Жэймс Ховен 1973 онд урлагийн хүмүүсийн гэр бүлд төрсөн юм. Түүний аав Жон Войт нь нэртэй жүжигчин төдийгүй Оскарын шагнал хүртсэн нэгэн бол ээжийнх нь карьер төдийлөн амжилт олоогүй гэдэг. Тиймээс Жеймс болон түүний төрсөн дүү Анжелина нарын аль алинд нь кино ертөнцөд амжилт гаргах боломж бүрэн дүүрэн байв.
Харамсалтай нь тэдний аав гэр бүлээ орхиод явсны дараа ээж Маршелин Бертранд нь Лос Анжелес хотоос Нью-Йорк руу нүүсэн боловч хүүхдүүддээ сайн боловсрол олгохын тулд хэдхэн жилийн дараа эргэж ирсэн байна. Тэрээр хүү охин хоёрынхоо төлөө цаг зав, хөрөнгө мөнгөө хайрлалгүй зарж, юугаар ч дутаалгүй өсгөжээ. Энэ бүхний нөлөөгөөр ээж, хүү, охин гурвын амьдрал хайраар бялхаж байлаа.
Харин эцэг Жон нь энэ зуур карьер хөөгөөд завгүй байсан тул хүүхдүүддээ анхаарал огт хандуулаагүй байна. Тиймээс хүүхдүүд нь аавынхаа овгийг өвлөж авахаас татгалзаж, ээжийнхээ өгсөн дунд нэрийг овгоо болгожээ. Ингэж тэд Анжелина Жоли, Жэймс Хэйвен гэх нэртэй болсон байна.
Беверли Хиллсийн ахлах сургуульд дунд боловсрол эзэмшсэнийхээ дараа Жеймс Өмнөд Калифорнийн их сургуульд элсэн оржээ. Тэрээр тэндээ кино урлагийн чиглэлээр суралцаж, үлгэр жишээ оюутан болжээ.
Суралцах хугацаандаа тэрээр "Оюутны шилдэг кино бүтээл" төрөлд Жорж Лукасын нэрэмжит шагнал хүртэж байжээ. Эндээс харвал Жеймс дүүгээсээ дутахааргүй авъяастай нэгэн гэдэг нь хэнд ч гэсэн ойлгомжтой юм.
Ярилцлага өгөхдөө Жоли ах нь түүний амьдралд ямар чухал үүрэг гүйцэтгэсэн талаар ний нуугүй ярьдаг аж. Учир нь Жэймс дүүгийнхээ төлөө өөрийгөө хүртэл зольж чаддаг учраас Анжелина түүнд хэзээд найдаж болдог гэнэ.
Тийм ч учраас түүнийг аливаа хүлээн авалтууд дээр найз нөхөд нь бус ах нь үргэлж дагалдаж явдаг бөгөөд арын ажил хэргийг нь ч гэсэн Жэймс зохицуулж хөөцөлддөг байжээ.
Мөн Анжелина анхны хүүхдээ өргөж авахад ах нь хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгажээ. Тэр ч байтугай Жэймс түүний гэрт удаан хугацаанд амьдарч, хүүхдийг нь харж өгсөн аж.
Жэймс өөрөө энэ зуур жүжигчний карьераа өсгөх гэж оролдсон боловч хэдхэн бүтээл дээр жижиг дүр бүтээхээс хэтрээгүй байна.
Удалгүй тэрээр "Trudell" хэмээх баримтат кино бүтээж, үүнийхээ ачаар хэд хэдэн шагналын эзэн болов.
Энэ мэтээр Жэймс илүү завгүй болж байсан ч дүүдээ хэзээд цаг гаргахад бэлэн байв. Ерөнхийдөө Анжелинаг дэлхий даяар алдаршуулсан амжилт ололт, алдаа оноо бүрийн цаана Жэймс байсан гэхэд хилсдэхгүй.
2000 онд Жоли "Girls Interrupted" киногоор шилдэг туслах дүрийн шагнал хүртмэгцээ ахыгаа уруул дээр нь үнссэн байдаг. Чухам энэ явдал тэр даруй томоохон шуугиан дэгдээсэн бол учир мэдэх хүмүүс нь тэднийг үнэхээр ойр дотно гэдгийг мэдэх учраас төдийлөн тоогоогүй байна.
Гэвч олон нийт тэднийг амрагийн харилцаатай мэтээр шуугиж эхэлсэнд ах дүү хоёр туйлын эгдүүцжээ. Энэ үеэр мөн гэр бүлд нь уй гашуу тохиолдож, ээж нь хорт хавдартай хэмээн оношлогдсон юм. Удтал өвчинтэйгөө тэмцсэний эцэст тэрээр 2007 онд нас баржээ. Үүний дараа ах дүү хоёр олон жилийн турш холбоо тасарсан аавтайгаа эргэж уулзах боломж олджээ.
Гэвч харамсалтай явдал үүгээр дууссангүй, Анжелина Жоли болон Брэд Питт нарын салалт ах дүү хоёрт хоёуланд нь хүндээр туссан байна. Жоли хүүхдүүдээ асран халамжлах эрхээ дангаараа авахыг хүссэн бол Питт тэднийг хамтдаа өсгөхийг хүссэн аж.
Тэгтэл зовох цагт үргэлж хажууд нь байсаар ирсэн ах нь энэ явдал дээр Питтийн талд орсон нь Анжелинад хүнд цохилт болов. Тэрээр хүүхдүүдийг эцгээс нь салгавал яавч сайн зүйл тохиолдохгүй гэдгийг бага насны туршлагаасаа ойлгосон тул Брэд Питтийг өмгөөлөн мэдүүлэг өгчээ. Гэтэл Анжелина эцгийг нь орлож байсан ачийг мартсан мэт ахдаа өс санажээ.
Ийнхүү Жоли нөхрөөсөө салснаас хойш ахтайгаа огт харьцахаа больсны зэрэгцээ утсаар ч ярихаа больжээ.
Тун даруухан амьдралтай Жэймс сүүлийн үед кино наадмууд дээр найз нөхдийн хамт л үзэгдэх болжээ. Тэрээр хэзээ ч гэрлэж байгаагүй учраас хүүхэдтэй болоогүй гэнэ.
Зарим хэвлэлүүд ах нь насаараа ганц бие явсанд Жоли буруутай хэмээн үзсэн байна. Учир нь Анжелинад түүний найз бүсгүйчүүдээс нэг нь ч таалагдаагүй бөгөөд Жэймс дүүгийнхээ үгэнд орж, бүгдээс нь харьцаагаа тасалсан аж.
Ямартаа ч үй зайгүй өссөн ах дүү хоёр он цагийн эрхээр эргэж нэгдэнэ гэсэн горьдлого л үлдэж байна.