- Сахарын цөлийн ихэнх хэсэгт элснээс өөр зүйл байхгүй, хүн амьтан амьдардаггүй учраас хүссэн хэмжээгээрээ нарны хавтан байрлуулах боломжтой. Ийм том хэмжээний сул талбай өөр хаана ч үгүй.
- Экваторын бүстэй ойролцоо байрладаг тул нарны гэрлийг их хэмжээгээр хүлээж авдаг. Жилийн ихэнх өдөр нь үүлгүй нарлаг байдаг.
Ингээд харвал Сахарыг нарны цахилгаан станц байгуулахад яг таарсан газар гэж хэлж болно.
Элсэн шуурга, хэт халалт мэтийн сул тал байж болох ч тэдгээр асуудлыг шийдэх нь тийм ч хэцүү биш.
Тиймээс Чад, Нигер, Ливи, Алжир, Нигери, Египет зэрэг орнуудын хувьд энэхүү цөлийг эрчим хүчний эх үүсвэр болгох нь маш чухал юм.
Харамсалтай нь дээрх орнуудын хувьд том хэмжээтэй цахилгаан станц барих хөрөнгө байхгүй. Харин яг зэргэлдээх Европ тивийн хувьд байдал өөр. Герман, Франц зэрэг тивийн аж үйлдвэрийн төвүүд нь Сахарын цөлөөс ердөө 2000 км-ийн цаана байрладаг юм. Мэдээж тийшээ эрчим хүч хүргэхийн тулд Газар дундын тэнгисийг давах хэрэгтэй ч энэ нь өндөр хөгжилтой орнуудын хувьд асуудалгүй байх боломжтой.
Гэвч одоогоор эрчим хүч дамжуулалтын өртөг хэт өндөр хэвээр байгаа учраас Сахарыг Европтой холбох боломжгүй байгаа аж.
Төмөр утсаар гүйдэл дамжуулах үед үргэлж бага хэмжээний эрчим хүчний алдагдал үүсдэг.
Цахилгааны шугам хооронд дэд станцууд байгуулах юм бол ийм хэмжээний алдагдлыг арилгах боломжтой. Гэсэн хэдий ч хэдэн зуун, хэдэн мянган км-ийн урттай цахилгааны шугамын хувьд алдагдал нь дэндүү их байх юм.
Тиймээс Сахарт хичнээн их хэмжээний цахилгаан үйлдвэрлэснээс үл хамааран гүйдэл нь Европт хүрсэн хойноо юу ч ажиллуулж дийлэхгүй хэмжээнд хүртлээ багассан байх юм.
Жишээлбэл ердийн 220 вольтын генератор аваад 500 км урт утсаар дамжуулбал жижиг гэрлийн чийдэнг асааж чадахааргүй болтлоо гүйдлийн хүч нь буурах болно.
Тэгвэл инженерүүд ямар арга хэрэглэж хүчдэлийг алдагдлыг бууруулдаг юм бол?
Шугамаар дамжуулагдаж буй хүчдэл өндөр байх тусам эрчим хүчний алдагдал бага байдаг. Үүний дагуу цахилгаан дамжуулах шугамын эхэнд хүчдэлийг нэмэгдүүлж, гаралт дээр бууруулдаг тусгай дэд станцууд байгуулдаг юм.
Өөрөөр хэлбэл хичнээн хол зайд цахилгаан дамжуулна төдий чинээгээр их хүчдэл гүйлгэх ёстой.
Жишээлбэл Орос шиг хол зайд цахилгаан дамжуулах ёстой газарт дундаж цахилгааны шугамаар 100,000 вольтын хүчдэл гүйдэг. Хэдэн зуун, бүр хэдэн мянган километрийн урттай шугамын хүчдэл 800,000 вольтод хүрнэ.
Цахилгаан дамжуулах шугамын хүчдэлийн дэлхийн дээд амжилтыг Казахстаны (ЗХУ-ын үед баригдсан) Кокшетау-Экибастуз шугамд тогтоосон юм. Тус шугамаар дээд тал нь 1.15 сая вольт гүйдэг гэнэ.
Эндээс үзвэл Сахараас Европ хүрнэ гэвэл зүгээр л их хэмжээний хүчдэл шугамаар нь гүйлгэх хэрэгтэй мэт санагдаж магадгүй. Гэхдээ бодит байдал дээр өөр асуудлууд гарч ирнэ.
Дээр дурьдсан 1 сая вольтоос дээш хүчдэлтэй Казахстаны шугам нь ердөө 432 км урт юм. Мөн ердийн үед 5.5 гигаватт цахилгаан эрчим хүчийг түүгээр дамжуулдаг. Харьцуулбал Москва шиг том хот 9 гигаватт цахилгааны хэрэглээтэй.
Сахарын цөлөөс Европ хүртэлх шугамын урт нь дор хаяж 1-1.5 мянган км (Казахстанаас 3-4 дахин урт) байх ёстой. Дараа нь түүгээр 5.5 гигаваттаас илүү эрчим хүчийг багадаа 10 сая вольтын хүчдэлтэйгээр дамжуулах ёстой болно.
Чухамдаа ийм их хэмжээний цахилгааныг дамжуулж чадах шугам байхгүй бөгөөд эрдэмтэд энэхүү асуудлыг одоохондоо шийдэж чадаагүй байна.
Үүний дээр хүчдэлийг 10 сая вольт хүртэл нэмэгдүүлэхийн тулд маш бүдүүн дамжуулагч утас хэрэгтэй болно. Мөн Газар дундын тэнгисээр дамжих тул агаар дээгүүр бус тэнгисийн ёроолоор нүх гаргаж кабель татах ёстой.
Мэдээжийн хэрэг асуудлыг шийдэх өөр аргууд бий Жишээлбэл, хувьсах биш тогтмол гүйдэл ашиглаж болох ч ингэнэ гэвэл зардал хэдэн зуу дахин нэмэгдэх юм.
Дээрээс нь өнөө үед нарны эрчим хүчний үнэ огцом нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, нарны цахилгаан станцаас нэг метрийн зайтай газарт шугам татсан ч цахилгааны өртөг нь атомын цахилгаан станц, дулааны цахилгаан станц, усан цахилгаан станцаас хэд дахин өндөр байх болно гэсэн үг.
Ерөнхийдөө Сахарын эрчим хүч нь Европын хувьд авч ч болохгүй, хаяж ч болохгүй эрдэнэ юм. Египет өөрөө Сахарын цөлд оршдог ч эрчим хүчний асуудлаа шийдвэрлэхийн тулд арай хямд атомын цахилгаан станц барихыг илүүд үздэг аж. Учир нь ингэсэн нь эдийн засгийн хувьд илүү ашигтай, илүү найдвартай, байгаль орчинд ээлтэй аж.