1
Үүсэл
Үнэн хэрэгтээ Вуду нь чөтгөр шуламтай огт холбоогүй. Гайти арал дээр хүчээр суурьшуулсан Африк боолууд 200 жилийн өмнө Католик шашныг өөрсдийн уламжлалт бөөгийн гэж хэлж болохоор шашинтай хослуулснаар Вуду үүссэн. Африкт 6000 гаруй жилийн өмнө үүссэн ёс заншил уг шашинд шингэсэн байгаагаас үзвэл үнэхээр эртний гэж хэлж болно.
Католик шашин болон Африк ёс заншлын нэгдэл болсон Вуду томоохон шүтлэгүүдээс ялгаатай нь яг нэгдсэн ёс жаяг байхгүй. Тиймээс энэхүү шашин дэлгэрсэн газар бүр өөрсдийн гэсэн тусгай ёслол зохиосон байна.
Гэхдээ судлаачид өнөөгийн Бенин улс буюу Баруун Африк, Конго буюу Төв Африкийн омгууд дахь уламжлалт шашин зарим талаараа Вудутай адил байгааг тогтоосон гэнэ. Чухамдаа тэдгээр омгуудын ёслолын хөгжим, бүжиг, өвөг дээдсээ шүтэх үзэл Вудуд шингэж үлдсэн байх бүрэн боломжтой.
2
Нэг бурхан
Тэгвэл Католик шашнаас Вуду ертөнцийг бүтээгч бурханг өвлөж авчээ. Ертөнцийн эзэн, дарь эх Мариа, адислал, загалмай шүтэх ёс, зул буюу лаа асаах, Христийн шашны гэгээнтнүүдийг шүтэх гээд энгийн Католик шашны олон зүйлийг Вуду өөртөө шингээсэн. Вудугийн зарим дагалдагчид өөрсдийгөө Католик шашинтай гэж үздэг бол зарим нь Вудуг хамгаалж үлдэхийн тулд Католик шашнаар халхавч хийсэн төдий хэмээх үзлийг баримталдаг байна.
Үнэхээр ч Европчууд Африкийн орнуудыг эзлэхдээ өөрсдийн соёл, шашныг хүчээр тараасан бөгөөд уламжлалт шашнаа шүтэх гэсэн африкчуудыг шийтгэх бодлого баримталсан юм. Тиймээс Христийн шашныг шүтэх дүр эсгэх замаар зарим нэг нь уламжлалаа хадгалж үлдсэн гэдэг.
Үүний жишээ бол Гайтичууд. Тэд өвөг дээдсийнхээ шүтээнээ Католик шашны гэгээнтнүүд мэт өнгөлөн далдалж чадсаны хүчинд шийтгэл авалгүй өнгөрчээ.
3
Гайтигийн хувьсгал
1791 оны 8-р сарын 14-ний шөнө Жан Франсуа, Жорж Биассу, Жанно Буллет гэсэн гурван боол цугларч Вудугийн ёсоор гахай нядалж тахил өргөв. Энэ нь дайснаа дарах ёслол бөгөөд тэд дарангуйлагчдыг устгана хэмээн тангараг өргөв.
Ийнхүү дэлхийн түүхэн дэх хамгийн том боолын бослого эхэлсэн байна. Гайтийн хувьсгалын (1791-1804) үр дүнд хар арьстнууд цагаан арьст колоничлогчдыг хүйс тэмтэрч өөрсдийгөө боолчлолоос чөлөөлсөн юм.
Үүний дараа Гайтичууд чөлөөтэй аялах эрхтэй болсон бөгөөд тэд Вудуг АНУ-д нэвтрүүлсэн аж. Хувьсгал гарснаас 13 жилийн дараа олон олон цагаачид Луизиана мужид суурьшсан бөгөөд тэндээ мэдээж Вудуг тараасан байна.
Луизиана, ялангуяа хамгийн том хот болох Нью-Орлеанс нь АНУ-ын Вудугийн төв болсон юм. Өнөө үед ч гэсэн тус хотод Вудугийн үлдээсэн нөлөөг мэдэрч болно.
4
Буруу ном
Луизиана муж хожуу АНУ-д нэгдсэний дээр Францын колони байсан гэдэг утгаараа бусдаасаа өөр байсан юм. Учир нь тус орны бусад мужууд Английн колони байсан учраас тэс өөр соёл суусан гэдгийг ойлгох хэрэгтэй.
Үүний дээр Гайтигийн боолууд эзнийхээ өмнөөс босч ялсан гэдгийг мэдсэн цагаан арьст америкчуудын хувьд тэдний шашин том дайсан шиг харагдсан нь мэдээж.
Тиймээс ч олон жилийн турш Христийн шашинт америкчууд Вудуг буруу номын суртал, чөтгөрийн шашин мэтээр ярьж зүхсээр иржээ.
Үүний дагуу сонин хэвлэлүүд Вуду нь хүнээр тахил өргөдөг, элдэв төрлийн гаж байдлаар бэлгийн харьцаанд орж ёслол хийдэг гэх мэтээр гүтгэлэг явуулж эхлэв.
Энэ нь ч үр дүнгээ өгч хүмүүс өнөөг хүртэл Вудуг буг чөтгөртэй холбож бодсон хэвээр байгаа юм. 20-р зуун гарсаар Вудугийн тухай кинонууд хийгдэх болсон бөгөөд тэдгээр нь бас л аллага, гаж дон зэргээр дүүрэн байсан нь олны сэтгэлд илүү гүн үлдсэн байна.
5
21-р зууны Вуду
Азаар орчин үед хүмүүс мухар сүсэгт итгэхээ байж Вудуг этгээд ёс хэмээн хүлээж авах болжээ. Нью-Орлеанс хот чухам өөрийн өнгө төрхийг Вудутай холбож чадсан учраас үүгээрээ жуулчдыг татдаг байна.
Хэрвээ та тус хотын гудмаар явах юм бол Вудутай холбоотой бэлэг дурсгалын зүйлс, графити зэргийг хаа сайгүй харах болно. Үүний хажуугаар хүмүүст зөв ойлголт өгөх үүднээс олон тооны сайн дурын байгууллагууд Вудугийн талаар зөв мэдээлэл тарааж эхэлсэн гэнэ. Мөн уг шашныг сонирхон судалж бүр шүтэх хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа юм.