Монгол эр хүн болж төрнө гэдэг дайчин болж төрөхийг хэлнэ
Чингис хаан өөрийн улсаас ч илүү хүчирхэг, хүн ам олон, хөгжингүй хэмээгдэж байсан орнуудыг эзэлж чадсан гол нууц бол бусад соёл иргэншилд үйлчилж байсан цэргийн бодлогыг эрс өөрчилж, хүн амын дийлэнх хэсгийг дайчин болгон бэлдэж байсанд оршино. “Fighting Techniques of the Oriental World” хэмээх бүтээлд Их Монгол улсын 16-60 насны бүх эрчүүд цэрэг дайны үйл ажиллагаанд оролцдог байсан хэмээн тэмдэглэсэн байдаг бол Тимоти Мейн “The Mongol Art of War” номонд 15-70 нас хэмээн тэмдэглэжээ.
Хэдийгээр энэ насанд хамаарах эр хүн бүр дайнд морддоггүй байсан боловч хүн амын нэлээдгүй хэсэг нь дайнд оролцдог байсан гэдгийг харах бүрэн боломжтой. Үнэхээр ч 1206 онд Чингис хааны цэргүүдийн тоо 95000 байсан хэмээн бичигдэн үлдсэн байдаг. Энэ нь тухайн үеийн Монголын нийт хүн амын долооны нэгтэй тэнцэнэ. Түүнчлэн эртний монгол хэлнээ “цэрэг” гэх үг байдаггүй байсан нь эр хүн бүр дайчин байсантай холбоотой гэж үзэх нь ч бий.
Чингис хааны хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл бол ялалт байв. Иймээс ч эр хүний хувьд хамгийн том цэнгэл бол дайснаа нухчин дарж, эд хөрөнгийг нь өөрийн болгож, эмс хүүхнүүдийг авах явдал хэмээн тодорхойлж бичсэн байдаг.
Цэргийн ажиллагааны тухайд Чингис хаан хэрэв шаардлагатай бол уламжлалт дайны аргаасаа татгалзаж, гаднын цэргийн ажиллагааг өөриймшүүлэн авч хэрэглэдэг байсан түүхтэй. "Ancient History Encyclopedia" номонд өгүүлснээр их хааны залгамжлагч нар ч түүний энэ чанарыг өвлөн авч, усан флот, галт зэвсэг зэргийг хэрэглэж байсан аж. Мөн Грекын усан онгоц дээрээс галаар дайрах техникийг ч ашиглаж байсан түүх үлдсэн байдаг. Эдгээр аргуудыг цогцлуулж их хааны ач хүү Хубилай Японы арлууд руу дайлаар удаа дараа мордсон ч цаг уурын нөхцөл байдал болон хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсаар бүтэлгүйтэж байв.
Монгол эр хүн бүр адуучин
Чингис хааны байлдан дагуулалт амжилтад хүрсэн бас нэгэн гол шалтгаан бол морьтон эрстэй холбоотой. Азийн тэгш өндөрлөгийн тал нутагт суурьшсан монгол угсаатан ард түмний өдөр тутмын амьдрал адуутай салшгүй холбоотой байсан тул хүүхдүүд бага наснаас адуу, малтай харьцаж, морь унахыг гаргууд эзэмшдэг байв. "Daily Life in the Mongol Empire" номонд 150-170 см орчим өндөртэй, -40 хэмээс +40 хэмийн эрс тэс нөхцөлд тэсвэртэй, асар тэвчээртэй байдаг нь өргөн уудам нутгийг богино хугацаанд туулж, байлдан дагуулалт хийх боломж олгож байсан тухай өгүүлжээ. Түүнчлэн нэг дайчин эр 5-6 хөтөлгөө морь дагуулан сольж унадаг байв. Морин цэргүүдийн хувьд мориноосоо буулгүй тулаанд орж, морин дээрээсээ нум сум харвадаг байсан нь мөн л давуу тал байсан гэдэг.
Шаардлагатай бол цусаар ундаална
Аялагч Марко Поло нэгэнтээ “Яаралтай зараал гарсан үед монгол эрчүүд 10 хоног мориноосоо буулгүй довтолгож, мориныхоо судсыг ханаж цусаар нь ундаалж явдаг” хэмээн бичиж байжээ. Үнэхээр ч тухайн цаг үед “Морь үгүй болбол эр хүн үгүй, морь амь гарвал эр хүн амь гарна” хэмээх үг гарч байсан гэдэг.
Их хааны цэргүүд гайхалтай мэргэн харваачид байв
Чингис хааны цэргүүд алс хол газарт морин дээрээс ч мэргэн харвадаг байсан агаад тухайн цаг үедээ тэдний хэрэглэдэг байсан нум хамгийн хүчирхэгт тооцогддог байжээ. Сем Фадалагийн "Traditional Archery" бүтээлд монголчууд 450 метрийн зайд харвах боломж бүхий нумаа амьтны эвэр эсвэл модоор урлаж, татуурга хэсгийг шандас, сүүл хэрэглэн хийдэг байсан хэмээжээ. "Britannica" тольд өгүүлснээр дайчин эрс морин дээр богино нум хэрэглэдэг байсан бол явган үедээ харьцангуй урт нум ашигладаг байсан бөгөөд сумны тухайд үзүүрт нь хор түрхсэн, шаардлага, дохио хүргэх зориулалт бүхий, энгийн гээд олон төрлийн сум хэрэглэдэг байв. Монгол дайчид ийнхүү морь унах, нум сум харвахдаа туйлын гаргууд байснаас гадна махир сэлэм, сүх, жад зэргийг ч тулаандаа хэрэглэдэг байжээ.
Дайчин бүр анчин, гөрөөчин байх шаардлагатай
Нүүдлийн амьдралын хэв маягтай монгол түмэн төрөлхийн урт удаан хугацааны аян дайнд бэлтгэгдэн насанд хүрдэг байсан гэхэд хилсдэхгүй. Чингис хаан уламжлалт соёлын нэгэн хэсэг болсон ан авыг цэргийн нэгэн сургууль болгон төлөвлөж, өөрийн биеэр оролцон эхлүүлж өргөн уудам нутагт нэгдсэн ав зохиож элдэн хөөх, бүслэн отох зэрэг сургуулилтыг үйлддэг байжээ. Нөгөөтээгүүр их хаан авын явцад алдаа эндэгдэл гаргасан, нэгнийг шийтгэх, цаазаар авах явдал ч гардаг байсан гэдэг. Мэдээж хэрэг нэг талаар энгийн ав боловч нөгөө талаар цэргийн бэлтгэл байсан тул хатуу арга хэмжээ авдаг байсан биз.
Ялалтад хүрэхийн тулд ухрах шаардлагатай бол ухарч болно
Монгол цэргүүд дайны явцад туршуулын ажиллагаа явуулж, дайсны цэргүүдийг араасаа мөшгүүлэх замаар бүслэх стратегийн тоглолт их хийдэг байж. Ухарч буй цэргүүдийн араас элдэн хөөх үедээ довтолж буй тал хүчээ хуваах алдаа их гаргадаг байдлыг ийнхүү соргог ашигладаг байсан нь энэ билээ. Эл аргыг их хааны удаах хаад ч уламжлан хийж байсан түүх бий. Монгол цэргүүдийн тоо дайснуудаас харьцангуй цөөн байдаг байсан ч тэд ийнхүү арга мэх уралдуулан ялалтад хүрдэг байжээ.
Монгол дайчид цалин мөнгөнд шунах ёсгүй
Их хаанаар удирдуулсан цэрэг эрс цалин авдаггүй байсан агаад зөвхөн ялалтын олзноос хувь хүртдэг байжээ. "The Cambridge History of War" номонд өгүүлснээр тэд дайснаа бүрэн нухчин дарсны дараа хишиг хүртдэг журам үйлчилдэг байжээ.
Удам судар хэргэм зэрэгт хамаарахгүй
Чингис хаан 1206 онд улс орноо эмхлэн байгуулах үедээ хууль журам олноор гаргасны нэгт жирийн харц ард ч эрдэм чадалтай бол өндөр хэргэм зэрэг хүртэж, эрх ямба эдлэх боломжтой хэмээн зааж байжээ. Эл хууль зөвхөн дайчин эрс дунд ч бус бүсгүй хүнд ч мөн ижил үйлчилдэг байв. Моррис Россабигийн Хубилай хааны намтар бүтээлд Хотулуны эрдэм чадал, бяр хүчийг ихэд сайшаан өгүүлсэн байдаг нь үүний нэгэн жишээ аж.
Түүнчлэн их хааны их байлдан дагуулал амжилтад хүрсэн явдал нь түүний сүр хүчин дэлхий даяар тарж, асар их айдсыг дайснуудын зүрхэнд хургаж байсан явдал юм. Жорж Лейн энэ тухай "Genghis Khan and Mongol Rule" бүтээлдээ их хааныг Бухар хотыг эзэлсний дараа “Би бол тэнгэрийн гэсгээл. Хэрэв та бүхэн их нүгэл хураагаагүйсэн бол над шиг нэгэнтэй учрахгүй байх байлаа” хэмээн өгүүлж байсан тухай бичжээ.
Мөн бууж өгөөгүй өөдөөс нь тэмцсэн иргэдийг бүрэн устгадаг байсан хатуу дүрэм монгол цэргүүдэд үйлчилдэг байв. Тухайлбал Арал тэнгисийн ойролцоо оршин байсан Үргэнч хот монголчуудын эсрэг хагас жил тулалдсан тул монголчууд голын урсгалыг өөрчилж, хотыг усанд автуулаад зогсохгүй, газрын хөрстэй нь тэгшилсэн түүх бий. Ийнхүү их хааны байлдан дагуулал 40 гаруй сая хүний амийг авч одсон тоо байх ба тэдний дийлэнх нь одоогийн Хятад, Ираны нутаг дахь иргэд байсан ажээ.
Дайн тулааны хувьд асар хатуу дүрэм журам үйлчилдэг байсан ч монголчууд аливаа шашинтай хүнлэг харилцаж, бүгдийг хүлээн зөвшөөрч байсан юм. Монголчууд бөө мөргөл ихэвчлэн шүтэх боловч их хаан Дао урсгалд ихээр автаж байсан түүх бий. Учир нь тус урсгалын лам нар хааны насыг уртасгана хэмээн итгүүлж, номлол үйлддэг байжээ.
Мөн монголчуудын хувьд хууль цаазыг ёсчлон биелүүлж байх хатуу дэг жаягтай байсан түүхтэй. Тухайлбал монгол цэрэг тулааны үеэр нумаа орхин гээгдүүлбэл хатуу цээрлэл хүлээх ба алдсан эд хэрэглэлээ заавал эргүүлэн авах шаардлага тавьдаг байв. Ийнхүү алдаа эндэгдэл гаргавал 37 удаа ташуурдуулах ялаас цаазаар авахуулах хүртэл ял эдэлдэг байсан аж. Энэ тухай Жиованни ди Карпини “Монгол дайчид тун дэг жаягтай, үнэн шударга гэдгээрээ бусад орны цэргүүдээс эрс ялгардаг” хэмээн өгүүлсэн байдаг.
Ийнхүү асар богино хугацаанд өргөн уудам нутгийг өөрийн болгож асар том эзэнт гүрнийг бий болгосон ч түүхийн тавцанд гарч ирсэн шигээ асар хурдан хуваагдан доройтсон юм. Монголчуудын нөлөөнд байсан ард түмэн монголчуудын талаарх түүхийг дарахаар хэчнээн хичээсэн ч 13-р зууны түүхийг бичсэн дайчдын түүхийг бүрэн үгүй хийнэ гэдэг боломжгүй зүйл билээ.
Та бүхэнд АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй grunge.com сайтад нийтлэгдсэн Чингис хааны байлдан дагуулалтын үетэй холбоотой мэдээг орчуулан хүргэлээ.