Дэлхийн хамгийн өгсүүр гудамжнууд ямар харагддаг вэ?

Хүн гэдэг ямар ч газар дасан зохицож, амьдарч чаддаг гайхалтай амьтан юм. Үүнийг батлах мэт зарим оронд эгц шахуу хажуутай толгод дээр хүртэл зам тавьж, барилга барьсан байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс хамгийн өгсүүрийг нь танилцуулахаар бэлтгэлээ.

Дэлхийн хамгийн өгсүүр гудамжнууд ямар харагддаг вэ?

Шинэ Зеландын зүүн эрэгт Данедин хэмээх ердөө 100 мянган хүн амтай хот байрладаг. Сонирхолтой нь тус хотод байх 19 хэмийн налуутай, 359 метр урт Болдуин хэмээх гудамж нь дэлхийн хамгийн өгсүүр гудамж тооцогддог тул Гиннесийн ном хүртэл бүртгэж авчээ. 

Механик араатай машинтай үүгээр өгсөнө гэдэг бараг л бүтэхгүй мэт санагдана. Гэхдээ нутгийн иргэд үүндээ дассан байдаг учраас ямар ч асуудалгүй уг замаар давхидаг байна. 

Мөн ийм өвөрмөц газрыг амралт зугаалгын зорилгоор ашиглахгүй бол алдас болно биз. Тиймээс 1988 оноос хойш Болдуин гудамжинд марафон уралдаан зохион байгуулж иржээ.

Оролцогчид толгод өөд мацаад бууж ирэх ёстой бөгөөд жил бүр зохиогддог энэхүү арга хэмжээ нутгийнханд багагүй орлого авч ирдэг. Энэхүү тэмцээн 1 минут 56 секунд гэсэн өөрийн гэсэн рекордтой гэнэ. 

Уг марафонд оролцохоор ирдэг хүмүүсийн тоо жил бүр нэмэгдсээр байсан тул 2002 онд "чихрийн уралдаан" хэмээх хүмүүсийг зугаацуулах шинэ үйл ажиллагаа зохиосон аж. 

Уралдаан толгодын орой дээрээс оролцогчдын тоогоор хатуу чихэр өнхрүүлснээр эхэлнэ. Өөрийн гэсэн чихрийг олж аваад барианд орсон хүн ялагч болох бөгөөд шагналд нь бүтэн жилийн амттаны хэрэгцээгээ авдаг аж. Нутгийн компаниуд тус тэмцээнийг ивээн тэтгэх замаар муугүй сурталчилгаа хийгээд амжина.

Мэдээж ийм огцом өгсүүртэй газраар явахдаа болгоомжтой байхгүй бол болохгүй. Дугуй, тэшүүртэй хүүхдүүдээс эхлээд тавилга, хогийн сав, торх гээд юу ч хамаагүй дээрээс өнхрөөд ирж мэднэ. 

Тухайлбал, 19 настай охин хогийн сав дотор суун доош өнхөрч байгаад ачааны машины доор орж амиа алдсан явдал саяхан болсон байна. 

Гэхдээ дэлхий дээр ийм налуу гудамж хэд хэд бий. Жишээ нь Питтсбургийн Кантоны өргөн чөлөө, Сан Францискогийн 22-р гудамж зэрэг газрууд Болдиунтай өрсөлдөх хэмжээний налуу юм. 

Кантоны өргөн чөлөөг Америкдаа хамгийн налуу нь гэж үздэг. Тус гудамж нь ердөө 192 метр урттай боловч зарим хэсэгт налуу нь 40 хэмд хүрдэг.

Сан Францискогийн 22-р гудамжийн зарим хэсэг нь мөн 40 хэмийн налуутай.

Эцэст нь Вайоминг мужид байрладаг алдарт "Диваажинд хүрэх зам"-ыг дурсахгүй өнгөрч болохгүй. Энэ зам нь үнэндээ тийм ч налуу биш. Гэхдээ холоос харах юм бол үнэхээр тэнгэр рүү гарч яваа мэт гайхалтай харагддаг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()