Японы түүхэн дэх сүүлчийн "харакири"-г үйлдсэн алдарт зохиолч Юкио Мишимагийн түүх

Юкио Мишима хэмээх нэрээр алдаршсан Кимитакэ Хираока нь Японы хамгийн алдартай, нөлөө бүхий зохиолч нарын нэг байсан юм. Тэрээр өөрийн зохиол, яруу найраг, нийтлэлүүдээрээ Нобелийн шагналд нэр дэвшиж байсан төдийгүй найруулагч, жүжигчин, симфони оркестрийн удирдаач хийдэг байсан гэдгээс харвал эргэлзээгүй суут хүн байжээ. Юкио амьдралынхаа сүүлийн жилүүдэд Такэнокай буюу "Бамбайн бүлгэм" хэмээх хэт үндсэрхэг, хагас цэрэгжсэн бүлгэмийг байгуулж Японд төрийн эргэлт хийхийг оролдсон бөгөөд улмаар өөрийн үзэлдээ хэт автаж, 1970 оны 11-р сарын 25-ны өдөр 45 настайдаа "харакири" хийх буюу мэсээр гэдсээ хүүлж амиа егүүтгэсэн юм. 

Японы түүхэн дэх сүүлчийн "харакири"-г үйлдсэн алдарт зохиолч Юкио Мишимагийн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Кимитакэ Хираока нь 1925 оны 1-р сарын 14-нд томоохон самурайн удмын гэр бүлд төрсөн байна. Хүүгийн эмээ Нацуко нь бүр эзэн хааны удамд багтдаг байсан учраас гэр бүлийн хүрээнд нэлээд эрх ямбатай байжээ. Тиймээс тэрээр үүнийгээ ашиглан Кимитакэг эцэг эхээс нь салгаж өөрөө өсгөсөн гэнэ.

Нацуко ач хүүдээ дэндүү хайртай байсан учраас түүнийг бусдаас харамлан нарны гэрэлд хүртэл гаргадаггүй, спортоор хичээллэж, бусад хөвгүүдтэй тоглохыг зөвшөөрөөгүй байжээ. Тиймээс Кимитакэ ихэнх цагаа ганцаараа эсвэл хааяа эмэгтэй үеэлийнхээ хамт хүүхэлдэйгээр тоглон өнгөрөөдөг байв.

Гэхдээ эмээ нь ачийнхаа боловсролд хангалттай анхаарч, Японы язгууртнуудын суралцдаг Гакушюин хэмээх нэр хүндтэй сургуульд элсүүлжээ. Тэнд Кимитакэ хэд хэдэн хэл заалгаж, уран зохиол, театрын урлагтай танилцсан байна. Энэ үеэс тэрээр зохиол бичиж эхэлсэн бөгөөд тэдгээрийг нь багш нар ихэд үнэлж, бусад сурагчдын өмнө уншиж өгдөг байв.

12 настайдаа Кимитакэ эцэг эхтэйгээ дахин хамт амьдрах болжээ. Гэвч эцэг нь эмээгээс нь дутахааргүй дарангуйлагч нэгэн бол таарсан юм. Тэрээр цэргийн хүмүүжилтэй байсан учраас хүүгээ бие махбодоор нь дэглээд зогсохгүй уран зохиолын сонирхлыг нь хэт сул дорой гэж үзэн хориглосон аж. Гэхдээ ээжийнхээ ачаар Кимитакэ зохиолч болох хүслээ гүйцэлдүүлсэн юм. 

Харамсалтай нь хязгаарлагдмал орчинд өссөнөөс болоод тэрээр туниа муутай, бүрэг, дуу цөөтэй залуу болж хувирсан байна. 

1944 онд Дэлхийн 2-р дайнд Япон улс ялагдаж эхэлсэн тул бүхий л залуусыг бие бялдар үл харгалзан цэрэгт татаж эхлэв. Зарлан дуудах хуудас авсан Кимитакэ энэ үеэр нэрээ Юкио Мишима хэмээн сольж, цэрэг татлагад орохоор шийджээ. Гэвч бусдаас мэдэгдэхүйц сул дорой бялдраасаа болоод үзлэгийн үеэр тэрээр олны доог тохуу болсон байна. Үүний дээр хөнгөхөн ханиалгыг нь эмч сүрьеэ өвчин гэж оношлосон учраас цэрэгт явахаас өнгөрөв. Юкио шиг эх оронч хүний хувьд энэ нь жинхэнэ хүнд цохилт болсон юм. 

Ийнхүү 2-р дайны үед армийн арын албанд зүтгэх болсон Юкио зүгээр суухгүйн тулд зохиолуудаа бичиж эхэлсэн аж. Чухамдаа энэ үеэр л түүний бүтээлүүд эх оронд нь төдийгүй дэлхийн хэмжээнд нэрд гарч, томоохон амжилтанд хүрчээ.

Гэхдээ өөрийн бие бялдартаа тэрээр санаа зовсон хэвээр байсан тул 1955 онд бие болоод сэтгэлээрээ цоо шинэ хүн болохоор эрс шийдэж, усан сэлэлтээс эхлэн кэндо, бялдаржуулах спорт болон каратэгаар хичээллэсэн байдаг. 

Тэгтэл 1960 онд Ерөнхий сайд Нобүсүкэ Киши АНУ-тай эвслийн гэрээ байгуулах гэж байгааг олон зуун мянган хүн эсэргүүцэх үеэр Мишимагийн цөс хөөрсөн байна. Энэ хүртэл улс төрийн үзэл санаагаа нууцалсаар ирсэн тэрээр жинхэнэ "тэсэрч", үндсэрхэг үзэлтэй бүтээлүүд туурвиж эхлэв. 

Үүний ачаар Мишима хэт барууны үзэлтэй, жижиг хэдий ч нөлөө бүхий улс төрийн бүлгэм байгуулав. 1968 оны 2-р сарын 26 гэхэд тэрээр 1970 онд сунгах АНУ-ын эвслийн гэрээг эсэргүүцэх зорилготой цэргийн бүлгэмээ хамгийн ойр дотны 11 шавийнхаа хамтаар байгуулжээ. Тэд Япон улсыг гадны нөлөөнөөс хамгаалж, уламжлалт засгийн газар байгуулах цусан тангараг өргөсөн юм.

Тангараг өргөснөөс 2 долоо хоногийн дараа Мишима шавь нарын хамтаар Японы өөрийгөө хамгаалах хүчинд элсэж "эх орноо хамгаалах салаа"-г байгуулахыг оролдсон байна. Яваандаа энэ санааг нь цэргийнхэн дэмжихгүй гэдгийг ойлгосон тэрээр хувийн арми болох "Бамбайн бүлгэм"-ээ бүрдүүлжээ.

Тус байгууллагын зорилго нь Японы уламжлалт үзэл санааг хамгаалан барууны нөлөөг улсаасаа хөөн гаргаж, эзэн хаанд эрх мэдлийг буцаан өгөх байв. Мишима өөрийн цэргийн болоод улс төрийн нөлөөгөө ашиглан хувийн армийнхаа хүмүүсийг Японы өөрийгөө хамгаалах хүчинд оруулж бэлтгэж чадсан юм. 

Тухайн оны намар нь Мишима Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшсэн хэдий ч эцэст нь тус шагналыг багш Ясүнари Кавабата нь хүртсэн юм. Мишима өөр Япон зохиолч тус шагналыг ойрын хугацаанд дахин хүртэх магадлал багатай гэдгийг мэдэж байв. Гэхдээ түүний хувьд өөр зүйл хамаагүй чухал байсан учраас нэг их тоосонгүй. 

Удалгүй тэрээр эцсийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр шийдэж хамгийн ойрын хүмүүсийн хамтаар төрийн эргэлт хийхээр болов. Гэвч түүний хүмүүс хааны ордныг эзлэх санааг нь няцаасан тул Токиогийн төвд байрлах Японы өөрийгөө хамгаалах хүчний бааз Ичигая руу дайрахаар шийдэв. 

Тус баазыг эзлэх нь хэд хэдэн шалтгааны улмаас чухал шийдвэр болсон юм. Ичигая тус улсын хамгийн том цэргийн удирдлагын төв байсны дээр хамгийн олон тооны цэрэг байрлаж байсан аж. Мөн 24 жилийн өмнө буюу Дэлхийн 2-р дайны дараа тэнд Японы цэргийнхэн болоод улс төрийнхнийг шүүсэн гэдэг. 

Тэнд төрийн эргэлт хийснээр Мишима цэргүүдийн үндсэрхэг үзлийг сэдрээж, өөрийгөө Японы бэлэг тэмдэг болгоно гэж найдсан байна.

1970 оны 11-р сарын 25-нд Мишима хамгийн сүүлчийн зохиолоо хэвлэлийн компани руу илгээгээд өөрөө дизайныг нь гаргасан цэргийн дүрэмт хувцсаа өмсөн гарчээ. Ингээд тэрээр  ойрын нөхдийн хамт Ичигая бааз руу явав. Тэд холбоо сүлбээгээ ашиглан баазын командлагчтай уулзах цаг товлож чадсан аж.

Мишима дагалдагч нарын хамтаар захирагчийн өрөөнд оронгуутаа дотор нь байсан хүмүүсийг барьж хүлээд, цэргүүдийг урд талбайд цуглахыг тушаажээ. 

Цэргүүд цугларсны дараа Бамбай бүлгэмийн хоёр гишүүн тэдэнд ухуулах хуудас тараасан байна. Мишима дараа нь тагтан дээр гарч, Японы үндсэн хуулийг "хууль бус" гэж мэдэгдээд, төрийн эргэлт хийж эзэн хаанд эрх мэдлийг нь эргүүлэн өгөөд зогсохгүй улс орноо хуучны үед аваачихыг цэргүүдэд уриалсан байна. 

Гэтэл тэнд цугласан 1000 гаруй цэрэг удирдах офицерийг нь барьж хүлсэн хачин дүрэмт хувцастай этгээдийг барихаар шийдсэн аж. 

Ийнхүү Мишима оролдлого нь бүтэлгүйтсэнийг ойлгоод командлагчийн өрөөнд буцаж орон харакири хийжээ. Ингэхдээ уламжлал ёсоор цээжин хэсгээрээ нүцгэлж, гэдсээ мэсээр хүүлсэн байна. Дараа нь Бамбай бүлгэмийн гишүүдийн нэг Масакацү Морита түүний толгойг катана сэлмээр тасалжээ. Ийнхүү Мишимагийн төрийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтлээр дууссан аж. 

Юкио Мишимагийн оршуулгын ёслолд ургийнх нь 280 гишүүн болон бусад зочид оролцсон бөгөөд Японы өнцөг булан бүрээс 8000 гаруй хүн ирж хүндэтгэл үзүүлжээ. 

Халдлагад оролцсон Бамбай бүлгэмийн амьд үлдсэн гишүүд дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд хоёр нь суллагдсаныхаа дараа энгийн амьдралаар амьдарчээ. Үүний дараа Бамбай бүлгэмийн хуучин гишүүд, шүтэн бишрэгчид нь нийлж жил бүр Мишимаг дурсах арга хэмжээ зохион байгуулж ирсэн бөгөөд түүний хөшөөг Японы олон хотод босгожээ.

Юкио Мишимаг яагаад тийм болчимгүй үйлдэл хийснийг хүмүүс өнөөг хүртэл хэлэлцсээр ирсэн юм. Зарим нь тэр бүхнийг ердөө театрчилсан үзүүлбэр байсан гэж үзсэн бол зарим нь түүнийг үнэхээр бослого гаргахыг оролдсон гэдэг.

Ямартай ч ажил амьдрал нь таавар хэвээр үлдсэн түүний "Алтан сүм", "Хориотой өнгө" роман, "Үржил шимийн далай" дөрвөлсөн боть нь өнөө ч гэсэн алдартай хэвээр байгаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()