Канадын Ванкувер хотын төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 87 настай саа өвчтэй өвчтөний амьсгал хураах үед хийсэн тархины бичлэгт түшиглэн хийсэн судалгааг Frontiers Aging Neuroscience сэтгүүлд нийтэлжээ. Судлаачид өвчтөний амьсгал хураахаас өмнөх 30, амьсгал хураасны дараах 30 хормын бичлэгийг нарийвчлан судлах үед хүн зүүдлэх эсвэл хуучны дурсамжаа сэргээн санах үед л ажиглагддаг мэдрэлийн эсийн холбоо үүсч байгаа нь ажиглагджээ.
Луйвиллийн их сургуулийн судлаач Ажмал Земмар “Үхлийн ирмэгт очоод амьд үлдсэн хүмүүсийн нотлон хэлдэгчлэн хүн амьсгал хураах үед туулсан амьдрал нь нүдэнд харагддаг гэдэг яриа үнэн байх магадлалтайг тархины мэдрэлийн эсүүдэд холбоос үүсч байгаагаас харж болохоор байна” хэмээжээ.
Хэдийгээр өмнө нь амьсгал хурааж буй хүний тархины бичлэг хийгдэж байсан ч тэдгээр өвчтөнүүдийн хувьд эмчилгээгээ зогсоож, найдваргүй болсон үед хийгдсэн байдаг аж. Харин энэ удаад ухаан алдаж, тархинд цус алдаж байсан өвчтөнд эмч нар саа өвчтэй гэх онош тавьж, толгойд нь электрод байрлуулж, тархины үйл ажиллагааг нь хянах зорилгоор тархины бичлэг хийж байснаараа онцлогтой болсон байна. Уг өвчтөн эмчилгээний үеэр өөд болсон бөгөөд ар гэрийнхэн нь ч эмчилгээг үргэлжлүүлэлгүй зогсоохыг зөвшөөрсний зэрэгцээ судлаачдад 15 минутын тархины бичлэгийг ч хэвлэлд нийтлэх зөвшөөрлийг олгожээ.
Судлаач Ажмал Земмар “Зүрх зогсохоос өмнөх ба дараах 30 секундэд тархинд гамма хэлбэлзэл гэж нэрлэгддэг мэдрэлийн эсийн холболт үүсч байгаа нь ажиглагдсан. Альфа болон гамма хэлбэлзэл гэдэг нь өнгөрсөн дурсамжаа хүн эргүүлэн санах үед тархинд ажиглагддаг үзэгдэл юм. Үүнээс авч үзвэл магадгүй бидний ойр дотны хэн нэгэн амьсгал хураахаасаа өмнө бидэнтэй өнгөрүүлсэн хамгийн нандин дурсамжуудаа сэтгэлдээ харсаар өөд болдог байх” хэмээн нэмж дурджээ.
Хүний хувьд энэ төрлийн судалгаанд анхдагч болж буй ч хархнууд дээр үхлийн өмнө тархинд ямар өөрчлөлт ажиглагддаг талаар судалж байсан түүх бий. Гэхдээ тус өвчтөн саажилтын эм бэлдмэл өндөр тунгаар хэрэглэсэн байсан нь түүний тархины үйл ажиллагаа хэвийн байсан эсэхэд эргэлзээ үүсгэж буйг дурдах нь зүйтэй болов уу.