1
Үүсэл гарал
Хятад оронд бий болсон еврейн олон суурингаас хамгийн урт настай нь кайфэн дахь еврейчүүд бөгөөд тэд XII зууны үед энд ирж удалгүй жүрчидийн омгуудад эзлэгдсэн гэгддэг. XV зууны үед 70 гаруй еврейн гэр бүл асар их бэлгийг Хятадын эзэн хаанд өгч хариуд нь Кайфэнд амьдран суух эрх авсан тухай уг нутгийн нэгэн хэрэм дээр бичсэн нь бий. Тэд хөвөн даавуу үйлдвэрлэж, худалдах зэргээр ажиллаж амьдарч байсан төдийгүй зарим нэг нь том худалдаачид, цэргийн зүтгэлтэн, төрийн алба хаагч болж байжээ. Еврейчүүд эхлээд шинэ перс хэлээр хоорондоо харилцдаг байсан ч бусад улс орны хэл, дуудлага аажмаар нөлөөлж яваандаа нэлээд өөрчлөгдөн хувирсан байдаг.
2
Еврейн синагог
Хятад дахь анхны еврейн синагог (еврейн суурин) XII зуунд Кайфенд бий болж аажимдаа өөрчлөгдөн томорсоор өөрийн гэсэн сургуулийн танхим, нийтийн гал тогоо, угаалгын газар, сукка (еврейчүүдийн баярын үеэр амьдрах, шашны зан үйл гүйцэтгэх түр зуурын орон байр) бүхий томоохон суурин болсон байна.
Олон зууны туршид сингагог нь хэд хэдэн удаа янз бүрийн шалтгаанаар сүйрч байсан ба XV зууны үед Хуанхэ мөрний (Шар мөрөн) гольдрол өөрчлөгдөхөд ихээхэн хохирол амсаж байсан бол 1600 онд түймэрт автаж, XVII зууны дунд үед болсон еврейчүүдийн бослогын улмаас оршуулгын газрыг нь устгаж байв. Энэ болгоны дараа сууринг эргэн сэргээж, тухайн ажилд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэрийг барилгын хананд бичин мөнхөлдөг байсан юм.
Эдгээр еврейчүүдийн түүхийг харахад Хятадын хаад тэдгээрт ихээхэн сайнаар хандаж байсан бололтой. Жишээ нь XIV зууны үед Мин гүрнийг үндэслэгч Жу юань-жан нь еврейчүүдэд их хэмжээний газар олгож, зарим нэг эрх, хөнгөлөлт үзүүлж байсан баримт бий. XV зуунд нэгэн еврей хааны эсрэг хуйвалдааныг илчилснийхээ төлөө тухайн үед ер бусын гэмээр том шагнал авсан нь хятад нэр зүүх эрхтэй болсон явдал байжээ.
3
Күнзийн сургаалтай холбогдох нь
XVI зуунд еврейчүүдийг тусгаарлаж гадаад ертөнцтэй харьцах бүх л харилцааг нь хориглож эхэлснээр еврейн суурингууд доройтож эхэлсэн ба XVII зууны үед Хятадын нутгаар аялж явсан Европын шашны зүтгэлтнүүд тэднийг олж ийм хүмүүс байгааг дэлхий нийтэд зарлаж байжээ. Тэдгээр шашныхан еврейчүүдийг өөрийн шашиндаа оруулах гэсэн нь бүтэлгүйтсэн ба энэ үеэс хойш еврейчүүдийн амьдралд күнзийн сургаал улам бүр гүн нэвтрэх болсон байна. Хятад дахь еврейчүүд нь хөвч таслах (XX зуун хүртэл), баруун тийш харж залбирах, хүүхдүүддээ хятадаас гадна еврей нэр өгөх зэргээр өөрийн зан заншлыг ямар нэг хэмжээгээр хадгалж байсан боловч XV зуунаас байдал өөрчлөгдөж эхэлсний нэг жишээ нь тэд күнзийн сургаалын дагуу өвөг дээдсээ тахин шүтдэг болсон явдал юм. XVII зууны дунд үед бичсэн нэгэн баримтад еврейчүүд өөрсдийн хууль журмаа Хятадын хууль номтой таарч тохирдог тухай тайлбарласан байдаг ба бүр еврей үндэстний баяраа хятадын хуанлигаар тэмдэглэдэг болжээ.
4
Еврей хэл өөрчлөгдсөн нь
XVII зууны үед Хятадын еврейчүүд иврит хэл дээр уншиж бичиж чаддаг байсан бол 1880 онд кайфэний хамгийн сүүлийн рабби (еврейн шашны лам) нас барснаас хойш иврит хэл аажмаар мартагдаж эхэлсэн гэдэг.
XIX зууны дунд үед Иерусалим дахь Британийн консул Фин Хятадын еврей нарт иврит хэл дээр захидал бичихэд тэд хариу захидлыг хятад хэл дээр бичсэн байна. Эл захианд Хятад дахь еврей нар иврит хэлийг ашиглахаа болиод олон жил болж байгаа, уг хэл дээр бичигдсэн шашны номоо хэрэглэдэг боловч уншиж чадахгүй болсон зэргээ дурдсан байдаг бөгөөд XIX зууны сүүлээр Хятад дахь епископаль шашны тэргүүн Шерешевский нь эдгээр еврейчүүдэд зориулан Тораг (иудейн шашны сургаал) еврэй хэлнээс хятад хэл рүү орчуулж өгчээ.
Хятадын еврей нар гаднын янз бүрийн зан заншлыг ихээр авч байсны нэг илрэл нь олон эхнэртэй болох явдал байв. Еврей эр өөрийн омгийн эмэгтэйчүүдээс эхнэр авч болохоос гадна хятад эмэгтэйтэй сууж болох ч харин эхнэр нь заавал иудаизм шашинтан болох ёстой байж. Иймэрхүү үндэстэн хоорондын гэр бүл болох явц хэзээнээс эхэлсэн нь тодорхойгүй боловч еврейчүүд тэр үеэс эхлэн аажмаар хятад үндэстэнд уусаж эхэлсэн байна. Эдгээр еврей нар хятад хувцас өмсөж, гэзэг тавьж, охидыг шувуун хөлтэй болгох ёсыг хэрэглэж эхэлсэн байдаг ба XIX-XX зууны гэрэл зураг дээрх өөрсдийгөө еврей хэмээн нэрлэсэн хүмүүсийг хятад хүнээс ялгах ямар ч зүйл үгүй болсон байдаг билээ.