100 гаруй жилийн өмнө үйлдвэрлэж эхэлсэн халуун савыг барууны орнуудад зөвхөн "термос" гэж нэрлэдэг байна. Энэ нь "Thermos" компани ямар хэмжээний нэр хүндтэй брэнд болж чадсаныг илтгэнэ.
Сонирхуулахад Жеймс Дьюар хожим өөрийнх нь технологийг хуулсан хэмээн Райнхолд Бургерийг шүүхэд өгсөн ч ахуйн халуун савны патент түүний нээлтээс тусдаа зүйл байсан учраас заргаа алдсан байдаг.
Харин бидний хувьд хамгийн сайн мэдэх жишээ нь Хятадад үйлдвэрлэсэн, хоёр литрийн багтаамжтай, цэцэг эсвэл лууны зурагтай, улаан, цэнхэр өнгө бүхий халуун сав билээ. Өнөөдөр та бүхэнд тэрхүү халуун савны тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
1930-аад оны үед дэлхий даяар халуун савны хэрэглээ эрс нэмэгдэж, өрх бүрийн зайлшгүй авах ёстой зүйл болж хувирсан юм. Хүйтэн дайны үед "Thermos" Баруун Германд үлдсэн учраас тэдний бүтээгдэхүүн коммунист орнуудад хүрч чадаагүй аж.
Харин та бидний сайн мэдэх хятад загварын халуун савыг 1940-өөд онд Хонконгийн "Camel" хэмээх брэнд анх гаргажээ. Түүнийг нь БНХАУ-ын "Буга" хэмээх үйлдвэр хуулбарлаж 1960-аад оноос эхлэн коммунист орны айл бүрт харагдах болсон хөнгөн цагаан гадартай, улаан, цэнхэр өнгөтэй халуун савыг үйлдвэрлэж эхэлсэн байна.
Тухайн үед тус үйлдвэр ЗХУ болон түүний холбоотнуудад жинхэнэ монополь тогтоосон учраас халуун сав гэвэл хятадын "Буга"-тай бүтээгдэхүүнээс өөр зүйл олддоггүй байжээ.
Энэхүү халуун сав нь дулаанаа өдрийн турш алддаггүй, чанарын хувьд ярилтгүй сайн ч нэг сул талтай нь бөглөөний асуудал юм. Тухайн үед барууны орнуудаас ялгаатай нь ЗХУ болон Хятадад шилэн саванд дахин ашиглах боломжтой эргүүлдэг таглааг хэрхэн хийхийг мэддэггүй байв.
Тийм учраас "Буга" халуун савыг зөвхөн үйсэн бөглөөгөөр тагладаг байсан нь битүү байдлыг 100 хувь хангадаггүй аж. Бөглөө бүр Хятадын үйлдвэрлэлийн стандартын дагуу нэг хэмжээтэй учраас өөр халуун савыг бөглөхөд яг таардаг.