Бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 мэргэн бууч

Шилдэг мэргэн буудагчид заавал жирийн байлдагч байх албагүй. Үүнтэй адил нэг оновчтой сум тухайн хүнийг мэргэн буудагч болгохгүй. Ингээд түүхэн дэх хамгийн шилдэг мэргэн буудагчидтай танилцацгаая.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 мэргэн бууч

10 Түрүүч Грэйс (АНУ)

АНУ-ын иргэний дайны үеэр Холбооны армид алба хашиж байсан түрүүч Питр Грэйс зэвсэгт хүчний хамгийн өндөр шагнал болох "Эр зоригийн медаль"-ийг хүртсэн түүхтэй юм.

Тэр үед бууны тусгал одоогийнхоос хэд дахин бага байсан ч тэрээр дуран ашиглалгүй мэргэн буудлага хийж чаддаг байсан учраас ийм шагнал хүртжээ. Түүний хамгийн алдартай буудалт бол 1864 оны 5-р сарын 9-ний өдөр "BritishWhitworth" буугаараа 915 метрийн зайнаас босогчдын талын генерал Жон Седвикийг хөнөөсөн явдал юм.

Түрүүч Грэйс (АНУ)

9 Карлос Норман Хаткок (АНУ)

“Цагаан өд” хочит Карлос Норман Хаткок Вьетнамын дайны үед 93 байг амжилттай устгасан. Вьетнамын армид асар их хохирол учруулж байсан тул түүнийг хөнөөсөн хүнд 30 мянган ам.долларыг амласан гэдэг. Дайны үед бусад мэргэн буучийг хөнөөсөн хүнд 8-2000 ам.доллар амладаг байсан гэхээр хэр их аюул учруулж байсан нь ойлгомжтой. Вьетнамын талаас Цагаан өдийг устгахаар мэргэн буучийн тусгай салаа томилсны дараа АНУ-ын мэргэн буучид дайсныг төөрөлдүүлэх зорилгоор бүгд дуулга дээрээ цагаан өд байрлуулж, дайсны бай болж байв.

Нэг удаа түүний салаа дайсны мэргэн буучийн халдлагад өртжээ. Карлосыг хөнөөх тусгай даалгавартай Кобра нэрээр алдаршсан дайсны мэргэн бууч хэд хэдэн найзыг нь хөнөөгөөд байх үед Карлос дурангийн гялбааг нь олж харсан даруйдаа буудсан байдаг. Тэрээр Кобрагийн дуранг нэвт буудаж, нүд рүү нь оносон гайхамшигтай буудалтыг хийсэн юм.

АНУ-ын тэнгисийн цэргийн домог болсон мэргэн буучийг хүндэтгэн SpringfieldM25 автомат бууг White Feather буюу "Цагаан өд" хэмээн нэрлэсэн байдаг.

Карлос Норман Хаткок (АНУ)

8 Аделберт Ф.Валдрон (АНУ)

АНУ-ын зэвсэгт хүчний түүхэн дэх хамгийн алдартай мэргэн буучдын нэг бол “Берт” хочит Аделберт Ф.Валдрон юм. Тэрээр Вьетнамын дайны үед АНУ-ын явган цэргийн 9-р дивизэд алба хааж байжээ. Ердөө 8 сарын дотор 109 дайсныг устгасан нь тус улсын түүхэнд дээд амжилт болж үлдсэн юм. 2011 оныг хүртэл үүнийг эвдэх мэргэн бууч АНУ-аас гараагүй. 

Тэр ч бүү хэл өөрийн сууж явсан завин дээрээс Аделберт 820 метрийн зайд модон дээр нуугдсан Вьетнам цэргийг амжилттай илрүүлж устгасан байдаг. Берт Вьетнамын дайны дараа мэргэн буучийн сургуульд багшилсан гэдэг. 

Аделберт Ф.Валдрон (АНУ)

7 Роб Фурлонг (Канад)

Канадын зэвсэгт хүчний бага түрүүч Роб Фурлонг 2430 метрийн зайнаас .50 калибрын McMillian Brothers Tac-50 буугаараа байгаа сөнөөсөн юм. Энэ нь дэлхийн түүхэн дэх хамгийн хол зайнаас бай устгасан амжилт болж бүртгэгдсэн бөгөөд Роб тус рекордыг зургаан жил эзэмшжээ. Тэрээр өөрийн талын хоёр мэргэн буучийн хамт отолт хийж байх үед Аль-Каидагийн гурван алан хядагч уулын бэлээр алхаж явааг анзаарсан аж. Ийнхүү 750 граммын Hornady A-MAX сум ашиглан нийт гурван удаа бууджээ. Эхний сум зөрж ниссэн бол хоёр дахь сум цүнх, гурав дахь сум дайсны цээжин тус газар нь онож байг устгасан юм. Hornady A-MAX сум 823 м/cек хурдтай нисдэг гэж тооцоход сум гал нээснээс хойш 4 секундийн дараа байдаа хүрчээ. 

Фурлонг цэргийн албаа дуусгаад 2004 онд Эдмонтоны цагдаагийн албанд хүчин зүтгэсэн боловч хамтран зүтгэж байсан офицерт халдаж дээр нь шээснээс болж хөөгдсөн байдаг. Тэрбээр 2013 оноос Фурлонг мэргэн буучийн сургуулийг байгуулж, өнөөг хүртэл ажиллуулж байгаа гэнэ. 

Роб Фурлонг (Канад)

6 Чарльз “Чак” Мавинни (АНУ)

1949 онд АНУ-ын Орегон мужид төрсөн “Чак” хочит Түрүүч Чарльз Бензамин Мавинни Вьетнамын дайны үе буюу 1967 оны зун Тэнгисийн цэргийн хүчинд элссэн юм. Тэрбээр уг дайнд хамгийн олон байг устгасан гэдэг амжилтыг эзэмшдэг мэргэн бууч гэж тооцогддог. 

16 сарын хугацаанд алба хаасан Чак нийт 111 байг албан ёсоор устгасан гэж тооцдог боловч энэ тоог 216 байх магадлал өндөр гэгддэг. 1969 оны 2-р сарын 14-ний өдөр отолт хийж байх даа Чак дайсны салаатай таарч 16 цэргийг толгойн тус газарт онож хөнөөсөн нь өнөөг хүртэл домог мэт яригддаг байна. 

Чарльз “Чак” Мавинни (АНУ)

5 Крис Кайл (АНУ)

АНУ-ын Тэнгисийн явган цэрэгт байх хугацаандаа Иракт дөрвөн удаа алба хаасан тэрбээр эр зориг, баатарлаг үйлсийнхээ төлөө олон удаа медаль, шагнал авсан нэгэн. АНУ-ын зэвсэгт хүчний түүхэн дэх хамгийн чадварлаг мэргэн бууч хэмээн тооцогддог төдийгүй 150 байг устгасан юм. Түүний ашиглаж байсан зэвсгүүдийн хувьд хагас автомат 7.62 NATO Mk 11, 5.56 NATO MK 12, .300 Winchester Magnum M24 болон .338 Lapua Magnum буунууд багтдаг.

Цэргийн албанаасаа 2009 онд хүндэтгэлтэйгээр халагдсан Крис Кайл 2012 онд “American Sniper” номоо бичсэнийг 2014 онд алдарт жүжигчин, найруулагч Клинт Ийствүүд кино болгон амилуулсан юм. Гол дүрд Брэдли Купер тоглосон уг кино 2015 онд Оскарын шагнал хүртсэн билээ. Крис Кайл 2013 онд дайны дараах сэтгэл санааны тогтворгүй байдалд орсон Эдди Рэй Рут гэгчийн гарт амиа алдсан юм.

Крис Кайл (АНУ)

4 Бага түрүүч Фрэнцис Пегахмагабов (Канад)

Канадын цэргийн түүхэн дэх хамгийн алдартай дайчдын нэг бол Ожибва омгийн дайчин “Пегги” хочит бага түрүүч Фрэнцис Пегахмагабов юм. Тэрээр Дэлхийн 1-р дайнд холбоотны талд байлдахдаа 378 герман цэргийг устгаж, 300 гаруйг олзолсон байдаг. Пегахмагабов 1914 онд эх орноо орхин сайн дураараа Английн цэрэгт элссэн бөгөөд 1915 оны 2-р сард 1-р явган цэргийн дивизэд хуваарилагдсан байна. Дайныг эхлэхээс дуусах хүртэл эрэлхэгээр алба хаасан учраас түүнд нэлээд нэр хүнд бүхий "Гэгээн Викториа"-гийн одон олгожээ.

Залуу насандаа ганцаараа ан хийдэг байсан учраас Пегахмагабов цаанаасаа бэлтгэгдсэн байсан гэхэд болно. Өөрийн чадварыг эхнээс нь баталсан тул фронтын аюултай хэсгүүдэд мэдээ зөөж яваандаа чухал байнуудыг дангаараа устгах болсон юм. 

Бага түрүүч Фрэнцис Пегахмагабов (Канад)

3 Василий Зайцев (ЗХУ)

Зөвлөлт Орос улсын хамгийн алдартай мэргэн буучдын нэг болох Василий Зайцев магадгүй дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай мэргэн бууч биз. Бага наснаасаа хойш Уралын нуруунд ан хийж өссөн Вася ердөө 12 настай байхдаа өөрөө ч үүрч дийлдэггүй байсан Бердан буугаараа нэг сумаар чоно алсан байдаг.

“Вася” Григоревич Зайцевыг Дэлхийн 2-р дайнд гүйцэтгэсэн баатарлаг үйлсийнх нь төлөө Зөвлөлт холбоот улсын "Баатар" цол олгосон билээ. Тэрээр нийт 225 дайсныг устгаснаас 11 нь дайсны мэргэн бууч байсан аж.

2001 онд түүний түүхээр “Enemy at the Gates” кино гарч, алдарт жүжигчин Jude Law тоглосон байдгийг уншигчид андахгүй байх. Түүний хамгийн алдартай тулаан бол Германы мэргэн буучдыг бэлтгэдэг Хошууч Эрвин Көнигтэй хийсэн мэргэн буучийн дуэль билээ.

Зайцев үргэлж нуувчаа сольж, дайсан руу олон талаас нь галладаг байв. 1943 оны 1-р сард Сталинградын тулааны үед нүдээ гэмтээсэн боловч удалгүй бүрэн эдгэрч чадсан байдаг. Тэрээр дайны үед мэргэн буучийн сургууль нээсэн бөгөөд түүний шавь нар 3000 гаруй дайсныг устгасан юм.

Василий Зайцев (ЗХУ)

2 Людмила Павличенко (ЗХУ)

ЗХУ руу Нацист Германы арми нэвтрэн орсны дараа Улаан армид 2000 эмэгтэй мэргэн буучийг эгнээндээ элсүүлсэн байдгийн нэг нь Людмила Михайловна Павличенко юм. Украин гаралтай мэргэн бууч бүсгүй Дэлхийн хоёрдугаар дайнд 309 байг устгаж, бүх цаг үеийн шилдэг мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлэгчдийн нэг болсон юм. Буудлагын спортоор хичээллэдэг байсан Людмила цэрэгт татагдахдаа түүхийн ухааны 4-р курсийн оюутан байжээ. Тэрээр 3.5 дахин татах чадалтай дурантай SVT-40 хагас автомат буугаар зэвсэглэсэн бөгөөд Одессад 2.5 сар байлдахдаа 187 оновчтой устгал хийж, 1942 гэхэд дэслэгч цолтой болж, 257 дайсны цэргийг устгасан байлаа. Дайны турш нийт 309 дайсныг устгасны 36 нь мэргэн бууч байсан юм.

Тэрбээр их буунд оногдож, шархадсан учраас эмнэлэгт хэвтүүлсэн байна. Людмила Улаан армийн эр зоригийн бэлгэ тэмдэг болсон учраас шууд фронт руу буцаахын оронд хараахан дайнд оролцоогүй байсан АНУ-руу 1941 онд илгээн тус улсын ард түмнийг ухуулах ажил хийлгэсэн байдаг. Энэхүү даалгавраа амжилттай гүйцэтгээд 1942 онд армидаа буцаж ирсэн юм. Дайны дараа сургуулиа төгссөн Людмила Киев хотын их сургуульд түүхч мэргэжлээр ажиллажээ.

Людмила Павличенко (ЗХУ)

1 Симо Хайха (Финлянд)

"Белая Смерть" буюу “Цагаан үхэл” хочит Симо Хайха бол энэ жагсаалтад байгаа бусад бүх мэргэн буучдын хажууд жинхэнэ “мангас” билээ. Бүх цаг үеийн хамгийн олон дайсан устгасан хүн болох Симо нийт 505 дайсныг цааш  харуулсан гэдэг ч зарим эх сурвалж энэ тоог 725 хүрэх магадлалтай хэмээдэг. Дайснууд нь хүртэл түүнийг “Ганцаараа байх даа бүхэл бүтэн арми”-тай тэнцэнэ хэмээдэг байснаас үзвэл ямар их айдас төрүүлж байсан нь ойлгомжтой. Тэрээр ихэвчлэн ганцаараа отолт хийдэг байсан бөгөөд өдөр шөнөгүй хээрээр хэсүүчилж, дайсны цэргүүдийг ангуучилдаг байв. Тэрээр 505 хүнийг дурангүй винтовоор (дуран дээр гэрэл ойж, байршлыг нь илрүүлэх аюулаас сэргийлэх зорилгоор) хөнөөсөн нь батлагдсан бөгөөд зарим эх сурвалж Симо 220 хүнийг хагас-автомат буугаар устгасан хэмээн тэмдэглэжээ. 

1925 онд тэрээр хугацаат цэргийн албанд татагдан мэргэн буучийн ангид оржээ. Багаас ан хийж өссөн тэрээр хэнээс ч илүү бууддаг байсан тул буудлагын олон уралдаанд ялсан байдаг. 1939 онд ЗХУ-ын Улаан арми Финлянд руу довтлох үед  дахин цэрэгт татагдан мэргэн буучийн үүрэг гүйцэтгэх болов. Симо цагаан хувцас өмсөж, цасан дундаас хэнд ч харагдахгүйгээр бууддаг байсан төдийгүй дайсны мэргэн буучдад харагдахгүйн тулд амандаа цас хүлхэж, амнаасаа уур гаргахаас сэргийлдэг байсан гэдэг. Хамгийн гайхалтай нь “Цагаан үхэл” ердөө 100 хүрэхгүй өдрийн дотор тэр олон дайсныг устгасан гэдэгт итгэхэд бэрх. Тооцвол өдөрт дунджаар таван хүн хөнөөсөн гэсэн үг. Симог хөнөөхийн тулд Улаан арми мэргэн буучдын салаа, тэр бүү хэл бүтэн батальон явуулсан ч тэд эргэж ирдэггүй байсан гэдэг. Эцэст нь их буугаар галлаж, 1939 оны 3-р сарын 6-ны өдөр Симог шархдуулж чаджээ. Их бууны улмаас нүүрнийх нь тал нь байхгүй болсон бөгөөд түүнийг ухаан орох үед буюу 3-р сарын 13-ны өдөр хоёр тал эв найрамдлын хэлэлцээр байгуулсан юм. Тэрбээр 2002 онд 96 насандаа таалал төгссөн байна. 

Симо Хайха (Финлянд)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()