Ашхабад нь хуучин ба шинэ хот гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Нэг нь амьд хүмүүсийн хот, нөгөө нь үхэгсдийн хот гэж хэлж болохоор юм. Өнөөдөр бид та бүхэнд шинэ Ашхабадын тухай танилцуулахаар бэлтгэлээ.
2000-аад оны эхэн үед тус улсын анхны ерөнхийлөгч Сапармурат Ниязов нийслэлээ өргөжүүлж, дахин босгох санаачлагыг гаргасан юм. Тэрээр 1993 оноос төрийн эрхийг өөр дээрээ төвлөрүүлсэн бөгөөд "Туркменчуудын эцэг" гэсэн утга бүхий "Туркменбаши" хэмээх нэр зүүж, ард түмэндээ Сапармурат Туркменбаши хэмээн нэрлэгдэж байв.
Ингээд Сапармурат шинэ нийслэлийнхээ бүх барилгыг нь гантигаар барих зарлигийг гаргасан байна. Барилгын ажил нь 2010-аад оны үед дууссан бөгөөд 2013 онд Ашхабат нь цагаан гантигаар чимэглэсэн хамгийн олон барилга байгууламжтай хотоор Гиннесийн амжилтын номонд бичигджээ. Тухайн үед Ашхабадын гантигаар хучсан нийт талбай 4.514 сая хавтгай дөрвөлжин метрт хүрээд байв.
Шинэ "Туркменчуудын эцэг" буюу ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов энэхүү уламжлалыг үргэлжлүүлэхээр шийдэн дараах мэдэгдлийг гаргасан байдаг:
"Цагаан гантиг нь барилга байгууламжийг гоёмсог харагдуулахаас гадна нарны гэрлийг ойлгодог тул зуны улиралд хананы халалтыг бууруулж, өвлийн үүлэрхэг цаг агаарт гэрэлтэж илүү "гэгээлэг" уур амьсгалыг бий болгодог."
Эрх баригчид гантигаа Италиас зөөдөг хэмээн мэдэгдсэн ч сөрөг хүчин үүнийг үгүйсгэжээ. Учир нь ихэнх барилгуудын гадна талын гантигууд дээр хэдхэн жилийн дараа хар толбо үүсэж эхэлсэн нь чанарын шаардлага хангаагүй материал ашигласны илрэл аж.
Мөн гантиг хавтангуудыг сайн наагаагүйн улмаас өндөр барилгын дээрээс унаж, доогуур өнгөрөх хүмүүсийг эрсдэлд оруулах болов.
Хотыг бүхэлд нь өөрчилж, сэргээн босгож байсан тохиолдол түүхэнд ховор учраас үүнд багагүй хэмжээний хөрөнгө шаардагдах нь мэдээж. Ер нь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд дундаас Ашхабат шиг их хөрөнгө зарцуулж шинэчлэлт хийсэн нь байхгүй.
Ганц гэм нь бүтээн байгуулалтын зураг төслийг гаргахдаа өнгөрсөн зууны дунд үед буюу Сталины дор ажилладаг байсан Зөвлөтийн архитекторуудын зураг төслийг "хуулсанд" оршино.
Хэн ч явдаггүй, хэн ч амьдардаггүй үлэмж хэмжээтэй өргөн чөлөө, зам талбай, барилга байгууламж нь үнэндээ иргэдийн амьдралд чиглэсэн гэхээс илүүтэй тухайн улсын сүр хүчийг харуулж, хүн амыг дарангуйлах зорилготой байдаг аж. Чухамдаа 1950-аад онд Москвад л ийм дүр зураг үзэгдэж байсан юм.
Ашхабадыг гайхалтай хурдан хугацаанд барьсан юм. Аварга том цэцэрлэгт хүрээлэн, өргөн чөлөө, бие биенээсээ хол баригдсан байшингууд. Гол нь бүгд хоосон. Хотын цэцэрлэгээр зугаалж байгаа хүн ганц ч алга.
Оройн цагаар гудамжинд хүн бараг үзэгдэхгүй.
Өдөр нь томоохон талбай, өргөн чөлөө зэрэг нь хоосон байна.
Шөнө нь бас л хоосон.
Үнэндээ хотын төв рүү энгийн хүмүүс нэвтрэх хориотой юм. Ерөнхийлөгчийн ордон нь доорх зурагт буй алтан дээвэртэй байгууламж. Мэдээж хэрэг тийшээ ойртоно гэж зүүдлээд ч хэрэггүй.
Хотын төвд, Ашхабадын хөшөөний дэргэд ч хүн алга. Нутгийн нэг иргэнээс бүх хүмүүс хаана байгааг асуухад ажил дээрээ байна гэж хариулсан. Гэвч ажил тарах цагаар гудамжинд нэг ч хүн гарч ирээгүй. Тэгтэл нөгөө хүн бас өдийд бүгд гэтээ харьсан гэж байна. Амралтын өдрүүдээр гудамж талбай нь бас л хоосон байдаг.
Хотын төв рүү зөвхөн машинаар л хүрэх боломжтой. Явган гадуур явж ийм гайхалтай барилгуудыг муухай харагдуулах эрх хэнд ч байхгүй.
Ерөнхийлөгчийн ордны ойролцоо ийм том талбай бий. Ийшээ харин хүмүүс нэвтэрч болно. Манайхаар бол төв талбай гэж хэлж болох ч энд зугаалсан, элдэв төрлийн юм зарсан хүмүүс мөн байхгүй.
- Чи үүгээр явж болохгүй! гэж ногоон дүрэмт хувцастай цагдаа хашгирав
- Яагаад болохгүй гэж? Энэ бас хориотой бүс хэрэг үү?
- Үгүй ээ, энэ бол хотын төв!
-Тэгээд хотын төвөөр алхаж болдоггүй юм уу?
- Хүмүүс энд ирдэггүй юм!
- Яагаад?
- Хүмүүс ажил хийгээд завгүй байгаа. Тийм болохоор эндээс яв!
Цагдаа нарт үнэндээ хүн гудамжаар зугаалдаг гэсэн ойлголт байсангүй.
Хотын алтан хөшөөнүүдийг цэвэрлэдэг хүмүүс, эргүүлийн цагдаа нараас өөр амьд амьтан энд байсангүй.
Барилгууд нь дээрээ хаягтай ч "Дэлгүүр", "Кафе" эсвэл "Бизнес төв" гэсэн энгийн бичигтэй байна. Энд хувийн өмч гэж байдаггүй бололтой.
Хаягууд нь улаан, ногоон, шар, цэнхэр өнгөөр бичигдсэн байх бөгөөд хэдхэн фонтын сонголттой аж. Бүх зүйл яг нэг стандарттай гэж болно.
Үнэндээ энд ямар ч дэлгүүр, үйлчилгээ байхгүй. Гял цал болсон цонхны цаана үнэндээ хоосон хонгил л байгаа.
Ганцхан гудамжны барилгууд дээр алдартай брэндүүдийн хаягуудыг зоожээ. Үхэгсдийн хотод амь оруулах гэсэн бололтой.
Хамгийн олон хүн зэрэг зам гарч байгаа нь.
Дэлгүүр гэсэн газруудыг очиж үзтэл юу ч алга. Заримынх нь дотроос гэрэл үзэгдэх боловч тэр нь зүгээр л чимэглэл болж таарав.
Зарим дэлгүүрүүд юу зардаг болохоо гэрлэн чимэглэлээр дүрслэн үзүүлжээ.
Гоёмсог гэрэлтэй энэхүү барилга дотор таамгийн дагуу ямар ч кафе, ресторан байхгүй байлаа.
Харин эдгээр байшингууд нь албан тушаалтнууд болон нөлөө бүхий хүмүүст зориулагдсан тансаг орон сууц юм. Өндөр таазтай, газар доорх зогсоолтой, төвийн агааржуулалтын системтэй.
Нэг талдаа 3, нийт 6 эгнээтэй зам. Энэ бол зочид буудалд хүрэх зам юм. Үүгээр 30 минут тутамд нэг машин өнгөрдөг.
Гудамжны гэрлүүдийг нь сайн ажиглах хэрэгтэй. Гудамж бүр өөр хэлбэрийн шонтой учраас хаана явж байгаагаа ганцхан үүгээр тодорхойлж болно.
Хүмүүс тагтан дээрээ хивсээ хатааж байгаа нь.
Зогсоол дээр хэдхэн машин байна.
Тоглоомын талбай дээр нь хүүхдүүд байхгүй.
Цэцэрлэгчид.
Шинэ Ашхабадын төрх ийм л байна.
Гаднаас нь харвал үнэхээр л хөгжилтэй орон юмдаа гэж бодогдохоор байна. Гэхдээ энэ хотыг иргэдэд зориулж бариагүй нь мэдээж.
Гайхалтай нь хотын цахилгаан нь үнэгүй юм. Тиймдээ л энэ олон гэрлийг асааж чадаж байгаа байх.