Дэлхий дээрх анхны эзэнт гүрнийг байгаль эх хэрхэн мөхөөсөн бэ?

Хүн төрөлхтний түүхэнд хүчирхэг эзэнт гүрэн олон гарч ирж байсан ч ихэнх нь цаг хугацааны шалгуурыг давалгүй мөхсөн билээ. Тэдгээрийн сүйрэл нь дайн, бослого, тахал зэрэг янз бүрийн шалтгаантай байсан юм. Сонирхолтой нь хүний бус цэвэр байгалийн хүчин зүйлээс болж сүйрсэн эзэнт гүрэн бас байдаг аж. Энэ үүднээс та бүхэнд уур амьсгалын нөлөөгөөр устаж үгүй болсон түүхэн дэх хамгийн анхны эзэнт гүрэн Аккадын тухай хүргэж байна. 

Дэлхий дээрх анхны эзэнт гүрнийг байгаль эх хэрхэн мөхөөсөн бэ?

Хүн төрөлхтний түүхэн дэх анхны эзэнт гүрэн гэж тооцогддог Аккадийг МЭӨ 2335 онд Месопотамийн хөндийд Саргон хэмээх эр үүсгэн байгуулсан байдаг. Анхандаа Аккад хотын хаан байсан тэрээр цэргийн хүчээ үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж чадсаны нөлөөгөөр Зүүн Израйль болон эртний Шумерын суурингуудыг (Одоогийн Иран, Ирак, Турк, Сири) нэгтгэж чадсан юм. Тиймээс Ойрхи Дорнодын дараа дараагийн нөлөө бүхий эзэнт гүрнүүд (Шумер, Вавилон, Ассир, Перс) Аккадын эзэнт гүрнийг анхны төрт улс хэмээн хүндэлж, өөрсдийгөө тэдний залгамжлагч хэмээн үздэг байжээ. 

Аккадын эзэнт гүрэн бараг хоёр зуун жилийн турш цэцэглэн хөгжсөн боловч 4200 орчим жилийн өмнө (МЭӨ 2154 онд) гэнэт сүйрчээ. Эрдэмтэд үүний шалтгааныг тодруулахаар удаан хугацааны турш судалгаа, мэтгэлцээн хийсэн байдаг. Ихэнх түүхчид Аккадыг дайснууд нь эзэлж устгасан гэж үздэг байсан ч зарим шинжээчид уур амьсгалын өөрчлөлт тус улсын мөхөлд гол үүрэг гүйцэтгэсэн гэсэн онолыг дэвшүүлсэн байна. Тэгвэл 2019 онд эрдэмтэд чухам үүнийг баталсан зүйлийг нээсэн гэхэд болно. 

Тухайн бүс нутагт эрдэмтдийн хийсэн археологийн судалгаанаас үзэхэд Аккадын хүч чадлын оргил үе Саргоны ач хүү Нарам-Суэн-ы хаанчлалын үед тохиож байжээ. Тэр үед Аккадын эзэнт гүрний хял хязгаар нь Газар дундын тэнгисээс Персийн булан, тэндээс Тигр, Евфрат мөрний хөндий хүртэл хүрээд байсан аж. Бараг хоёр зууны турш Аккадын эзэнт гүрэн хүн төрөлхтний анхны соёл иргэншлийн жинхэнэ төв байв.

Харин МЭӨ 22-р зууны дундуур энэхүү хүчирхэг гүрэн гэнэт сүйрсэн байна. Малтлагаас үзэхэд Аккадын хаант улсын нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэг нь дараа нь одоогийн өмнөд Азербайжан, Курдистаны нутаг дэвсгэрээс гаралтай нүүдэлчин соёл бүхий Гути овгийн эрхшээлд орсон болохыг харуулж байна. Гэсэн хэдий ч хуучин Аккадын эзэнт гүрэн сүйрснээс бараг гурван зууны дараа л нүүдэлчид газар нутагт нь суурьшжээ. 

Эндээс харвал дайн тулааны нөлөөгөөр тус улс устаагүй болж таарах нь. Мөн Гути овог Тигр, Евфрат мөрний үржил шимтэй хөндийд л суурьшсан болохоос Аккадын бусад хэсгүүдэд тархаагүй юм. Тэгвэл дэлхийн анхны эзэнт гүрнийг юу сөхрүүлж чадсан юм бол?

20-р зууны сүүлчээр зарим археологичид Аккадын эзэнт гүрний хүч чадал тухайн бүс нутгийн цаг уурын өөрчлөлтөөс болж суларсан гэсэн онолыг дэвшүүлжээ. Гэсэн хэдий ч удаан хугацааны туршид энэхүү таамаглалыг дэмжигчдэд нотлох баримтолдоогүй юм. 

Тэгтэл 2019 онд Япон, Германы эрдэмтдийн хамтарсан олон улсын археологичдын баг Оманы буланд судалгаа хийсэн юм. Тэд Арабын тэнгис, Персийн булангийн хооронд малтлага хийж эрт үед уур амьсгалын өөрчлөлт хэрхэн явагдсаныг судалжээ. 

Эрдэмтэд орчин үеийн Сирийн зүүн хойд хэсэг буюу Тел-Лейлан археологийн дурсгалт газрын гидрологи, температурын өөрчлөлтийг загварчилжээ. Чухам тэнд Аккадын эзэнт гүрний төв байрладаг байв. Судлаачид Оманы булангаас олдсон чулуужсан далайн шүрний 6 дээж дээр гол анхаарлаа хандуулсан аж.

Орчин үед тухайн бүс нутагт өвлийн улиралд бороо элбэг ордог бөгөөд үүнийг борооны улирал хэмээн нэрлэх болжээ. Гэвч дээрх чулуужсан олдворуудад хийсэн шинжилгээгээр эрт үед бүс нутгийн уур амьсгал огт өөр байсныг тогтоосон байна. Аккадын эзэнт гүрний уналтын үеэр буюу 4200 орчим жилийн өмнө тус нутаг ган гачигт нэрвэгджээ. Дараа нь үл мэдэгдэх шалтгааны улмаас нутгийн уур амьсгал эрс өөрчлөгдөж, гурван зууны турш Аккад даяар хуурай халуун жилүүд үргэлжилсэн гэнэ. 

Үүний хажуугаар баруун хойд зүгийн агаарын урсгал нэмэгдэж асар хүчтэй салхи үлээх болсон бөгөөд үүний нөлөөгөөр Ирак ба Персийн булан дахь их хэмжээний элс шороо Аккадыг бүрхэн авчээ. 

Хүчтэй салхи, элсний нүүдэл, ган гачиг, усны хомсдол зэргээс болоод хүчирхэг гүрний хөдөө аж ахуйн салбар сүйрсэн байна. Ингээд Аккадын эзэнт гүрэн бүхэлдээ өлсгөлөнд нэрвэгдэв. Мэдээж өлссөн ард түмэн алба гувчуураа төлөх нь бүү хэл амьжиргаагаа ч залгуулж чадахгүй болсон тул бослого хөдөлгөөн хаа саагүй гарчээ. Үүнийг анзаарсан дайчин соёлтой хагас нүүдэлчин Гути овог Аккад руу довтолсноор бүх зүйл нуран унасан байна. 

Хэдийгээр Аккадын эзэнт гүрнийг гадны түрэмгийлэгчид сөнөөсөн гэж албан ёсоор үздэг хэвээр боловч дээрх судалгааны нөлөөгөөр археологичид энэ бүхний гол буруутан нь уур амьсгалын эрс өөрчлөлт хэмээн үзэх болжээ. Аккад шиг хүчирхэг гүрэн чухам дотоодын өлсгөлөн, бослого хөдөлгөөн зэргээс болж сул дорой болсон учраас дайсны довтолгоонд дарагдсан байна. Ийнхүү хүн төрөлхтний түүхэн дэх анхны эзэнт гүрэн болох Аккад улс байгалийн өмнө хүчин мөхөсдөж сүйрсэн гэж бид баттай дүгнэж болно.

Хэдийгээр техник технологи үсрэнгүй хөгжиж байгаа ч үүний гайгаар хүмүүс бид өвөг дээдсээсээ илүү сул дорой болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тийм ч учраас хүмүүс бид байгалийн хүчин зүйлийг өөрсдийн эрхшээлд оруулахыг оролдох болсонд гайхах зүйлгүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()