Нэр нь үл мэдэгдэх Аргентин эмэгтэй 2013 онд ХДХВ-ын халдвартай хэмээн оношлогдсон байна. Гэхдээ түүний бие дээр тууралт гарах, халуурах зэрэг шинж тэмдэг илрээгүй учраас тэрээр эм бэлдмэл огт хэрэглээгүй аж. Үүний дээр тэрхүү бүсгүй Аргентиний ядуучуудын хороололд амьдардаг байсан учраас эмчилгээний зардлаа дийлэхгүй байсан нь тодорхой.
Гэхдээ тэрээр ойр ойрхон цусаа шинжлүүлэхээр өгдөг байжээ. Ийнхүү олон жил өнгөрсөн ч тэрхүү бүсгүйд өвчин нь хүндэрснийг илтгэх ямар ч шинж тэмдэг илрээгүй нь судлаачдын анхаарлыг татав.
Эмч нар түүний цусыг олон удаа шинжилгээнд оруулж, ДНХ-ын бүтцийг нь судлах болов. 2017 он гэхэд цуснаас нь ямар ч вирус илрээгүй учраас тэрээр эрүүлд тооцогдох болсон байна. Ингээд зогсохгүй тэрээр хөл хүнд болж, 2020 оны 3-р сард охиноо өлгийдөн авчээ. Мэдээж түүний охин цоо эрүүл байсан гэнэ.
Тэгвэл энэ бүсгүй хэрхэн өөрийгөө эдгээж чадсан юм бол?
Тэрээр CCR5 хэмээх ховор төрлийн гентэй байжээ. Дэлхийн нийт хүн амын ердөө 0.5 хувь нь ДНХ-дээ ийм төрлийн генийг агуулдаг гэнэ.
CCR5-тэй хүмүүсийн дархлаа нь өөрсдөө шууд өвчилсөн эсүүдийг "устгалд" оруулж, эрүүлээр орлуулж чаддаг аж. Ийм төрлийн гентэй хэмээн бүртгэгдсэн анхны хүн бол Сан Франциско хотод амьдардаг Лорийн Вилленберг (Loreen Willenberg) хэмээх бүсгүй юм.
ХДХВ нь хүний дархлааны эсүүдэд халдварлаж гэмтээх замаар дархлааг бага багаар сулруулсаар бүрэн алдагдуулж, улмаар ДОХ өвчин үүсдэг байна. Дархлаагүй болсон хүн ямар ч өвчинтэй тэмцэх чадваргүй болж, эцэст нь амиа алддаг.
Харин дээр дурьдсанчлан ХДХВ-ийн халдвар авсан дархлааны эсүүдийг CCR5 ген тэр даруй устгаад зогсохгүй нөхөн төлжүүлж чадсан байна.
Тиймээс Аргентин бүсгүй маш цөөн тооны дархлааны эсээ алдсан тул ХДХВ нь идэвхжиж чадаагүй ажээ. Үүний учир тэрээр ДОХ өвчин тусаагүйн дээр бусдад халдвар тараагаагүй гэнэ.
Ийм төрлийн дархлааны тогтолцоог ашиглан ДОХ-ыг эмчлэх бүрэн боломжтой юм. 2007 онд Тимоти Рэй Браун (Timothy Ray Brown) хэмээх эрийг чухамдаа ийм аргаар бүрэн эдгээсэн байдаг.
АНУ-ын иргэн Браун нь 1995 онд ХДХВ-ийн халдвар аваад зогсохгүй 2007 онд цусны хорт хавдартай болох нь тогдоогдсон байна. Эмч нар ингэж хүндээр өвдсөн хүнд CCR5 гентэй хүний ясны чөмгийг суулгавал (чөмөг нь дархлааны цагаан эсийн "үйлдвэрлэгч" юм) ямар үр дүн гарах вэ гэдгийг харахаар шийдэж 2007 онд Браунд яг ийм мэс засал хийжээ. Ийнхүү Брауны цусны хорт хавдар нь эдгэрээд зогсохгүй ДОХ өвчнийг нь мөн бүрэн анагаажээ.
Харин 2020 онд Лондон хотын иргэн 40 настай Адам Кастильехо (Adam Castillejo) хэмээх ДОХ-оор өвчилсөн эрд мөн дээрхтэй ижил мэс засал хийсний хүчинд бүрэн эдгээсэн байна.
Энэ төрлийн эмчилгээ нь туршилтын шатан дээрээ яваа хэдий ч CCR5-тай буюу төрөлхийн супер дархлаатай хүмүүс илүү олноороо цусаа хандивлах болжээ. Үүний ачаар эрдэмтэд хангалттай туршилт хийх хангалттай хэмжээний материалтай болсон аж. Ямартаа ч хэдэн жилийн дараа энэхүү судалгаан дээр тулгуурлаж бүтээсэн ДОХ-ыг бүрэн эдгээдэг эм хямд үнээр худалдаанд гарах бүрэн боломжтой юм.