CMU-ийн Хүн-Компьютерын Харилцааны Хүрээлэнгийн (HCII) судлаачдын баг тоглоом доторх зүйлсийг хүний биед мэдрүүлэх төхөөрөмж бүтээсэн гэнэ. Одоогийн байдлаар тус төхөөрөмж ганцхан уруул дээр ажиллах боломжтой байгаа аж.
Уруул нь 1 сая гаруй мэдрэлийн судалтай учраас хүний хамгийн эмзэг хэсэг гэж тооцогддог. Тиймээс эрдэмтэд үүн дээр анхаарч ажиллахаар шийдсэн байна. Цаашид хуруу, чих гээд бусад илүү мэдрэг хэсгүүдийг оролцуулах бүрэн боломжтой гэжээ.
Харамсалтай нь одоогийн байдлаар ганцхан уруулаар дамжуулж тоглоом тоглоно гэдэг боломжгүй зүйл юм. Тиймээс мэдрэхүйд нөлөөлдөг гар удирдлага гаргах шаардлагатай байгааг судалгааны ажилтнууд онцолжээ.
Энэхүү төхөөрөмж нь хүмүүсийн сонсох боломжгүй хэт өндөр давтамжтай дууны долгионыг ашигладаг аж. Хэт авиан төхөөрөмжийг ашиглан бид хүний дотор эрхтнүүдийг оношилдог болохыг та бүхэн мэдэх байх. Судлаачид хүний урууланд хийсвэр ертөнцөд байгаа мэдрэмжийг дамжуулахын тулд хэт авиа ашиглан хөдөлгөөнийг нь мэдрэх програм зохиосон байна.
Жишээлбэл та VR төхөөрөмж ашиглан тоглоом тоглож байгаад ус уулаа гэж бодъё. Тэгвэл тусгай давтамж бүхий хэт авиа уруулд тань хүрч ус урсаж буй мэт сэтгэгдэл төрүүлэх юм.
Ерөнхийдөө хэт авиа таны арьсанд хүрч тоглоом дотор болж буй зүйлсийг дуурайн хөдөлнө гэсэн үг. Хэт авианы энергийг цахилгаан энерги болгон хувиргадаг 64 жижиг хувиргагч модулиудыг нэгтгэснээр хэт авианы долгион хүний арьсанд ийнхүү нөлөөлж чадаж байгаа аж.
Дуу авиаг энерги болгон хувиргагч төхөөрөмж нь шууд VR төхөөрөмжийн ёроолд бэхлэгдсэн байна. 16 сайн дурын ажилтан уг төхөөрөмжийг туршиж үзсэн бөгөөд энэхүү бүтээл уруул, шүд, хэлэнд хүртэл нөлөөлж чадаж байгааг онцолжээ. Энэхүү бүтээлд зориулж хийсэн тоглоомыг тоглосны дараа туршилтад оролцсон хүмүүс чичиргээ, даралт гэх мэт бодит зүйлсийг мэдэрсэн хэмээжээ.
Тус судалгааны баг одоогийн байдлаар төхөөрөмжөө илүү авсаархан болгох тал дээр анхаарч ажиллаж буй юм.