Ажил дээрээ хийх юмгүйн улмаас өдөржингөө дэлгэцийн ард, эсвэл текний ард гиюүрч, тарах цагийг хүлээнгээ сошиал гүйлгэж суух мэдрэмж ямар байдгийг хүн бүр мэдэх байх.
Гэтэл энэхүү уйтгартай байдал хэтэрсэн үедээ сэтгэл гутрал, ядаргаа, түүнээс үүдэн гарах төрөл бүрийн өвчлөлд хүргэх эрсдэлтэй гэнэ. Өөрөөр хэлбэл цаг наргүй ажилласнаас болж сунаж унатлаа ядрахын яг эсрэг ойлголт нь түүнтэй ижил үр дүн авчирдаг гэсэн үг.
2020 онд Парис хотын оршин суугч Фредерик Деснар нь Францын тансаг зэрэглэлийн сүрчиг үйлдвэрлэгч "Interparfums"-ын эсрэг шүүхэд гомдол мэдүүлж, 40 мянган еврогийн нөхөн төлбөр авчээ.
Деснар нь 2014 онд тус компанид ажилладаг байхдаа эрүүл мэндийн шалтгаанаар 7 сарын чөлөө авснаас хойш өдийг хүртэл эрхэлсэн ажилгүй байгаа юм. Түүний өмгөөлөгч Монтассер Шарнигийн үзсэнээр Фредерик жолоо барьж байхдаа таталт өгсний улмаас осолд орж, хэд хоногийн турш ухаангүй хэвтэж, хожмоо эрүүл мэндийн асуудалтай болсон нь түүний хуучин ажил дээрх "архаг уйдаа"-тай холбоотой ажээ.
Тэрээр өмнө нь ажилдаа бүхнээ зориулдаг завгүй нэгэн байсан боловч компани нь томоохон гэрээ хийгээд бүтэлгүйтсэний дараа түүний хийдэг зүйл төдийлөн ач холбогдолгүй болж хувирчээ. Ийнхүү тэрээр "Interparfums"-ын ерөнхийлөгчийн ойр зуурын ажилд тусалж өдрийг өнгөрүүлэх болсон байна.
Дараагийн дөрвөн жилийн турш Фредерик нэг өдөрт ердөө 20-40 минутыг ажил хийхэд зориулсан бөгөөд түүнийг цагтаа ирж байгаа эсэхийг хэн ч тоодоггүй байжээ. Тухайн үед тэрээр "там руу унаж буй мэт байсан" хэмээн Le Monde сонинд ярилцлага өгөхдөө дурджээ.
"Юунд ч зарцуулах эрч хүч надад үлдээгүй. Зүгээр суугаад цалин авч байгаадаа би үргэлж санаа зовж, бусдаасаа ичдэг байв. Заримдаа оффис дээр өөрийгөө үл үзэгдэгч болчихсон юм шиг мэдэрдэг байлаа" хэмээжээ.
Ийнхүү Фредерикийн эрүүл мэндийн байдал муудсан нь түүний компани дээрх ажлын дутагдалтай холбоотой байсныг өмгөөлөгч нь шүүх хурал дээр мэдэгдсэн байна. Ийм учраас Фредерик "Interparfums"-аас учруулсан хохирлоо төлөхийг шаардан 360 мянган евро нэхэмжилж, хөдөлмөрийн маргааныг зохицуулах газарт ханджээ.
Хэдий компанийн өмгөөлөгчид түүнийг тэрхүү дөрвөн жилийнхээ хугацаанд энэ асуудлаа огтхон ч мэдэгдээгүйг буруутгасан боловч Парисын давж заалдах шатны шүүхээс хохирогчийн талд шийдвэр гаргасан байна. Тодруулбал шүүх хурлаар Фредерик Деснарын уйдсан явдлыг нэг төрлийн дарамт хэмээн үзэж, нөхөн төлбөр болгон 40 мянган евро олгохыг даалгажээ.