Каспин тэнгисээс Сибирь хүртэл нутагт тархан оршиж байсан уг тэмээний төрөл зүйлийн сүүлчийн хэсэг манай оронд нутаглаж байсан гэх таамгийг Аризонагийн их сургуулийн антропологийн багш, судлаач Жон. В. Олсен тэргүүтэй олон улсын эрдэмтэд дэвшүүлсэн байна. Тэрээр одоогоос 27,000 орчим жилийн тэртээ Монгол нутагт цаг уурын өөрчлөлт явагдаж эхлэх тэр үед үлэмж биет тэмээний мөхөл явагдсан хэмээн үзэж буй аж.
250,000 жилийн өмнө төв Азийн тал руу нүүдэллэн ирсэн тэмээний тус зүйл нь 3 метр өндөр, 1 тонн гаруй жинтэй байсан юм. 129,000-11,700 жилийн хугацаанд төв Азийн цаг уурт эрс өөрчлөлт орж, чийглэг орчин нь хуурайшиж, үржил шимт хөрстэй тал нутаг цөлжиж, хуурай хээрийн бүс болон хувирсан нь үлэмж биет тэмээний хувьд мөхлийн эхлэл болжээ.
Жон. В. Олсен тэргүүтэй судлаачид камелус ноблочи нь цөлийн уур амьсгалд дасан зохицох чадвар сул, түүнчлэн байгалийн тогтоц ч үлэмж биет амьтдад төдийлөн нийцэлгүй байсан нь мөхлийн үндсэн шалтгаан болсон гэж тодорхойлжээ.
Мөн цэвэр усны нөөц хомс болсон, биеийн дулаанаа тэнцвэржүүлэх чадвар муу, усгүй амьдрах тэсвэр бага гэх мэт олон шалтгаанууд байсан байхыг ч үгүйсгэх аргагүй хэмээжээ.
Өнгөрсөн онд Баянхонгор аймгийн Баянлиг сумаас зүүн хойд зүгт 40 км зайд орших Цагаан агуйгаас олдсон камелус ноблочи зүйлийн тэмээний чулуужсан яс манай улсаас олдсон нь тус зүйлийн амьтны анхны олдвор юм. Судлаачид 5 ширхэг чөмөг болон хөлийн ясыг ойролцоо газруудаас олдсон чоно, дэлт чоно, тахь, хирс, илжиг зэрэг амьтны чулуужсан ястай зэрэгцүүлэн судалжээ. Уг судалгаагаар үлэмж биет тэмээ чийглэг уур амьсгал бүхий тал хээр нутагт оршин байсан гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.
Судалгааны багийн гишүүн, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын палеобиологич, доктор Алексей Клементиев “Камелус ноблочи Ази тивд, ялангуяа Монголын газар нутагт уур амьсгалын өөрчлөлт, талын экосистемийн доройтлын улмаас устаж үгүй болсон” хэмээн тодорхойлжээ.
Түүнчлэн судлаачид цаг уурын өөрчлөлтөөс гадна хүний нөлөө ч тэдний сүйрэлд нөлөөлсөн гэж таамаглаж байгаа аж. Тухайн цаг үед неандартал болон денисованчууд төв Азийн бүс нутагт амьдарч байсан, Цагаан агуйгаас олдсон урд хөлийн чулуужсан яс зэрэг нь үлэмж биет тэмээ хүмүүсийн ан авд өртдөг байсан гэх таамаглалыг бататгаж буй. Хэдийгээр камелус ноблочи нь камелус ферус буюу бидний мэдэхээр хоёр бөхтэй монгол тэмээтэй ойрын төрөл зүйл боловч судлаачид тэднийг гаршуулсан амьтан бус ангийн амьтан байсан хэмээн таамаглажээ. Энэ тухай ОХУ-ын Шинжлэх ухааны академийн угсаатан зүй, археологийн газрын ахлах судлаач, доктор Арина. М. Хаценович “Тухайн цаг үед хоёр бөхтэй монгол тэмээ болон хүн хоорондын харилцаа ямар байсан тухай тодорхой баримт байхгүй боловч камелус ноблочигийн хувьд хүмүүсийн ан байсан байх өндөр магадлалтай” гэжээ. Түүнчлэн тоо толгой нь өдрөөс өдөрт цөөрсөөр буй монгол тэмээний цаашдын хувь заяаг мөхлийн эрсдэлээс хамгаалахад камелус ноблочигийн түүхийг судлах нь чухал ач холбогдолтой юм хэмээн тодотгожээ.