Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Жүжигчин Бред Питт болон АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама нар XVIII зуунд Виржиниа мужид амьдарч байсан Эдвин Хикмен хэмээх нэгэн эрийн ес дэх үеийн хойч ажээ. "New England Historic Genealogical" нийгэмлэг энэ тухай мэдээг 2008 онд нийтэд ил болгосны дараа "The View" ярилцлагын үеэр сэтгүүлчид Обамагаас энэ талаар лавлахад “Бид маш холын, ес дэх үеийн үеэлүүд байх. Мэдээж генийн хувьд тэр надаас илүү царайлаг гадаад төрхтэй” хэмээн ярьж байжээ.
Тэгвэл жүжигчин Бред Питт 2012 онд "Hollywood Reporter" хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөрийгөө Барак Обамагийн дэмжигч хэмээн тодорхойлж байв. Гэсэн ч мөн онд нэрт жүжигчний ээж Жейн Питт Ерөнхийлөгч Обамаг болон түүний хэрэгжүүлж байсан ижил хүйстний гэрлэлтийн хуулийн төслийг хурцаар шүүмжилсэн ярилцлага орон нутгийн хэвлэлд өгч байсан гэдэг.
2008 онд Ерөнхийлөгч Барак Обама болон Бред Питт нарын төрлийн холбоог ил болгож байсан "New England Historic Genealogical" нийгэмлэг 2009 онд бас нэгэн сонирхол татам баримтыг дэлгэсэн нь жүжигчин Бен Аффлек болон Барак Обама нарын төрлийн холбоо байв.
Хожим 2012 онд жүжигчин Бен Аффлек "Associated Press" агентлагт ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обамагийн төлөө саналаа өгсөн тухай өгүүлж байжээ.
Орчин цагийн хамгийн амжилттай бизнесмэнүүдийн нэг Уоррен Баффет улс төрийн үзэл баримтлалын хувьд Барак Обаматай нэг төдийгүй түүнтэй төрөл садны холбоотой аж. Аncestry.com сайтад мэдээлснээр тэд 1650-аад онд Францаас АНУ-ын Мерилендэд нүүн ирсэн Марен Дувалын хойчис хэмээжээ. Марен Дувал нь Уоррен Баффетын хуланц эцэг бол Барак Обамагийн хулан буюу ec дэх үеийн өвөг юм.
Энэ тухай мэдээ нийтэд хүрэх үед судлаач Анастасиа Тайлер “Гэр бүлийн гишүүн бүр нэг ижил байр суурьтай байдаггүйтэй ижил тэдний хооронд санал зөрөх зүйлс их боловч санаа нэгдэх зүйлс бүр ч олон. Мөн 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Уоррен Баффет Обамаг дэмжин, санхүүгийн тусламж үзүүлэн ажиллаж байсныг бид мэднэ” хэмээн өгүүлжээ.
2004 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Жорж Буш болон Жон Керри нарыг "Playboy" сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнертэй төрөл садны холбоотой гэдгийг мөн оны 2-р сард "Millisecond" хэвлэлд нэгэн судлаач өгүүлж байв.
Мөн онд Хью Хефнер CBS телевизэд өгсөн ярилцлагадаа Жон Керритэй илүү ойр байдаг тухайгаа дурдаад, ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жорж Бушид амжилт хүсэхийн зэрэгцээ тэднийг "Playboy Mansion"-д зохион байгуулагдах гэр бүлийн уулзалтад урьж байна хэмээн наргиж байсан аж.
1960-аад онд тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч байсан Жон Ф.Кеннедитэй нэр холбогдож байсан Мерилин Монро хожмын Ерөнхийлөгч Жорж Буштай төрөл садны холбоотой нэгэн байжээ. Тэрбээр АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Х.В.Буш болон 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш нарын үеэл гэдгийг CBS News телевиз баталсан байдаг.
Гүнж Диана Спенсерийг АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буштай үеэлүүд байсан тухай баримтыг 2019 онд "Express" хэвлэл мэдээлжээ. Тэд 1566 онд мэндэлсэн Томас Мичелл хэмээх эрийн 11 дэх үеийн үр сад аж. Улмаар өнөөгийн Их Британийн ханхүү Уиллиам болон Харри нар Жорж Бушийн холын төрөл болдог байна.
Нэрт жүжигчин Том Хэнкс АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абрахам Линколнтой төрөл садангийн холбоотой тухай "Daily Mail" хэвлэл 2012 онд мэдээлж байв. Энэ тухай жүжигчин Том Хэнкс “Түүний ээжийг Ненси Хэнксээр бид төрөл садны холбоотой болдог. Бага сургуульд сурдаг байхдаа би үргэлж л түүний тухай эсээ бичлэг хийдэг байлаа” хэмээн батлан өгүүлж байсан удаатай.
CNN телевизийн сурвалжлагч, PBS телевизийн "Firing Line" цуврал нэвтрүүлгийн хөтлөгч Маргарет Хүүверийн өндөр өвөг нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Херберт Хүүвер ажээ. Энэ тухай тэрбээр 2002 онд "Herbert Hoover Presidential Library" холбоонд үг хэлэх үедээ “Бүх л амьдралын минь туршид үлгэр жишээ нэгэн болж явсан өндөр өвгийнхөө нэрээр нэрлэгдсэн холбооны үйл ажиллагаанд үг хэлэх боломж олдсон нь нэр төрийн хэрэг юм. Хэрэв түүхэнд нэрээ мөнхөлсөн хэн нэгэнтэй холбогдох боломж өгвөл би түүнтэй л холбогдож, хэдэн ч цагаар хамаагүй ярилцаж суух байлаа” хэмээн өгүүлжээ.
Аncestry.com сайтын мэдээлснээр АНУ-ын 20 дахь Ерөнхийлөгч Жеймс Гарфилд болон жүжигчин Ричард Гир нар Жон Биллингтон хэмээх нэгний 6 дахь үеийн үеэлүүд ажээ.
АНУ-ын 37 дахь Ерөнхийлөгч Ричард Никсон жүжигчин Жеймс Дин нар Нью-Ингленд мужийн протестант-квакер урсгалд шүтлэгтэй гэр бүлээс гаралтай ажээ.
АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч Жимми Картер 1980 онд Мемфис хотод болсон нэгэн уулзалтын үеэр өөрийгөө дэргэд нь буй дуучин Жонни Кешийн хоёр дахь гэргий Жун Картер Кешийн үеэл хэмээн зарлаж байжээ. Хожим “Саяхнаас л Жун Картер Кешийг өөрийн үеэл гэж зарласан зүйл биш. Бид эртнээс үеэлүүд байсан” хэмээн ярьсан нь "The American Presidency" төсөлд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Түүнчлэн 1976 онд Жонни Кеш "Patrick Carr of Country Music" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч Картер анх гэргийтэй нь үеэлүүд хэмээн наргиа хийж байсан ч хожим өөрсдийгөө үнэхээр 4 дэх үеийн үеэлүүд гэдгээ мэдсэн тухай ярьж байжээ.