ гээд ганцхан өгүүлбэр хэлчхэд тухайн хүнд ямар гоё санагдана гээч. Яагаад ийм үгэн дээрээ хэл ам нь татаж, ингэж харьцах ёстой гэдэг ойлголт огт байдаггүй юм бол? Даргын бөгс биш татвар төлөгчдийн хөдөлмөрийг долоож сурмаар байна аа төрийн албаныхааан... Олон мундаг, сайн хүмүүс төрийн албанд байгааг мэдэж байна. Яагаад бусдадаа нөлөөлж, энэ балиар соёл, хандлагыг өөрчилж чаддаггүй, худлаа өөрсдөө дангаараа цэмцэгнээд бэртэгчин царайлаад яваад байдаг юм бэ? Ийм реформ хийхэд хувийн хэвшил, олон нийт, медиагаас ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ? Заавал бичээрэй!

Урд, хажуугийн хоёр залуу төрийн албаныхан бас ногоон билүү цэнхэр пасспорттой бололтой. Дахиж гадагшаа явах юм уу, пасспортыг чинь хураах ёстой гээд л байцаагч хажуу залууд хэлж байна. Мэдэхгүй ээ, яв гэвэл тэгээд явна ш дээ гэсэн манай байцаагч пасспортуудыг нь хурааж авах ёстой журам гарсан ш дээ гээд хажуугийн байцаагчдаа хэлж байна. Тэгсэн нөгөөх нь өө өчигдрөөс хойш хураахгүй оруулаад байгаа ш дээ, одоо өнгөрсөн ухааны юм яриад нөгөө залууд лав пасспортыг нь өгөөд оруулах шиг болсон. Энэ бол жинхэнэ Double Standard! Ингэж хууль сахиулж, журам мөрдүүлэхгүй ээ, ингэж ажил хийхгүй ээ залуус аа. Өөрсдөөсөө ичих хэрэгтэй шдээ. Ямар журам хэзээ гарсан, яаж мөрдүүлэх талаар ямар ч ойлголтгүй ажлаа хийнэ гэж юу байсан юм бэ?

Гол асуудал ачаагаа авах дээр эхлэв. Хүмүүсийн ачаа гарч ирж байсан ч нэлээд ачаа гарч ирсэнгүй. Гаднын иргэд нүд нь бүлтэгнээд бүх ачаа ингээд гараад дуусаж байгаа юм уу, миний ачаа гарч ирсэнгүй гээд сандраад яваад байхад тэрэнд нь тайлбар хэлэх нэг ч хүн байсангүй. Миний ачаа гарч ирээгүй учраас гайхаад асуухад “Зүгээр л хүлээж бай” гэдэг хариулж авав. Яагаад хүлээх ёстой юм, учрыг нь хэлээч гэхэд шалгах ёстой ачаануудыг аваад үлдсэн, одоо удахгүй гаргана гэв. ОК гээд байж байтал нөгөө ачаанууд конвэйрээр гараад эхэллээ. Тууз татаад тэр гарч ирж байгаа ачаа руу хүн оруулахгүй гээд үзсэн ч олон чемодан, хайрцаг гарч ирэх үед тэдгээрийгээ авч тавьж амжихгүй шууд утсаар яриад конвэйроо зогсоох юм. Үнэн зэрлэг. За тэгээд улсууд эхнээсээ ачаа саваа шалгуулах ёстой бол шалгуулъя аа гэхэд хаана, хэн шалгах нь ойлгомжгүй нэлээд хэсэг болов. Эцэст нь нэг буланд цуглуулж ачаа задлах болов.

Хайрцагтай ачаатай хүмүүс очоод ачаагаа шалгуулах гэтэл ачаа задлах хайч, хутга юу ч байхгүй. Тэнд бараг 10 гаруй байцаагч нар байсан ч ямар ч бэлтгэлгүй, ямар ажил хийж байгаагаа ч ойлгохгүй шахуу зүгээр, бүр зүв зүгээр зогсоод байсан нь гайхалтай. Арай гэж нэг юм цаасны хутга шиг олсон уу яасан хайрцгуудаа задлаад үзэж эхлэв. Гэтэл хүний задалсан ачааг эргэж боох уяа, скоч бас юу ч байхгүй. Ачаагаа задлуулсан гаднын иргэд буцаагаад энийгээ яаж баглах вэ гэсэн зүгээр зайл л даа гэж харцаараа хариулж байна лээ. Хамгийн том гамшиг нь нөгөө хамаг ачаагаа ухуулж төнхүүлж, задлуулж шалгуулсан олон иргэнийг яг хаалгаар гарахад нь бүх ачаагаа заавал рентген машин дээр зөөж тавьж гаргана гэж янаглах юм. Олон ачаатай, нялх хүүхэдтэй, олон цаг ниссэн, цагийн зөрүүд ороод ядарч байгаа, олуулаа биш ганцаараа явж байгаа эмэгтэйчүүд тэгэхэд бол чарласан даа яах аргагүй. Тийм л байсан юм бол яах гэж тэдний ачааг задалж шалгасан юм. Шалгаад орж болно оо, асуудал алга гээд хэлсэн байхад яагаад таван алхмын цаанаа байгаа хүмүүс нь зорчигчдыг ингэж доромжилж, зовоож байгааг огт ойлгоогүй. Хүмүүс бухимдаад уурлаад эхэлмэгц шалгасан хүмүүсээ шалгасан гээд наашаа хэл л дээ гэж нэг юм хоорондоо харилцаж эхэлж байсан. Бас арай л байгаа юм даа. Бүр голдоо ортол гомдмоор...

Ингэж ажил хийхгүй ээ залуус аа. Бухимдаад шаардлага тавиад, ажлаа хий л дээ та нар, зүгээр зогсоод байна ш дээ хүмүүс бухимдаад байхад гэхэд “Зодчихоорой та намайг” гээд хээв нэг хэлээд хүмүүстэй хэрүүл хийгээд зогсож буй гаалийн байцаагч үнэн сэжгийн харагдсан даа. Тэгснээ баc та нарыг Солонгос болон бусад улсад үүнээс илүү зовоож, хамаг ачааг чинь төнхдөг л биз дээ гэж хариулаад ачаа ухаад зогсож байсан тэр залуу тэр улсын иргэдээс өшөөгөө авч буй яргачин мэт санагдсан даа. Тэнд ажиллаж байсан байцаагч нарын энгэрийн тэмдэг, нэр ус юу ч байхгүй. Байсан бол 1111 рүү ярьж гомдол гаргах санаатай байв. Нэрийг нь хэд асууж байж хэлсэн ч уурандаа тэрийг нь сонсоод тэрүүхэн тэндээ мартаж орхижээ.

Гаднын улсад бол хориотой, торгуультай ачаа бараатай эсэх талаар мэдүүлэг бөглүүлээд, түүнийг үнэн зөв бөглөсөн иргэд нь шууд гараад, шалгуулах ёстой нь шалгуулаад, худал мэдүүлэг бөглөсөн цөөн хүмүүс нь үсэрч унатлаа торгуулаад, өндөр хариуцлага хүлээгээд дуусдаг. Яагаад ийм системд бид шилжиж болдоггүй юм бол?

Нэг зорчигч нохойтойгоо ирсэн байв. Гэтэл нохойны пасспортыг нь авсан атлаа би аваагүй гэж гүрийгээд. Нөгөө гаднын зорчигч яг чи авсан ш дээ гээд. Удалгүй нөгөө байцаагч шүүгээгээ ухаж шалгахаар явав. Очоод жижиг түлхүүрээ хийгээд шүүгээгээ онгойлгож чаддаггүй ээ. Түлхүүр нь гацаад, ямбий шүүгээтэйгээ бас хэдэн минут хөлсөө гартал ноцолдох шиг болсон. Тэндээсээ нөгөө аваагүй гээд гүрийгээд байсан бичгээ гаргаж өгөв. Гаднын иргэдийг бол хэл усгүйг нь далимдуулаад зүгээр тамладаг юм байна. Арай л арчаагүй юм даа. Арай гэж нохойныхоо бичгийг авсан гадаад иргэн кофе уухаар нисэх дотор явж байхад нохой энд байх ёсгүй гэж хөөгөөд ёооооё.

Учраа олохгүй хэдэн гаднын жуулчид арай гэж нисэхээс гараад унаа, такси асуугаад байдаггүй ээ. Албан ёсны таксины захиалга өгөх цэг байдаг гэхээр нь лавлаж өгөх санаатай очтол удахгүй хотоос машин ирж байгаа, хагас цаг болно л гэнэ. Онгоц буухыг мэдсээр байж яагаад урьдчилж бэлдэж болдоггүй юм бол? Хамгийн инээдтэй нь тэр албан ёсны таксины цэг дээр сууж байсан ресепшн, цаана нь сууж байсан нисэх буудлын үйлчилгээний ажилтан залуус миний приус байгаа шүү, үнээ тохироод одоо шууд яваад өгье гээд үндсэн ажлаа таслаад шууд таксинд явахад бэлэн гэдгээ хэлж байх юм. Гаднын ямар ч улсад нисэх буудал дээр албан бус унаа, жолооч нар байдаг л даа. Гэхдээ нисэх буудлын үйлчилгээний ажилчид албан цэг дээр нь ингэж эрээ цээргүй загнаж байсантай би таарч байгаагүй. Үнэхээр өлөн...

Шинэ онгоцны буудлын үйлчилгээ, манай гаалийнхны байгаа байдал, хандлага, харилцаа бол "Яах гэж Монголд ирсэн юм, хохь чинь одоо" гээд бүр эртний өс санаад хэн нэгнээс хариугаа авч буй мэт л байна даа. Юун сая жуулчин авах энэ тэр вэ? Үнэхээр арчаагүй. Яах ёстой юм бол оо? Нөгөө япон менежмент энэ тэр гэсэн хаана байна? Аргаа бараад тэнд явж байсан үйлчилгээний ажилтан бүсгүйд нөхцөл байдлыг хэлж, засах ёстойг нь ойлгуулах гэж хичээсэн. Юу ч дуугарахгүй байж байгаад хэлсэн ганц юм нь "Гаалийн асуудал бидэнд хамаагүй шд" гэдэг өгүүлбэр байсан.

Хил, гааль дээр ганц нэгхэн шинэ, эерэг, зөв залуусыг оруулаад нэмэргүй биз дээ. Үйлчилгээний ажилчдыг нь тэр чигт нь сольж байж л өөрчлөлт гарах юм байна гэж харлаа. Нисэх, гаалийн тэр арчаагүй ажилчид CU Mongolia, GS25mn дэлгүүрт ажилладаг залуусаас ичих хэрэгтэй, бас тэднээс суралцах ёстой байна аа. Ингэж ажил хийсэн царай гаргаж, худлаа цалин авахаасаа залуу хүмүүс ичээд үхчих хэрэгтэй шдээ.

Уг нь хэдхэн хоногийн дараагаас олон зуун жуулчид гаднаас авч ирэх яриа хэлэлцээр дээр оролцож, сэтгэл өндөр, итгэл үнэмшил, сайхан тэмүүлэлтэй ирсэн би Монголдоо буугаад үнэхээр гутарлаа. Одоо гаднынханд эсрэгээрээ "Заа ирваа минь дэлхийн олон сайхан улсууд байхад очиж очиж Монголд ирж тэнэгтэв ээ" л гэж хэлмээр байна.

"Заа сүртэй шд, энэ чинь Монгол, битгий шалчигнаад бай" гэж өөрсдийгөө байнга доошоо хийж, муу муухай хандлага, буруу үйлтэйгээ эвлэрээд дассан, үүнийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй, засахыг хүсэхгүй бол ямар ч гоё зорилго тавиад нэмэргүй. “Алтан шаахай өмсөвч алцан майг нь арилахгүй” гэдэг үг юутай үнэн бэ? Хэчнээн гоё байшин савтай болсон ч дотоод орчин, үйлчилгээний стандарт, хурд, чанар доошлоод байхаар чинь яаж урагшаа алхах билээ...

Хэдүүлээ хамтдаа энд тэндээс нь ярьж бичиж, шахаж шаардаж байгаад нисэх онгоцны буудлынхаа бүх үйлчилгээг сайхан болгож, одоо болж бүтэхгүй байгаа бүх зүйлийг шат болгонд нь засаж сайжруулъя тэгэх үү? Эс бөгөөс нэг их удахгүй энэ газар Төрийн ордны араас ард иргэдийн хараалыг хамгийн их барсан новшийн газар болоод мөнхрөх гэж байна.

Энэ постыг энэ асуудлыг шийдэх, мэддэг, чаддаг бүх хүнд нь хүртэл түгээж өгөөрэй! Эс бөгөөс Засгийн газар, Аялал жуулчлалын яам, Соёлын яам, Гадаад харилцааны яамны зүгээс гадаадад хийж байгаа чухал ажлуудын бүх алуур яг энэ онгоцны буудал дээр бодитоор хийгдэж байна даа. Үүнийгээ засаж янзалж, хариуцлага тооцож чадахгүй байвал тууз очиж хайчлахаас өөр шидгүй хэдэн гарууд тэгээд тэр чигээрээ дуус дуус наахуу!

Ганзориг Ванчиг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()