Далайн тухай тайлагдаагүй хэвээр буй 7 нууц

Манай гарагийн нийт гадаргын 70 гаруй хувийг ус эзэлдэг боловч түүний гүнд чухам юу буй талаар хүн төрөлхтний судалгаа хангалтгүй хэвээр өнөөг хүрчээ. Үүгээр ч зогсохгүй хүн төрөлхтөн эх дэлхийнхээ далайн ёроолоос илүүтэйгээр алс холын Ангараг гарагийн гадаргууг илүүтэйгээр анхааран судалсан гэхэд ч хилсдэхгүй. Ийнхүү далайн гүнд хүний урьд хожид харж байгаагүй олон төрөл зүйлийн амьтан байх магадлалтай ч бид усан доорх ертөнцөөс илүү тэнгэр өөд ширтсээр буй билээ. АНУ-ын Колумбын их сургуулийн судлаач, эрдэмтэн Вики Феррини нэгэнтээ “Хүмүүс гадаад сансарт илүү анхаарал хандуулдаг боловч миний хувьд далай түүнээс дутахгүй сонирхолтой сэдэв. Амьдарч байгаа гарагаа сонирхон судлахгүй байгаа нь хачирхалтай хэрэг” хэмээсэн нь ч бий.

Далайн тухай тайлагдаагүй хэвээр буй 7 нууц

1 Далайд хаясан хуванцар хог хаягдлууд чухам хаачдаг вэ?

Жил бүр олон тонн хуванцар хог хаягдлыг хүмүүс далайд хаядаг. Гэвч эрдэмтэд өнөөг хүртэл тэр их хаягдал чухам хаана очиж алга болоод буйн учрыг тайлаагүй хэвээр байна. Энэ тухай далай судлаач Эрик ван Себиль “Далайд хаяж буй нийт хуванцар хаягдлын 99 хувь нь ор мөргүй алга болдог. Одон орончдын хувьд харанхуй матер, харанхуй энерги гэх мэт ойлголтууд байдаг бол бидэнд хаана хуримтлагдаж буй нь тодорхойгүй хар пластик гэх ойлголт бий гэхэд болно” хэмээн өгүүлжээ.

Далайд хаясан хуванцар хог хаягдлууд чухам хаачдаг вэ?

2 Халимнууд эрэг дээр гарч үхэх болсон нь ямар шалтгаантай вэ?

Далайн гүн рүү явах тусам амьтдын үйл хөдлөл улам бүр тааварлахын аргагүй болсоор байдаг нь нууц биш. Үүний нэгэн адил жил бүр халим тэргүүтэй олон мянган төрөл зүйлийн далайн амьтад эрэг орчмын газарт ил гаран амь тавих болсон шалтгаан ч тодорхойгүй хэвээр буй.

Түүнчлэн үүний буруутан нь хүн хэмээн үзэх боломжгүй ажээ. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр далайн экосистемд өөрчлөлт орж байгаа боловч тухайн төрөл зүйлийн амьтдад ийнхүү нөлөөлж байна хэмээн дүгнэхэд учир дутагдалтай. Иймд эдгээр амьтдад туслахын тулд чухам ямар шалтгаанаар эл үйлдлийг ихээр гаргах болсныг зайлшгүй олж мэдэх хэрэгтэй байгаа аж.

Халимнууд эрэг дээр гарч үхэх болсон нь ямар шалтгаантай вэ?

3 Хүмүүс наймаалжтай ойртоход аюулгүй юу?

2020 онд "My Octopus Teacher" нэртэй баримтат бүтээл үзэгчдийн хүртээл болсноор хүн болон наймаалж тэргүүтэй далайн амьтад хооронд нөхөрсөг холбоо бий болох үнэхээр боломжтой эсэх талаар маргаан дэгдэх болсон. Энэ сэдвийн хүрээнд шинжлэх ухааны зөгнөлт зохиолч Феррис Жабр “Одоогийн байдлаар далайн гүний амьтад бол хүн төрөлхтний хувьд харь ертөнц гэсэн үг” хэмээн тодотгоод уг асуултын хариултыг олохын тулд далайн гүний амьдралыг илүү өргөн цар хүрээнд судлах шаардлагатайг онцолжээ.

Хүмүүс наймаалжтай ойртоход аюулгүй юу?

4 “Бүрэнхий бүс” далайн амьдралын баян бүрд мөн үү?

Далайн гүн рүү ойртох тусам нарны гэрэл багассаар далайн түвшнээс доош 200 орчим метрт мезопелаг хэмээн нэрлэгддэг “бүрэнхий бүс” эхэлдэг. Энд харанхуй ноёлох агаад үзэгдэх орчин тун хязгаарлагдмал юм.

"Woods Hole Oceanographic" институцийн мэргэжилтэн Андон Лаверигийн хувьд "Энэ бүсийн амьд организмуудын тухай хүн төрөлхтөнд мэдэхээс илүү мэдэхгүй нь олон бөгөөд судлахад дэндүү том, хэтэрхий гүн, орчин нь харанхуй гэх мэт бэрхшээл олон" хэмээн тодотгож байжээ. Түүнчлэн далайн зөвхөн энэ хэсэгт бусад хэсгүүдээс харьцангуй олон тооны амьтад аж төрдөг гэх таамаглал ч байдаг.

“Бүрэнхий бүс” далайн амьдралын баян бүрд мөн үү?

5 Далайн маш олон амьтад биеэсээ гэрэл ялгаруулдаг нь ямар шалтгаантай вэ?

Далайн гүнд ямар ч гэрэл байхгүй гэдэг нь өрөөсгөл ойлголт. Хэдийгээр нарны гэрэл нэвтэрч чадахгүй боловч гүний амьтад өөрөөсөө гэрэл ялгаруулах явдал олон тохиолдоно. Далайн био организм судлаач Эди Уиддер далайн гүний харанхуй орчинд амьтад өөрөөсөө гэрэл цацруулдаг тухай дүрслэхдээ “Далайн гүний амьтад яг л эргэн тойронд түүдэг гал асаасан мэт гэрэлтэж харагддаг. Нэгэнт тэр гүнд очсон бол алсаас тэдгээр галыг ажиглаж буй хүн гэж өөрийгөө төсөөлөхийн ч хэрэггүй. Учир нь тэд таны хөдөлгөөнийг дагаж гэрэлтэж харагддаг” хэмээжээ. Тэрбээр дэлхий дээрх хамгийн сонирхолтой үзэгдлүүдийн нэг болох далайн гүний амьтад өөрөөсөө гэрэл хэрхэн цацруулдаг тухай судалгааг олон жил хийж буй нэгэн юм.

Далайн маш олон амьтад биеэсээ гэрэл ялгаруулдаг нь ямар шалтгаантай вэ?

6 Далайн гүнд чухам юу байна вэ?

Одоогийн байдлаар далайн ёроолын ердөө 20 орчим хувийг судалж, газрын зурагт буулгасан. Энэ нь Ангараг гарагийн гадаргуугаас ч бага судлагдсанд тооцогдох ба далайн ёроолд хүн төрөлхтний урьд өмнө харж байгаагүй маш олон зүйлс бий гэх таамгийг өөрийн эрхгүй төрүүлэх аж. Мөн саран дээр буусан хүний тоо далайн хамгийн гүн хэсэг болох Чалленжерын хонхорт хүрсэн хүний тооноос их гэдэг нь хөдшгүй баримт билээ.

Далайн гүнд чухам юу байна вэ?

7 Далайн ёроолыг өрөмдөж дэлхийн манти давхаргад хүрэх боломжтой юу?

Эрдэмтэд далайн гүнд чухам юу байгааг сониучирхан судлахын зэрэгцээ далайн ёроолын доор юу нуугдаж буйг ч судлахаар зорьж байсан удаатай. Одоогоос 60 жилийн тэртээ хэсэг геологичид далайн ёроолыг өрөмдөж, урьд өмнө нь хүний нүдээр ажиглаж байгаагүй манти давхаргад хүрэх зорилтыг тавьж байсан ч бүтэлгүйтсэн гэдэг. Хэдий тэд зорилгодоо хүрч чадаагүй ч хожмын судлаачдад дэлхий гарагийн тухай, энэ гараг дээр амьдрал хэрхэн оршин тогтнож буй тухай илүү ихийг мэдэх нэгэн судалгааны талбарыг нээж өгсөн билээ.

Далайн ёроолыг өрөмдөж дэлхийн манти давхаргад хүрэх боломжтой юу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()