Штауффенберг нь язгууртан гаралтай, католик шашинтай гэр бүлээс гаралтай нэгэн байсан бөгөөд залуу наснаасаа офицер болсон аж.
Тэрээр улс төр сонирхдоггүй байсан ч гэсэн хуучинсаг, үндсэрхэг үзэлтэй байв. Тиймээс Штауффенберг эхэндээ нацистуудыг дэмжиж байсан боловч цагийн эрхээр тэдний харгислалыг жигших болсон бөгөөд эцэст нь Герман улс дайнд дийлдэж эхэлснээс болоод санаа нь бүрэн эргэжээ.
1943 онд Штауффенберг Тунист алба хааж байхдаа маш хүнд шархдаж, нэг нүд, баруун гар, зүүн гарын хоёр хуруугаа алдсан юм.
Түүнийг эмчилгээ хийлгэж байх үед Гитлерийг устгаж, нацист дэглэмийг түлхэн унагах санаа агуулсан генерал Хеннинг фон Тресков тэргүүтэй бүлэг хүмүүс Штауффенбергтэй холбоо тогтоожээ. Чухамдаа нацистуудыг зайлуулахаас өөр сонголт байхгүй гэдгийг ойлгосон Штауффенберг тэдний эгнээнд элсээд зосгохгүй гол хүмүүсийнх нь нэг болов.
Дараагийн саруудад Гитлерийг хороох гэсэн хэд хэдэн оролдлого бүтэлгүйтсэн бөгөөд нууц цагдаа гестапо хуйвалдааныг илрүүлэх магадлал тэр чинээгээр нэмэгдэж эхэлсэн байна.
Харин 1944 онд Штауффенберг Германы орлох армийн командлагчийн штабын дарга болжээ. Үүний ачаар тэрээр Гитлерт ойртох боломж болсон бөгөөд үүнийг ашиглан шууд өөрөө аминд нь хүрэх төлөвлөгөө зохиосон юм.
Гэвч энэхүү төлөвлөгөө нь бас л эрсдэлээр дүүрэн байв. Штауффенберг цүнхтэй тэсрэх бодис барин "Чонын үүр"-т нэвтрээд өдөр тутмын хурлын үеэр цүнхээ Гитлерийн ойролцоо байрлуулна. Тэгээд нэг шалтаг тоочоод өрөөнөөс гарах бөгөөд хэсэг хугацааны дараа бөмбөг тэсрэх юм.
Дэлбэрэлтийн дараа Штауффенберг Берлин рүү даруй буцаж ирээд бусад нөхдийнхөө хамтаар орлох армийг ашиглан улсыг хяналтандаа авахаар төлөвлөжээ. Мэдээж энэхүү төлөвлөгөө бүтэлгүйтвэл ганцхан хуйвалдааны эзэд төдийгүй тэдний гэр бүл, төрөл төрөгсөд нь маш хүнд шийтгэл амсах байв.
1944 оны 7-р сарын 20-ны пүрэв гарагт Штауффенберг "Чонын үүр"-т ирсэн аж. Хурлыг 12:30 цагт хийхээр товлосон бөгөөд бүх зүйл цагтаа эхлэв. Харамсалтай нь Штауффенбергд хэн нэгэн саад болсноос болоод тэрээр 2 тэсрэх бөмбөг байсны нэгийг л залгаж чаджээ.
Ямартай ч тэрээр цүнхээ Гитлерийн ойролцоо байрлуулаад өрөөнөөс гарчээ. Ийнхүү өрөөнд тэсрэлт болсны дараа тэрээр Берлин рүү яаран хөдөлсөн байна. Штауффенберг байгаа устгасан гэж бат итгэсэн боловч том андуурчээ. Дэлбэрэлт болохын өмнөхөн Штауффенбергийн цүнхийг хэн нэгэн Гитлерээс холдуулж, том ширээний хөлний ард байрлуулсан байв.
Мэдээж ганцхан тэсрэх бөмбөгийн дэлбэрэлт төлөвлөсөн шиг хүчтэй байж чадаагүй байсан бөгөөд Гитлерийг өнөөх зузаан царс модоор хийсэн ширээ хамгаалжээ. Дэлбэрэлтийн улмаас дөрвөн хүн нас барж, олон хүн шархадсан ч Гитлер амьд үлдсэн байна.
Хэдэн цагийн дараа Фюрер амьд байгаа гэсэн мэдээ тарах үед Берлинийг эзлэх гэсэн оролдлого нь бүтэлгүйтсэнийг хуйвалдагчид ойлгов. Штауффенберг хамсаатнуудын хамтаар баривчлагдан тэр даруйдаа цаазлуулсан юм.
Тухайн үед Штауффенбергийн бие давхар эхнэр Нина дөрвөн хүүхдийн хамт Свабийн толгод дахь гэр бүлийн эдлэнд байрлаж байжээ. Бертольд юу болоод байгааг тэрээр мэдсэнгүй.
Тэр шөнөдөө гестапогийнхон ирж Штауффенбергийн эхнэр, ээж, ах нарыг бүгдийг нь баривчилсан бөгөөд хүүхдүүдийг нь асрамжийн газар руу илгээгдсэн байна.
Үүний дараа олон мянган хүнийг бослого гаргах гэх үндэслэлээр баривчилж, цаазалсан юм. Штауффенбергийн эхнэрийг Равенсбрукийн хорих лагерь дахь Гестапогийн шоронд хүргэсэн аж. Дайны дараа тэрээр хүүхдүүдээ олж чадсан бөгөөд насан эцэслэх хүртлээ өөр хүнтэй гэрлээгүй байна.
Сонирхолтой нь Штауффенбергийн хүү Бертольд Баруун Германы армийн генерал болсон төдийгүй өнөөг хүртэл төрөлх хотдоо амьдардаг гэнэ.