Хятадын шинэ үеийн залуус гэрлэхээс татгалзаж байна

Өнгөрсөн аравдугаар сард Хятадын Коммунист намын албан хаагч Хунань мужийн Шяньин хотын ард түмэнд нэгэн төслийг санал болгов. Тэрээр үүнийгээ “Ахмад эрчүүдийн ор дулаацуулах ажиллагаа” гэж нэрлэсэн байна. Шяньин хотын эмэгтэйчүүд төрөлх хотдоо үлдэх сонирхолгүй, арай том хотуудад шинэ амьдрал бүтээхээр нүүж байгаа аж. Үүний нөлөөгөөр хотдоо үлдсэн залуучуудад эхнэр авах ямар ч боломж үлдээгүй гэнэ. Хөдөө орон нутгийг сэргээхийн тулд ийм арга хэмжээ авахгүй бол болохгүй" гэж төслийн зохиогч Жиан Вэнлиан ярьжээ.

Хятадын шинэ үеийн залуус гэрлэхээс татгалзаж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Ахмад эрчүүдийн ор дулаацуулах ажиллагаа” 4 хэсгээс бүрдэнэ. 

  1. Боломжийн амьдралтай эрчүүдийг эмэгтэйчүүдтэй танилцуулах. 
  2. Гэр бүл зохиоход нь орон нутгаас туслах.
  3. Орон нутагт илүү өндөр цалинтай ажлын байр бий болгох.
  4. Уламжлал ёсоор өгдөг асар өндөр Хятад маягийн инжийг болиулах. 

Мэдээж хэрэг энэхүү шийдлийг хятадын цахим хэрэглэгч нар шүүмжилсэн байна. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдэд учирсан асуудлын шийдэл болгон авч үзэж байгаа нь олон хүнд таалагдсангүй. Тиймээс энэхүү төсөл цуцлагдсан юм. Гэхдээ Шяньин хотын хүн амын асуудал ганцхан энэхүү нутагт бус Хятад улс даяар нүүрлэсэн хямрал юм. Үүнийг албан ёсны статистикийн мэдээгээр баталж болно. Тус оронд гэрлэлтийн түвшин найман жил дараалан буурч, сүүлийн 36 жилийн доод түвшинд хүрсэн байна.

Тиймээс Хятадын эрх баригчид гэрлэлтийн түвшинг нэмэгдүүлэх тал дээр асар олон төсөл хэрэгжүүлж байгаа юм. Улс даяар бодлого гаргагчид болон орон нутгийн засаг захиргаа “Ахмад эрчүүдийн ор дулаацуулах ажиллагаа” шиг ганц бие эмэгтэйчүүдийг энэхүү хямралд буруутгаж, тэднийг гэр бүлтэй бол хэмээн шахах болжээ. Коммунист намын залуучууд албан ёсны арга хэмжээнүүдэд ганц бие хүмүүсийг хүчээр шахуу оролцуулж, хооронд нь зуучилж, таарч тохирох нэгнийг нь гэрлүүлэхээр хичээж байна.

Хятадын хот газар амьдардаг залуу эмэгтэйчүүдийн 50 орчим хувь нь гэр бүлийн амьдрал төлөвлөдөггүй болохыг харуулсан судалгааны дүн гарчээ. “Хятадын Коммунист залуучуудын холбооноос явуулсан уг судалгаанд 18-26 насны, хот газрын, ганц бие 2905 залуу хамрагджээ.

Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 44 хувь, эрэгтэйчүүдийн 25 хувь гэрлэх бодолгүй байгаагаа илэрхийлсэн нь судалгааны анхаарал татахуйц дүн байв. Хятадын шинэ залуу үе гэрлэхийг хүсэхгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа 34.5 хувь нь "Гэрлэх цаг зав байхгүй” гэсэн бол 60.8 хувь нь "Зөв хүнээ олоход хэцүү" гэж хариулжээ.

Үлдсэн хэсэг нь гэр бүлийн амьдралд тулгарах санхүүгийн бэрхшээл, хүүхэд өсгөхөд учрах эдийн засгийн дарамт зэргийг гэрлэлтээс зайлсхийх шалтгаан болсон гэж тайлбарлажээ. Мөн судалгаанд хамрагдагсдын гуравны нэг нь гэрлэлтэд итгэдэггүй бөгөөд хэзээ ч хайр сэтгэлтэй учирч байгаагүй гэсэн нь хотын залуусын амьдрал хэчнээн хатуу ширүүн болохыг харуулсан байна.

Энэ судалгааны үр дүн төрөлтийг нэмэгдүүлэх шинэ бодлого хэрэгжүүлж буй Хятадын эрх баригчдын хувьд тун таагүй мэдээ юм. Гэрлэлт салалтыг бууруулах төрийн бодлогын дагуу салахаар өргөдөл гаргасан хосуудад “дахин бодох нэг сарын хугацаа” өгдөг болсон нь тодорхой үр дүнд хүрч, 2021 онд салалтын түвшин 70 хувиар буурсан юм.

Мөн 2020 оны 5-р сард Хятад улс гурван хүүхдийн шинэ бодлого хэрэгжүүлж, хоёр хүүхдийн бодлогыг цуцалсан. Энэ нь Хятад улс хүн амын бодлогодоо сүүлийн таван жилийн хугацаанд хийсэн хоёр дахь том өөрчлөлт байв. Тодруулбал, БНХАУ-ын засгийн газар 1979 онд хүн амынхаа өсөлтийг бууруулах зорилгоор баталсан нэг хүүхдийн бодлогыг 2016 онд цуцалсан билээ.

Хятадад 10 жил тутам явуулдаг хүн амын тооллогоор хүн амын жилийн дундаж өсөлт 2000-2010 оны хооронд 0.57 хувь байсан. Харин 2010-2020 оны хооронд 0.53 хувь болж буурсан нь эрх баригчдыг шийдвэрээ ийн эргэн харахад хүргэжээ. Гэсэн хэдий ч Хятадад гурван хүүхдийн бодлого үр дүнд хүрэх магадлал тун бага байгааг дээрх судалгааны дүн харуулав.

Тодруулбал, хүүхэд өсгөх зардал болон "9-9-6" хэмээх амьдралын хэв маяг Хятадын орчин үеийн залуусыг гурван хүүхэдтэй болохыг төлөвлөх нь бүү хэл гэр бүлийн амьдралаас татгалзахад хүргэж байгааг гэрчиллээ. "9-9-6" гэдэг нь долоо хоногийн зургаан өдөр, өглөөний 9:00 цагаас оройны 21:00 цаг хүртэл ажилладаг амьдралын хэв маягийг хэлдэг. Эндээс харвал гэр бүл болох өндөр зардалтай учраас үүнээс зайлсхийх хүн олон болжээ. 

Хятад улс нь бусад орнуудыг бодвол 300 жилийн өмнөх ёс заншил, уламжлалаа хадгалсаар ирсэн билээ. Гэрлэхгүй байх нь нэр хүндгүй болно гэсэн үг юм. 30-аас хойш гэрлээгүй залууг гэр бүлийнхэн нь зэмлэж, эхнэрийн эрэлд бүгд гарах болно. Хүүхдээ төрөхөөс нь өмнө эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсрол болон шинэ байранд мөнгө цуглуулж эхэлдэг байна.

Харин бүсгүйчүүдийн хувьд 27-оос дээш нас хүртлээ хүнтэй гэрлэхгүй байх нь асуудал дагуулдаг. Гэхдээ Хятадад бүсгүйчүүд эрчүүдийг бодвол цөөхөн байдаг учир хэт илүүдэл жинтэй бус, цайвар царайтай бол цэцэг, бэлэг барьсан залуус түүнийг хүлээж л байх болно.

Эрчүүдийн хувьд харин бүх зүйл өөр. Нэгдүгээрт, байргүй эрчүүд гэрлэх боломжгүй. Хоёрдугаарт гэр бүл зохиох насны эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцаа 55/45 байгаа юм. Үүнээс харахад 30 сая залуу эхнэргүй үлдэнэ гэсэн үг .

Хятадууд гэр бүлийн амьдралд маш их анхаарал хандуулдаг. Гэр бүл гэдэг тэдний хувьд хамгийн үнэ цэнэтэй, ариун зүйл байдаг юм. Ажил, өндөр албан тушаал, бизнес эрхлэх, өөрийгөө хөгжүүлэх гэх мэт зүйлсийг эрчүүд эхнэртэй болж гэр бүл зохиохын тулд л хийдэг. Үр удмаа үлдээх нь хятадуудын хувьд маш чухал зүйл аж.

Өөрийгөө хүндэлдэг Хятад эмэгтэй хэзээ ч байргүй, машингүй, сайн ажилгүй, хадгаламжиндаа хангалттай хэмжээний мөнгөгүй эрэгтэйтэй гэрлэхгүй. Харин зүгээр цагийг зугаатай өнгөрүүлэхийн тулд уулзаж болох юм.

Хятадад өөрийн гэсэн байргүй бол түүний хүүхэд Хятад улсын иргэний бүртгэлийг авч чадахгүй.  Учир нь Хятадын иргэн болж ID авахын тулд “хукоу” хэмээх бичиг хэрэгтэй бөгөөд энэ бичгийг зөвхөн хувийн орон сууцтай хүн л авч болно. Өөрөөр хэлбэл, таны хүүхэд иргэншилгүй хүн болно гэсэн үг. Хукоу болон ID байхгүй бол цэцэрлэгт орох, сургуульд  сурах, их сургуульд орох, ажил хийх боломжгүй. Эмчийн тусламж ч авч чадахгүй.

Тиймээс л ухаалаг хятад эмэгтэй хэзээ ч байргүй залуутай гэрлэж, хүүхэд төрүүлэхгүй гэсэн үг юм. Байргүй бол гэр бүлгүй гэсэн баримтлал Хятадад байдаг нь ийм учиртай. Харин гэр бүлгүй Хятад эрэгтэйг хэн ч ойлгохгүй. Хятадын уламжлалаар бол эхнэртэй, дээрээс нь нууц амрагтай байх нь төгс эрийн шинж чанар байдаг боловч хятадын эмэгтэйчүүдийн тоо хангалтгүй байгаа учир эхнэртэй байхад л та амжилтад хүрсэн гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл, гэр бүлтэй болохын тулд хамгийн түрүүнд мөнгө хэрэгтэй аж. Хятад эрэгтэй гэр бүлтэй болохын тулд нэн түрүүнд орлого олох хэрэгтэй байдаг бөгөөд баяжвал бүр сайн. Тиймээс хятад эрчүүд, эмэгтэйчүүд бүгд зөвхөн мөнгө боддог байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()