Дэлбэрэлт болж буй дүр зургийг харахад гайхалтай сүрдэм харагдах боловч үр дагавар нь нөхөж баршгүй их байсан юм. Тус дэлбэрэлтээр нийт 173 хүн амиа алдсаны 100 гаруй нь дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийг аврахаар яваад амиа алдсан байдаг.
Түүнчлэн 304 барилга, 7,533 контейнер, 12,428 автомашин галд автаж 1 тэрбум орчим ам.долларын хохирол учирсан түүхтэй.
Дэлбэрэлтийн хүч асар өргөн цар хүрээг хамарч, дэлбэрэлт болсон газраас 1 км зайд орших барилга байгууламжууд сүйдэж, Тяньжин хотын захын дүүргийн иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж байсан бөгөөд агаарт 700 тн хорт бодис цацагдаж байгаль орчинд ч үлэмж хэмжээний хохирол учруулжээ.
Түүнчлэн дэлбэрэлтээс болж үүссэн тогоонд тогтсон уснаас шинжилгээ авахад натрийн цианидийн хэмжээ хүлцэх хэмжээнээс даруй 300 дахин их байсан гэдэг. Аз болоход Бохайн тэнгисийн ус руу хорт бодис нэвчиж ороогүй ажээ.
Дэлбэрэлтийн гол үүсгэгч нь сумны дарийг орлуулж ашигладаг хуурай нитроцеллюлоз байжээ. Боомт дээр тус бодисыг хадгалж байсан контейнер наранд хэт халж, доторх нь ууршиж эхэлснээр маш тэсрэмтгий байдалд шилжсэн бөгөөд ойролцоо байсан бордооны аммиакын нитраттай урвалд орсонтой холбоотойгоор уг дэлбэрэлт үүссэн гэж үзжээ.
Улмаар боомт дээр байсан бусад химийн бодис бүхий тэсэрч дэлбэрэх аюултай зүйлс галд автсанаар хоёр дахь дэлбэрэлт үүссэн аж.
БНХАУ-ын засаг захиргаа тус дэлбэрэлтээс урьдчилан сэргийлж болох байсан хэмээн үзэж ажил цалгардуулж, химийн бодисыг горимын дагуу хадгалаагүй зэрэг олон шалтгаанаар 100 гаруй хүнд ял хүлээлгэсэн байдаг билээ.