Ерөнхийдөө "Metaverse" нь цахим орчин дахь энгийн нэг олон нийтийн сүлжээ бус бүхэл бүтэн хийсвэр ертөнц гэж ойлгож болно. Та VR төхөөрөмж ашиглан үүнд нэвтэрсний дараа яг бодит ертөнц дээр байдаг шиг найзуудтайгаа уулзаж, тоглолт эсвэл кино үзэж, үдэшлэг зохиож ч болно. Харин бодит ертөнцөөс ялгаатай нь хэрэглэгчид шууд цахим орчинд холбогдох учраас аливаа мэдээллийг (дуу, зураг г.м) бусадтай шууд газар дээр нь хуваалцаж болох юм. Цаашлаад та цахим орчинд өөрийн гэсэн амьдралыг үүсгэх боломжтой.
Жишээ нь өөрийн шүтдэг хамтлаг дуучинтай холбоотой төрөл бүрийн виртуал бүтээгдэхүүнүүд зарагдах бөгөөд гарын үсэгтэй малгай, цамц, цомог зэргийг нь авснаар "metaverse" дэх өөрийн 3D avatar-ынхаа хувцсыг сольж, өөрийн виртуал гэртээ худалдаж авсан цомгоо байршуулах боломжтой.
Гол нь энэ бүх бараа бүтээгдэхүүн NFT байдлаар байх бөгөөд худалдан авахдаа crypto дээр суурилсан төлбөрийн шийдэл ашиглана.
Ирээдүйд хол байгаа ахан дүүс, найз нөхөд нэгнийдээ зочлохдоо виртуал байдлаар зочлох нь давамгайлах бөгөөд ингэхдээ NFT байдлаар худалдан авсан зураг, цомог зэрэг бүхий л виртуал хөрөнгийг найзууд нь виртуал гэрт нь харах боломжтой.
Бидний амьдралын чухал зүйлс бүгд дижитал хэлбэр рүү шилжиж байна.
-
Ажил: Үйлдвэр, оффисын шаардлагагүй хаанаас ч зөөврийн компьютертой бол ажлаа хийх төдийгүй хурлаа Зүүм платформ дээр хийх боломжтой.
-
Найз нөхөд: Хажуу айлын хөршөөс илүү бид инстаграм, фэйсбүүк найзуудаа илүү сайн мэднэ.
-
Тоглоом: Сагсан бөмбөг, хөл бөмбөг тоглодог хүүхдүүдийг нийлүүлснээс ч олон хүүхдүүд гар утасны тоглоом тоглож байна.
-
Хувь хүний зан чанар: Инстаграм, фэйсбүүкийн фильтрүүд бол шинэ нүүр будалт, стори бол биднийг хэн бэ гэдгийг тодорхойлох самбар болжээ.
Өөрөөр хэлбэл бодит ертөнцөд гоё ганган, хөрөнгө чинээтэй харагдахаас илүү виртуал ертөнцөд өөрийгөө өмсөж байгаа виртуал хувцас болон эд хэрэглэлээрээ тодорхойлох нь үлэмж нэмэгдэнэ. Жишээ нь Gucci-ийн виртуал коллекцийг NFT-ээр худалдан аваад түүнийгээ виртуал гэртээ өмсөөд суух юм. Энэ бүхний дэд бүтэц нь metaverse, NFT, crypto байх нь тодорхой болоод байна.
Аль нь илүү чухал вэ? Таны бодит амьдрал дээрх төрх үү эсвэл олон нийтийн сүлжээн дээрх төрх үү?
Ямартай ч Марк Зукерберг мэдээлэл төдийгүй эд зүйлсийг виртуал хэлбэрт шилжих нь хүн төрөлхтний ирээдүй хэмээн үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл хүн хоорондын харилцаа зөвхөн ийм хийсвэр орон зайд явагдах бөгөөд цахим орчинд ганцхан тоглоом тоглох бус бодит амьдрал дээрх бүх зүйлийг хийж болох гэнэ. Үүнийг дагаад "Metaverse" өөрийн гэсэн дотоод эдийн засаг, зах зээлийг үүсгэх юм.
Анх 2014 онд Марк Зукерберг VR технологийн Oculus компанийг 1 тэрбум ам.доллароор худалдан авч байсан юм. Харин тэрээр өдгөө өөрийн хөрөнгөнөөс 10 тэрбум ам.долларыг "Metaverse"-ийг байгуулахад зарцуулаад байна. Үүний дээр ирэх таван жилийн хугацаанд Европоос 10,000 ажилчин авч энэхүү төслөө хөгжүүлэхээр төлөвлөжээ. Зукерберг ийм хэмжээний зүтгэл гаргаж байгаа нь цаанаа учиртай.
"Facebook" олон нийтийн сүлжээ нь дэлхий даяар 3 тэрбум хэрэглэгчтэй. Харамсалтай нь сүүлийн 3 жилийн доторх гол зах зээл буюу 18-29 насныхан шинэ үйлчилгээнүүдийг илүү сонирхох болсон юм. Тиймээс Зукерберг аль эртнээс төлөвлөж байсан хийсвэр ертөнц бүтээх ажлаа ийн эрчимжүүлэх болов. Тэрээр VR технологи удахгүй нийгмийн сүлжээг орлоно гэж аль 2010 онд хэлж байсан бөгөөд энэхүү төслөө хэрэгжүүлэхийн тулд салбартаа анхдагч Oculus компанийг худалдан авчээ.
Одоогийн байдлаар хийсвэр орон зайн үйлчилгээ хэд хэд байгаа ч (VR chat, Roblox) нийгмийн сүлжээг холбож өөрийн гэсэн нэг төрлийн экосистемийг байгуулсан нь байхгүй юм.