"80-аад оны нүүр царай": Үзэсгэлэнт жүжигчин Брүүк Шилдсийн амьдралын түүх, өнөөгийн төрх

Брүүкийн хүүхэд нас камерын дурангийн өмнө өнгөрсөн гэхэд хилсдэхгүй. Тэрээр хамгийн анх 11 сартайдаа дэлгэцээр гарсан бөгөөд 10 настайдаа нүцгэн зураг авалтанд оролцож, 12 насандаа биеэ үнэлэгчийн дүрд тоглож, 15 насандаа “The Blue Lagoon” киногоороо дэлхий дахинд од болсон байна. Үүнээс гадна тэрээр Майкл Жексоны найз болж, “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимэглэсэн хамгийн залуу алдартны тоонд орох болсон. 16 насанд нь түүнийг "1980-аад оны нүүр царай", хамгийн алдартай модель хэмээн өргөмжилсөн байна. Түүний амьдрал олны анхаарлыг маш ихээр татаж байсан ч нэг л мэдэхэд бүсгүй дэлгэцээр харагдахаа больсон юм. Тэгвэл өдгөө 56 настай бүсгүйн амьдрал хэрхэн өрнөж байгаа бол?

"80-аад оны нүүр царай": Үзэсгэлэнт жүжигчин Брүүк Шилдсийн амьдралын түүх, өнөөгийн төрх

1 Хааны удам

Брүүк Шилдс хүүхэд насныхаа талаар дурсах үнэхээр дургүй. Учир нь түүнд хүүхэд нас гэж бараг л байгаагүй. Үеийнх нь хүүхдүүд түүний амжилт, нэр хүндэд атаархаж байсан бол Брүүк өөрөө үргэлж бусдаас ичиж зовж, сэтгүүлчдээс зугтдаг байсан юм. Харин ээжийнх нь хувьд тэрээр төрсөн цагаасаа эхлээд хүүхэд нь гэхээсээ илүү орлого олох хэрэгсэл нь болсон аж.

Хааны удам

Брүүкийн ээж болох Терри ухаалаг, тооцоолол сайтай эмэгтэй байжээ. Бүсгүйн ирээдүйн нөхөр болох томоохон бизнесмэн Фрэнк Шилдсийн эцэг эх нь хүүгээ Территэй гэрлэхийг огт зөвшөөрөхгүй байжээ. Учир нь Фрэнкийн удамд Итали, Францын язгууртнууд байсан бөгөөд түүний өвөг нь  Францын Анри IV хаан байсан аж. Тиймээс ч тэд энгийн нэгэн ардын охинтой хүүгээ гэрлүүлэхийг хүсээгүй байна.  

Фрэнкийн гэр бүлийнхэн Терриг жирэмсэн гэж мэдмэгцээ түүнд их хэмжээний мөнгө амлаж, хүүхдээ авахуулахыг шаардсан байна. Терри дугтуйтай мөнгийг авсан ч Брүүк охиноо төрүүлсэн аж.

Эцэст нь Терри санасандаа хүрч, Фрэнктэй гэрлэжээ. Гэвч хосуудын гэрлэлт ердөө 5 сар үргэлжилсэн байна. Хожим нь Терри бүх зүйлд нөхрийгөө буруутгаж, охиных нь амьдрал хэрхэн эргэсэнд эцэг нь хамгийн их нөлөөтэй байсан мэтээр харагдуулжээ.  Гэхдээ Брүүк өсөж том болмогцоо гэр бүл салалтын шалтгаан нь түүний ээжийн муухай ааш байсан гэдгийг ойлгожээ.

Брүүкийн хүүхэд нас

2 Хүүхэд биш хүүхэд нас

Брүүкийг төрмөгц Терри түүнийг од болгохоор шийдсэн байна. Терри өөрөө модель учир зураг авалтандаа тогтмол охиноо дагуулж явах болжээ. Ингээд бяцхан Брүүк 11 сартай байхдаа хамгийн анх дэлгэцээр гарсан байна. Улмаар хар нялхаасаа Брүүк модель болж, алдартай загварын агентлагуудтай хамтран ажиллаж эхэлсэн аж. Үүнээс гадна хөгжимчин, балетчин, жүжигчин болохоор бэлтгэгдэж, телевизэд ажиллаж байжээ.

Хүүхэд наснаас нь эхэлж охиноо дэлхий нийтийн анхаарлын төвд оруулах Терригийн төлөвлөгөө хэрэгжих тусам түүний  шунал даамжирч, аймшигтай гэмээр санаанууд гаргах болжээ. Жишээлбэл охиноо ердөө 10 настай байхад түүнийг нүцгэн зураг авалтанд оруулсан байна. Мэдээж энэ нь хууль бус тул хожим эдгээр зургуудыг олонд нийтлэхийг хориглосон аж.

Удалгүй Брүүкийн кино жүжигчин болох гараа эхэлж, 12 насандаа “Pretty Baby” кинонд тоглосон байна. Гэхдээ хамгийн гол нь тэрээр тус кинонд эмсийн хүрээлэнд ажилладаг охины дүрийг бүтээсэн юм.

Хүүхэд биш хүүхэд нас

“Pretty Baby” киноны хэсгээс, 1978

15 насандаа Брүүк алдартай хувцасны брэндийн сурталчилгаанд тоглосон нь ихээхэн шүүмжлэл дагуулжээ. Учир нь тэрээр сурталчилгаан дээр “Миний өмссөн жийнс бид хоёрын хооронд юу байгааг мэдэхийг хүсэж байна уу? Юу ч байхгүй” гэж хэлдэг аж. Жаахан хүүхдээр ёс бус сэдэлтэй зүйл хэлүүлсэн шалтгаанаар тус сурталчилгааг эфирээр гаргахыг хориглосон байна.

15 насандаа Брүүк “Холливудын Лолита” хочтой болсны зэрэгцээ тухайн үед байлдан дагуулж байсан Майкл Жексонтай найзалсан явдал нь олныг гайхшралд автуулж, цуу яриаг дэвэргэжээ.

Дуучин эр ч охинтой гэрлэмээр байгаагаа тоглоомоор (үгүй ч байж болох) хэлсэн нь гал дээр тос нэмсэн явдал болов. Харин Брүүк түүнтэй зөвхөн найз нөхдийн холбоотой гэж хэлсэн аж.

Тухайн жилдээ Брүүк “The Blue Lagoon” кинонд гол дүрийг бүтээснээр дэлхий даяар алдартай болжээ. Хөлөг онгоц сүйрсний дараа арал дээр хоёулхнаа амьд үлдсэн хүү, охин хоёрын тухай уг кинонд өгүүлдэг. Киноны ихэнх хэсэгт охин нүцгэн биеэ зөвхөн даавуугаар халхалсан байдалтай гарна.

“The Blue Lagoon” киноны хэсгээс

3 Ариун сахиусан тэнгэр

Хэдий дээрх бүх маргаантай асуудалд орооцолдсон ч Брүүкийн ээж ярилцлага бүртээ охиныхоо даруу ааш, цэвэр ариун байдлыг тодотгож, бүр түүний биеийг даатгуулсан болохыг зарлаж байв. "Охин маань гэнэн хонгор сахиусан тэнгэр л гэсэн үг. Тэр ч байтугай гэрлэх хүртлээ цэвэр ариун явна гэдгээ надад амалсан" хэмээн хэлж байжээ.

Үнэхээр ч Брүүк Шилдс 22 нас хүртлээ охин насаа хадгалж чаджээ. Гэхдээ энэ бол түүний шийдвэр байгаагүй бөгөөд харин ээжийнх нь бизнес төсөл байсан гэнэ. Охиноо төгс нэгэн байлгахыг хүссэн тэрээр түүний бие махбодийг тогтмол хянаж, жин нэмэхэд нь загнаж, баярын үеэр ч түүнд амттан өгдөггүй байжээ. Үүнээс болоод Брүүк өөртөө итгэлгүй, аймхай нэгэн болсон аж.

Ариун сахиусан тэнгэр

Брүүк Шилдс ээжийнхээ хамтаар

Хожим нь Брүүк хэлэхдээ хэрвээ эрт охин насаа алдсан бол өөрийгөө байгаагаар нь хайрлаж сурч, сэтгэл зовнилоо арилгах байсан хэмээн харамссан байна.

16 насандаа Америкийн хамгийн алдартай моделуудын нэг болсон тэрээр “Vogue” сэтгүүлээс "1980 оны нүүр царай" хэмээн өргөмжлөгдөж байв.  Харамсалтай нь энэ хугацаандаа тэрээр хэзээ ч жинхэнэ аз жаргалыг мэдэрч байгаагүй гэнэ. Хүн бүр түүнээс дөлж, зайгаа барьж байсан тул охинд найз гэж байсангүй.

“Хаа явсан газар хүмүүс намайг сонжсон маягаар харж, таагүй мэдрэмжийг төрүүлдэг байсан. Толинд хараад өөрийгөө хувиа хичээсэн амьтан гэж боддог байв... Хүн бүр өөрийн гадаад төрхийн сул талыг мэддэг. Гэвч бүх хүмүүс чамайг төгс мэт магтахад энэ нь өөртөө итгэх итгэлийг хөсөрдүүлдэг” гэжээ.

4 Сайн ээж, гэрийн эзэгтэй

Принстоны Их сургуульд орсныхоо дараа жүжигчин бүсгүй эцэст нь ээжийнхээ хяналт болон олны анхаарлын төвөөс гарч чадсан юм. Ингээд тэрээр хувийн амьдралыг анх удаа мэдэрч, тухайн үеийн хамгийн алдартай залуус болох Николас Кейж, Доди аль-Файед, Жон Траволта нартай болзжээ. Гэвч энэ бүх харилцаа төдийлөн удаан үргэлжилж байсангүй.

Бүсгүй 32 насандаа алдарт теннисчин Андре Агасситай гэрлэсэн байна. Хожим нь Брүүк ээжийнхээ хяналтаас бүрэн гарахын тулд л нөхөрт гарсан гэдгээ дэлгэсэн байдаг. Тийм ч учраас уг гэрлэлт 2 жил л үргэлжилсэн байна.

Харин 2001 онд Брүүк продюсер Крис Хенчитай гэрлэж, 2 охинтой болсон аж. Бага охин нь жүжигчин бүсгүйг 40 настай байхад төржээ.

Сайн ээж, гэрийн эзэгтэй

Шинэ зуун гарсны дараа жүжигчин бүсгүй кинонд тоглосоор байсан ч бага залуу насных шигээ шуугиан тарьсан дүр аваагүй. Гэхдээ 80-аад оны нүүр царай маань энэхүү даржин амжилтдаа огтхон ч санаа зовоогүй, харин ч туйлын сэтгэл хангалуун байжээ.

Өнөөдөр тэрээр бүхий л цаг хугацаагаа гэр бүлдээ зориулж, үлгэр жишээ ээж болсны зэрэгцээ аз жаргалтай амьдралаа олны нүднээс нуудаг болжээ. Өөрийн сонгосон зам, ажил хэрэг, гоо үзэсгэлэндээ өмнө нь хэзээ ч ингэж итгэлтэй байж үзээгүйгээ тэрээр ярьсан байдаг.

53 нас хүрч буй хатагтай маань гундаагүй гоо үзэсгэлэнгээрээ бусдын нүдийг баясгасан хэвээр байгаа ч нас нэмж, сайхан төрхөө алдахаас санаа зовох хэрэггүйг бусад бүсгүйчүүдэд уриалдаг. 

Нүүрэндээ мэс хүргэж үзээгүй тэрээр гоо үзэсгэлэнгийн нууцаа зөв хооллолт, дасгал хөдөлгөөнийг зуршил болгосны зэрэгцээ мэргэжлийн стрессээс ангид байсны үр шим гэдэг.

Нас нэмэх тусам өөрийгөө улам залуужиж буй мэт мэдэрдэг тухай Брүүк Шилдс нэгэн ярилцлагадаа дурджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()