“Курскийн цүлхэн” давтагдана

2022-04-11, 12:58
14,457
“Курскийн цүлхэн” давтагдана

АНУ, Украин, Латви зэрэг барууны улсуудын санаачилгаар НҮБ-ын ерөнхий ассамблейн ээлжит бус чуулган хуралдаж тус байгууллагын Хүний Эрхийн Зөвлөлөөс ОХУ-ыг хасах тогтоолд нийт гишүүдийн дунд санал хураалт явуулав. Украины нийслэлийн ойролцоох Буча хотод гарсан хядлагын дараа уг санал хураалтыг зохион байгуулахаар болсон юм. Нийт 47 гишүүнтэй Хүний Эрхийн Зөвлөлийн дүрэмд “хүний эрхийг бүдүүлгээр, системтэйгээр зөрчсөн тохиолдолд гишүүнчлэлээс хасах” тухай заасан байдаг. Санал хураалт явуулахын өмнө НҮБ-д суугаа Украины байнгын төлөөлөгч Сергей Кислица хэлсэн үгэндээ Украин дахь Оросын үйлдэл “зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тул тус улсыг Хүний эрхийн зөвлөлөөс хасах шийдвэр бүрэн үндэслэлтэй. Орос улс хүний эрхийг зөрчөөд зогсохгүй олон улсын энх тайван, аюулгүй байдлын үндэс суурийг алдагдуулж байна” гэж мэдэгдсэн байна. Санал хураалтад НҮБ-ын гишүүн 193 улсаас 175 улс оролцон 93 нь ОХУ-ыг хасахыг дэмжиж, 24 нь эсэргүүцэж, 58 нь түдгэлзжээ.

Ингэснээр ОХУ нь НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлөөс хасагдсан хоёр дахь улс болов. Өмнө нь 2011 онд хурандаа Муаммар Каддафийн дэглэм иргэдийнхээ эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн, цус урсган дарсны дараа Ливи улс тус зөвлөлийн гишүүнчлэлээс хасагдаж байжээ. Энэ удаа бас нэг хурандаа цолтон өөрийн улсыг хасуулав. Өмнөх хоёр санал хураалттай харьцуулахад энэ удаа илүү олон гишүүн түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн нь Ази, Африкийн олон улс дотооддоо хүний эрхийн зөрчилтэй байгаатай холбоотой гэж ажиглагчид дүгнэсэн байна. НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн гишүүнчлэлээс хасах эсэхийг түдгэлзсэн саналыг оролцуулахгүйгээр нийт саналын гуравны хоёроос дээш хувиар шийддэг. Санал хураалтыг ОХУ-ын НҮБ дахь дэд элчин сайд Геннадий Кузьмин “хууль бус, улс төрийн зорилготой алхам” гэж тодорхойлоод өөрийн улсыг НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлөөс сайн дураараа гарах болно гэж мэдэгдэв. Харин Украины төлөөлөгч Сергей Кислица “Нэгэнт ажлаас халагдах тушаал нь гарчихсан хүн сайн дураараа ажлаас гарах боломжгүй” гэж хариу мэдэгдсэн юм. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дэх ОХУ-ын үйл ажиллагааг зогсоох Ерөнхий Ассамблейн тогтоол ийнхүү батлагдав. Тэгвэл хурандаа Муаммар Каддафийн түүхийг хурандаа Владимир Путин давтах уу гэсэн асуудал судлаачдын дунд өрнөж эхлээд байна. Учир нь Оросын Батлан хамгаалах яам “Украины Донбассын районы аюулгүй байдлыг хангана” хэмээн албан ёсоор мэдэгдэж Донецк, Луганскийн мужид цэргээ татан төвлөрүүлээд байгаа билээ. Олон улсын шинжээчид Оросын ялалтын баяраас өмнө энд шийдвэрлэх тулалдаан болно хэмээн дүгнэж байгаа.

Барууны улсууд дэлхийн II дайн төгссөн өдрийг үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бол оросууд энэ өдрийг 1965 оноос ялалтын баяр хэмээн тэмдэглэх болсон юм. Өнөөдөр Украины Донбасс мужийн байдал дэлхийн II дайнд эргэлт гаргасан 1943 оны хавар болсон “Курскийн цүлхэн”-ий тулалдааны өмнөх байдалтай яг адилхан болчихоод байна. Ялгаа нь байлдааны фронт яг эсрэг зүг харсан байдалтай байна. Зөвхөн фронтын чиглэл ч эсрэг байгаа юм биш. Орос эзлэн түрэмгийлэгч, Украин эх орноо хамгаалагчид болж бас л яг эсрэг байдал бий болчихоод байна. Тэгвэл Германы фашистуудыг орлож буй хурандаа Владимир Путин шинэ “Курскийн цүлхэн”-д ялалт байгуулж Улаан талбайд ялалтын парад зохион байгуулж чадах уу?

Нэгдүгээрт, Путинд Германы Вермахтад байсан орчин үеийн цоо шинэ “Барс”, “Хаан бар” шиг танкууд, “Фердинанд” шиг өөрөө явагч их буу алга. Байсан нь устгагдсан. Харин Украинд энэ тулалдаанд зориулан “NATO” довтолгооны орчин үеийн хүнд зэвсэгнүүд өгөх нэгдсэн шийдвэр саяхан гаргасан. Үүнээс өмнө Украины эх орончид барууны улсуудаас өгсөн зөвхөн хамгаалалтын зэвсгээр тулалдаж байсан билээ. Хоёрдугаарт, яг үнэндээ Германы Эдуард фон Манштейн, Герман Гот шиг мундаг генералууд оросуудад алга. Харин украинчуудад бол байна. Тэд оросуудтай 2014 оноос тасралтгүй хийж буй дайны явцад шалгаран гарч ирсэн аж. Гуравдугаарт, Германы арми 1944 он хүртэл маш чадварлаг бага дарга нар, бага тушаалын офицеруудтай байсан. Харин хурандаа В.Путинд алга. Орос цэргүүд аллага, дээрэм, хүчин хийж буй нь үүний баталгаа. Дөрөвдүгээрт, Тухайн үед Германы арми маш чадварлаг хангалтын алба буюу Арын албатай байсан. Ийм чадварлаг алба Оросын армид үнэхээр алга байна. Тавдугаарт, тухайн үед германчууын тагнуулын ажиллагаа маш мундаг байсан. Тэд тагнуулын Ю-88 онгоцоороо байлдааны бүс байтугай Москва орчмын цэргийн хөдөлгөөнийг фото зургаар баталгаажуулан авдаг байсан.

Гэтэл өнөөдрийн Оросын гадаад болон цэргийн тагнуулын мэдээ маш сул, шаардлагаа огт хангахгүй байна. Харин украинчууд оросуудыг хаана юу хийж байгааг нь бүрэн хянаж байна. Зургадугаарт, германчууд “Курскийн цүлхэн”-ий тулалдаанд 2.5-3 сарын хугацаанд герман зангаар яс бэлдэж байсан. “Ялалтын баяр” тулчихаад орос аргаар ч хамаагүй бэлтгэх хугацаа В.Путинд үнэхээр алга. Долдугаарт, Курскийн тулалдаанд Германчууд яг хэдийд, хаагуур, яаж дайрах нь оросуудад эцсийн мөч хүртэл тодорхойгүй байсан. Өнөөдөр оросууд ямар зэвсэг, хүчээр хаагуур, яаж довтлох нь украинчуудад байтугай бидэнд тодорхой харагдаж байна. Оросын төр, засаг авлигад автсаны үр дүн энэ. Үнэн бодит байдал гэвэл “Курскийн цүлхэн”-ий тулаан давтагдана. Гэхдээ авлигачин, олигарх, хүн дүрст алуурчид болох орос дарангуйлагчдын эсрэг давтагдана.

 

Г.АМАРСАНАА

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()