Далайчид олон сарын турш аялахдаа ундны усаа хэрхэн зохицуулдаг байсан бэ?

Орчин үеийн далайчид технологийн дэвшлийн ачаар хэдэн сарын усны нөөцөө нэг дор авч явж чаддаг болсон билээ. Тэгвэл эрт үед дэлхийг тойрон аялдаг байсан хөлөг онгоцны багийнхан далайд төөрөх, дээрэмчдийн халдлагад өртөх гэх мэт шалтгаанаар задгай далайд төлөвлөснөөсөө удаан хугацааг өнгөрүүлэх нь байнгын үзэгдэл байв. Тэгвэл энэ хугацаандаа тэд ундны усны хэрэгцээгээ хэрхэн хангадаг байсан юм бол?

Далайчид олон сарын турш аялахдаа ундны усаа хэрхэн зохицуулдаг байсан бэ?

1 Усыг нөөцлөх аргууд

Эрт цагт хөлөг онгоцны усыг том торхнуудад нөөцөлж авдаг байсан юм. Тэрхүү торхнуудыг хариуцсан даамал байх бөгөөд тэр хүн өдөр тутмын хэрэглээг тооцож усны хэмжээг зохих хэмжээнд байлгах үүрэгтэй байжээ. Чухамдаа Их Бртанийн тэнгисийн хүчин эсвэл халим агнуурын хөлөг онгоцны тэмдэглэлд усны хэмжээг заасан бүртгэлүүд хамгийн их байдаг аж.

Тэр бүү хэл далайн дээрэмчид хүртэл хүнс болон усны нөөцийг хариуцсан хүнтэй байсан юм.

Тэгвэл алс холын аялалд хэр их ус шаардагддаг байсан юм бол?

Усыг нөөцлөх аргууд

Их Британиас Энэтхэгийн Сурат хот руу 10,500 км замыг туулан очиход нэг хүнд дунджаар 476 литр ус хэрэгтэй болно гэж нэгэн орчин үеийн судлаач тооцож гаргасан байна. 1700-аад оны үеийн дарвуулт хөлөг дунджаар 5 зангилаа (цагт 9.6 км) хурдалдаг гэвэл далайд нийт 240 өдрийг өнгөрөөнө гэсэн үг. Нэг хүний усны хэрэглээ өдөрт 2 л байхаар тооцвол 476 литр ус ердөө 298 өдөрт л хүрэлцэх юм. Дээрээс нь тухайн хөлөг онгоц хэдэн зуун хүний багтаамжтай байвал яагаад ч тийм их усыг ачиж чадахгүй.

1797 онд анх ашиглалтанд орсон АНУ-ын тэнгисийн цэргийн USS Constitution хэмээх хөлөг онгоц нь өнөөг хүртэл далай дээр ашиглалтанд байгаа цорын ганц дарвуулт хөлөг юм. Тус хөлөг ердөө 140 мянган литр усны багтаамжтай аж.

USS Constitution-аар 300 хүн тээвэрлэнэ гэж тооцвол зөвхөн цэвэр ус л гэхэд дор хаяж 142 мянган литр хэрэгтэй. Үүн дээр нэмээд хүнс нөөцлөх хэрэгтэйг мартаж болохгүй.

Дээрээс нь цэвэр усыг торхонд удаан хадгалбал хөгц үүсч муудах аюултай байдаг. Тэгэхээр далайчид нэг дор бүх усаа авч явдаггүй, харин зам зуураа бага багаар сэлбэдэг байсан нь тодорхой болно. 

2 Усыг удаан хадгалахгүй

Дээр үеэс цэвэр усыг торхонд удаан хадгалж болохгүй гэдгийг мэддэг байжээ. Цаг агаарын байдлаас шалтгаалан хэдхэн өдрийн дотор муудах аюултай тул ямар нэг аргаар түүний хадгалах хугацааг уртасгах хэрэгтэй болно. 

Эртний Ромын үеэс эхлэн цэвэр усны ихэнх хэсгийг цагаан цуутай хольж тээвэрлэх аргыг ашигладаг байсан аж. Багахан цуу дусаасан ус 14 хүртэлх хоногт цэвэр байдлаа хадгалдаг аж. Гэхдээ энэ аргыг хэрэглэсэн тохиолдолд богино зайд л усыг тээвэрлэх боломжтой болно. 

Иймд холын замд гарсан далайчид спиртийн агууламжтай ундаа хэрэглэж усыг цэвэршүүлдэг байжээ. Бохирдсон ус уух нь цусан суулга зэрэг ноцтой өвчлөлд хүргэдэг учраас ингэхээс өөр сонголт тэдэнд байгаагүй юм.

Усыг удаан хадгалахгүй

Британийн Тэнгисийн флотын алдарт адмирал Эдвард Вернон (1739-1742 онуудад флотыг удирдаж байсан) далайчин бүрт өдөр бүр хагас пинт (0.284 литр) ром дарс өгөх тушаал гаргаж байсан юм. Үүний тусламжтай тэрээр цэргүүдээ төрөл бүрийн гэдэс ходоодны өвчлөлөөс хамгаалж чаджээ. 

Харамсалтай нь үүнд согтсон далайчид зодоон хийх нь нэмэгдсэн тул Адмирал Вернон асуудлыг шийдэх өөр нэг гайхалтай арга олсон юм. Үүний дагуу далайчдад зөвхөн цэвэр ус, нимбэгний шүүсээр шингэлсэн рум дарс тараах болов. Мэдээж хэрэг үүнд усан цэргүүд сэтгэл дундуур байсан нь ойлгомжтой.

Далайн дээрэмчид мөн ром дарсыг устай хольж удаан хугацаанд тээвэрлэх боломжтой болгосон байна. Мөн спиртийн агууламжтай ундаа нь гэдэс ходоодыг цэвэрлэж, элдэв халдварт өвчин тархахаас сэргийлнэ. Удалгүй худалдааны хөлөг онгоцнууд ч энэ аргыг өргөнөөр хэрэглэж эхэлжээ.

Харин 1780-аад он гэхэд Британичууд 2 литр цэвэр усанд 300 грамм нимбэгний шүүс нэмж эхлэв. Нимбэгний хүчил нь усан доторх бичил биетнүүдийг согтууруулах ундаанаас дутахааргүй устгадаг аж. Нимбэгтэй ус ойролцоогоор 20-25 хоног мууддаггүй учраас энэхүү арга нь томоохон амжилт олсон юм. 

3 Аяллын маршрут төлөвлөх

Гэсэн хэдий ч хэдэн арав, хэдэн зуун хоног далайд байх хүмүүст нэмэлт усны нөөц хэрэг болдог байв. Тиймээс далайчид байнга шахуу боомтууд дээр зогсож усаа сэлбэж авдаг байсан юм.

17-18-р зууны үеийн далайн аяллын тэмдэглэлүүд дээр цэргийн болон худалдааны хөлөг онгоцууд нэг цэгээс нөгөө рүү явахдаа цэвэр ус гэх мэт нэн шаардлагатай зүйлсээ нөхөх зорилгоор тогтмол боомтууд дээр зогсдог тухай дурдсан байдаг.

Тухайн үед Европын орнууд өнөөгийн Латин Америк болон Зүүн өмнөд Азийн колониуд руу хамгийн их далайн тээвэр хийдэг байв. 

Зүүн өмнөд Азид хүрэх хөлөг онгоцнууд замдаа Канар, Кабо-Верде, Гэгээн Хелена зэрэг арлууд, Мадагаскарын эрэг дагуу эсвэл ойролцоо байрлах арлуудаас цэвэр ус авдаг байжээ. 

Хамгийн урт далайн аялал болох Латин Америк руу хүрэхийн тулд Атлантын далайг хөндлөн туулах байв. Намрын сүүлээр Португалийн худалдааны хөлөг онгоцнууд Карибын тэнгисийн зүүн хэсэгт орших Барбадосыг зорьж гарна. Тэд дунджаар найман долоо хоногийг далайд өнгөрүүлж байж зорьсон газраа хүрнэ. Харамсалтай нь энэ хоёр сарын аяллын үеэр цэвэр усаа нөхөх газар замд нь огт таарахгүй тул усаа маш нарийн тооцож нөөцлөх хэрэгтэй байжээ. 

Аяллын маршрут төлөвлөх

4 Задгай далайд хэрхэн усаа нөхөх вэ?

Атлантын далайг хөндлөн туулж буй далайчид зарим нэг овжин арга хэрэглэж ус олдог байв. 

Мэдээж бороо орсон тохиолдолд тэд чадах чинээгээрээ саваа дүүргэж авахыг хичээнэ. Зарим хүмүүс бүр далайн шорвог усыг хүртэл буцалгаж үзсэн байдаг.

Харин далайн дээрэмчид олон тооны амьд яст мэлхийг хөлөг онгоцон дээрээ авч явдаг байсан тухай баримт бий. Том яст мэлхий нь биедээ тусгай хүүдий дотор ус хадгалдаг. Тиймээс нэг талаас тэдгээр амьтад усны нөөц болдог бөгөөд үүний хажуугаар махыг нь хүнс болгож хэрэглэх боломжтой юм. 

Гэхдээ үүнээс гадна өөр нэг ус олох энгийн шийдэл байсан гэнэ. 

Гордон Миллер хэмээх эрийн бичсэн алдарт "Voyages: To the New World and Beyond" хэмээх номонд ахмад Жеймс Күүкийн тухай бичсэн байна.

1773 онд тэрээр далайгаар аялж яваад мөсөн уултай таарчээ. Тэрхүү уулын мөсийг хайлуулж үзтэл цэвэр уснаас бүтсэн болох нь тодорхой болов. Тиймээс далай тогтуун байх үед Күүкийн хөлөг онгоцууд мөсөн уулнаас чадах чинээгээрээ ус нөөцөлж авдаг болсон аж. 

Задгай далайд хэрхэн усаа нөхөх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()