Яагаад долоо хоногийн дотор жин хасах оролдлогыг хийх хэрэггүй вэ?

Эмэгтэйчүүд ихэнхидээ богино хугацаанд их жин хасах мөрөөдөлтэй байдаг. Тиймээс ч “долоо хоногт 5кг хасах”, “долоо хоногийн дотор хавтгай гэдэстэй болъё” гэх мэт мэдээллэл, зөвлөгөөг маш ихээр сонирхдог. Мэдээж, богино хугацаанд жин хассанаар өөртөө илүү итгэлтэй болох боломжтой ч эрүүл мэндээ золиослох хэрэгтэй гэж үү?

Яагаад долоо хоногийн дотор жин хасах оролдлогыг хийх хэрэггүй вэ?

Бүсгүйчүүд ямар нэг томоохон арга хэмжээ, тэмдэглэлт баяр ёслолын үеэр их жин хасах зорилгыг өмнөө тавьдаг бөгөөд урт хугацаанд дэглэм барьснаас богино хугацааны дэглэм барьж жин хасах нь илүү дээр гэж үздэг. Бодит байдал дээр богино хугацаанд жин хасах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөг үзүүлдэг гэдгийг мартаж болохгүй.  Жишээлбэл: Бид хоолны хордлого авсныхаа дараа хоол идэх дур хүсэлгүй болж, дотор муухайрах, бөөлжих, шингэн алдах гэх мэт шинж тэмдэгтэйгээсээ болоод богино хугацаанд их хэмжээний жин хасдаг. Гэхдээ энэ нь таны өөхөн давхарга хасагдаж байгаа гэсэн үг биш.  Харин хамгийн түрүүнд шингэний хэмжээ багассантай холбоотой байдаг. Богино хугацаанд жин хасах дэглэмүүд нь энэ зарчмаар ажилладаг гэсэн үг. 

Үнэнтэй нүүр тулцгаая. Богино хугацаанд 5кг болон түүнээс дээш жин хасах боломжтой гэх хоолны дэглэм, тураах бэлдмэлийн үр дүн хэдийгээр гайхалтай сонсогдож байгаа ч үр дүнг нь удаан хугацааны туршид хадгалах боломжгүй.  Үүний оронд төгс бие галбирынхаа төлөө урт хугацааг туулж, зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийх нь тохиромжтой. Энэ тохиолдолд та хассан жингээ ч тогтмол барьж чадна.

Хурдан жин хасах нь яагаад асуудалд хүргэдэг вэ?

Буруу аргаар жин хассанаар та эрүүл мэнд болон сэтгэл зүйн асуудалтай болж дэглэмийн үеэр дутуу авсан амин дэм, нүүрс усаа нөхөж хэрэглэснээр богино хугацаанд хассан жингээ эсвэл бүр түүнээс ч их жинг нэмэх магадлалтай.

Та их хэмжээний ус болон булчингийн массаа алдаж эрүүл мэндээрээ хохирно.

Судалгаагаар хурдан хугацаанд их жин хасах хоолны дэглэм барих үед урт хугацааны дэглэм барьснаас илүү их булчингийн масс болон ус алддаг болох нь тогтоогджээ.

Уг судалгаанд илүүдэл жинтэй 42 хүн оролцжээ. Нэгдүгээр багийн хувьд 5 долоо хоногийн турш өдөрт авдаг илчлэгээсээ 1500 ккал-аар бага илчлэг авснаар биеийн жингийн 5%-ийг хассан байна. Харин хоёрдугаар багийн хувьд 15 долоо хоногийн турш өдөрт хэрэглэдэг илчлэгийн хэмжээгээ 500-1000 буулгаснаар мөн л биеийн жингийн 5%-ийг хасчээ. Гэхдээ судалгааны үр дүнд нэгдүгээр багийн гишүүд хоёрдугаар багийн гишүүдээс илүү их булчингийн масс болон ус алдсан байжээ.

Энергийн зарцуулалт өөрчлөгдөнө

Дээр дурдсан судалгааны үр дүнгээс харахад хурдан жин хасаж буй хүмүүсийн хувьд бие организм нь “энерги хадгалах горим”-д шилжиж, бодисын солилцоо удааширч байгаа нь тогтоогдсон аж.

Та хоолны дэглэмийн боол болох магадлалтай

Хэрвээ та тогтмол хоол хасаж, өлсгөлөн явах бодолгүй байгаа бол богино хугацаанд хассан жин тун хурдан таны биед ирж наалдах болно гэдгийг битгий мартаарай. Ингээд та дахин шинэ дэглэм туршиж үзэх хүсэлтэй болно. Энэ мэтчилэн тойрог үргэлжилсээр та хоолны дэглэмийн боол болох юм.  Үүнийг “тойргоор жин хасах” процесс гэж нэрлэдэг. Энэ нь сэтгэл зүй, бие махбодид аюултай бөгөөд та эрүүл бус хоолны дэглэмийг эрхэмлэдэг болох магадлалтай.

Хэрхэн сэтгэл зүйгээ урт хугацааны жин хасах үйл ажиллагаанд бэлдэх вэ?

Өлсгөлөн байж өөрийгөө зовоосноос дараах зөвлөмжийг дагаж, илүүдэл жингээ таатайгаар хасаарай.

1. Нэн түрүүнд яагаад турах хүсэлтэй байгаагаа тодорхойл

Мэдээж, үзэсгэлэнтэй харагдаж, таардаг биш таалагдсан хувцсаа өмсөх нь ихэнхи хүмүүсийн жин хасах шалтгаан болдог болов уу. Гэхдээ сэтгэл судлаачдын үзэж байгаагаар, сайхан харагдахын тулд бус харин эрүүл мэнддээ анхаарал хандуулж жин хасаж буй хүмүүс илүү амжилттай турж чаддаг гэнэ.

2. Бодит зорилгыг тодорхойл

Хэрвээ та үнэхээр жин хасахыг хүсэж байгаа бол зорилгоо бодитоор тодорхойлоорой. Богино хугацаанд 10 кг хасах биш харин урт хугацаанд эрүүлээр жингээ хасах зорилгыг өөртөө тавих нь зүйтэй. Үүнээс гадна та зөв хооллолтын мэргэжилтэнгүүдэд хандсанаар илүү хялбар, өөрт зовиургүй аргаар жингээ хасаж чадна.

3. Бүх зүйлийг хориглох хэрэггүй

Шингэний дэглэм, өлсгөлөнгийн дэглэм, өдөрт 500 ккал хүнс хэрэглэх, тураах эм бэлдмэл хэрэглэх гэх мэт аргууд өнгөрсөнд үлдсэн гэхэд болно. Ухаалаг жин хасалт нь өөрийгөө стресст оруулах, дүрмээ зөрчсөн тохиолдолд өөрийгөө шийтгэдэг байх ёсгүй. Эрүүл жин хасалт гэдэг нь эрч хүчтэйгээр, аз жаргалтайгаар жин хасах явдал бөгөөд заримдаа өөрийгөө эрхлүүлж амттан, илчлэг зүйл идсэн ч болно шүү дээ.

Хэрхэн сэтгэл зүйгээ урт хугацааны жин хасах үйл ажиллагаанд бэлдэх вэ?

4. Өөртөө тохирох дасгал хөдөлгөөнийг сонгоорой

Биеийн хөдөлгөөн хийх нь илүүдэл жин хасахад тустай ч та өөрийнхөө дургүй дасгалыг хүчлэж хийх хэрэггүй.  Таны хийж буй дасгал танд таалагдах ёстой. Жишээлбэл: Хэрвээ та гүйх дуртай бол гүйж болно. Эсвэл бүжиглэх дуртай бол бүжгийн дугуйланд явсан ч болно шүү дээ.

Үүнээс гадна өдөр тутмын амьдралаа илүү идэвхитэй болгох аргыг сонгох ч боломжтой. Алхах, дугуй унах, гэрээ цэвэрлэх гэх мэт.

5. Идэж буй хоолныхоо илчлэгийг хэт их хасах хэрэггүй

Дээр дурдсанаар хэрэглэж буй илчлэгээ огцом хасах нь бодисын солилцоонд нөлөөлдөг гэдгийг бид мэдсэн. Тиймээс зөв хооллолтын мэргэжилтнүүд хэрэглэж буй илчлэгийнхээ хэмжээг хамгийн ихдээ 1000-аас дээш хасах хэрэггүй гэж зөвлөдөг.

Мэдээж, нэн түрүүнд та идэж буй зүйлсээ тогтмол тэмдэглэж, хэрэглэж буй илчлэгийнхээ тоог гаргах хэрэгтэй. Харин хэсэг хугацааны дараа та энэ бүхэнд дасаж, өдөрт ямар төрлийн хоол хүнс хэрэглэж болохоо мэддэг болно.

Үүнээс гадна хэрэглэсэн илчлэгийн хэмжээг тооцоолж, хэвийн жиндээ очиход ямар тооны илчлэг хасах хэрэгтэй гэдгийг тооцоолох төрөл бүрийн аппликейшн байдаг гэдгийг та мэдэх биз. Энэ нь таны тооцооллыг илүү хялбарчилж өгөх болов уу.

6. Зөв хооллолтын мэргэжилтэн сонгохдоо болгоомжтой байх хэрэгтэй

Ухаалаг, мэргэжлийн зөв хооллолтын мэргэжилтэн бол таны жин хасах боломжийг улам ихээр нэмэгдүүлж өгнө. Тиймээс мэргэжлийн үнэмлэх бүхий, анагаахын мэдлэгтэй хүнийг сонгох хэрэгтэй. Зарим төрлийн зөв хооллолтын мэргэжилтнүүд өөрийн бараа бүтээгдэхүүнийг зарах, сурталчилах зорилготойгоор өөрийгөө зөв хооллолтын мэргэжилтэн хэмээн нэрлэх нь ч бий.  

7. Өөртөө өгөөмөр ханд

Нэн түрүүнд гоо үзэсгэлэнгийн төлөө турах шаардлагагүй. Та өөрийн бие организмд өгөөмөр хандаж түүнийг ядраах, стресст оруулах алхмыг хийх хэрэггүй л болов уу. Мэдээж, жин хасах нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Гэхдээ жин хасах үйл явц таныг зовоох ёсгүй. Хэрвээ та өөрт тохирохгүй аргаар жин хасаж байгаа бол энэ дэглэмээ шууд орхиорой. Үүний оронд аюулгүй, танд таатай хоолны дэглэмийг зохиож, өөрийнхөө дуртай хөдөлгөөнийг хийх тал дээр анхаарал хандуулах нь зүйтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()