1
Жастин Вилсон (Justin Wilson)
Тэрбумтны маань анхны эхнэрийг Жастин Вилсон гэдэг. Хосууд Канадын нэгэн их сургуульд суралцаж байх даа танилцсан бөгөөд даруу төлөв хэрнээ өндөр мэдлэгтэй Жастин ирээдүйн нөхрөө жинхэнэ "баздаг" байсан гэнэ. Учир нь Илон түүнд анхны харцаар дурласан учраас араас нь удтал гүйсний эцэст болзож эхэлсэн аж.
Хосууд 2000 онд гэрлэлтээ батлуулсан төдийгүй анхны хүү Невадагаа өлгийдөн авсан байдаг. Харамсалтай нь Невада 10 хоноод эндсэн аж. Үүнээс болоод сэтгэлийн гүн шарх авсан хосууд салах нь элбэг ч Илон, Жастин хоёрын харилцаа эсрэгээрээ улам гүнзгийрчээ. Тиймээс тэд аль сайн гэсэн эмнэлгүүдэд хандсаны үр дүнд 2004 онд Ксавье, Гриффин гэсэн хоёр ихэр, 2006 онд Кай, Дэмиан, Саксон гэсэн гурван ихэр хүүхэдтэй болжээ.
Харамсалтай нь өнөр өтгөн гэр бүлтэй болж чадсан ч Илон, Жастин хоёр тийш болохоос өөр аргагүй болсон аж. Учир нь Илон эхнэрээ гэртээ сууж хүүхдүүдээ өсгөхийг хүссэн бөгөөд Жастин эсрэгээрээ зохиолчийн амьдралыг хөөхийг хүссэн байна. Үүний хажуугаар ирээдүйн тэрбумтан маань гэр бүлдээ хайртай байсан ч ямагт ажлаа тэднээс дээгүүр тавьж ирсэн юм.
Тиймээс Илон анхны эхнэрээсээ албан ёсоор 2008 онд салсан гэдэг.
2
Талула Райли (Talulah Riley)
Хэдийгээр Илон Маскын амрагууд дундаас Талула хамгийн алдартай нь ч тэдний хувийн амьдралын талаар хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй.
Ерөнхийдөө тэднийг нийлсэн тухай мэдээ газрын гаваас гэлтэй гэнэт гарч ирсэн юм. Илон Жастинаас салсныхаа дараа нэг их сэтгэлээр унаж үзэгдээгүй учраас түүнийг Талулатай эхний эхнэрээсээ салахаас өмнө учир ургуулсан гэж зарим хүмүүс үздэг.
Британи гаралтай Талула дөнгөж жүжигчнийхээ замналаа эхлүүлээд байхдаа Лондонгийн нэгэн үдэшлэг дээр Илонтой анх таарсан гэдэг. Тэд нэгэндээ бараг анхны харцаар дурласан бөгөөд 2 долоо хоногийн дараа хувь заяагаа нэгтгэхээр шийджээ.
Тэр үед Жастин Илон хоёр нэгнээсээ хөндийрөөд байсан ч гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж амжаагүй байжээ. Тиймээс Жастин энэ мэдээг сонсоод нэгэн өвөрмөц болзол Талулад тавьсан байна. Илоны авааль гэргий нь шинэхэн амрагтай нь дайсагнахын оронд найзууд болохыг хүссэнээ илэрхийлсэнд Талула ч зөвшөөрөв.
Илон эхний гэрлэлтээ цуцлуулснаар сар хагасын дараа Талулатай албан ёсоор нийлжээ. Хэн хэн нь амаа үдүүлсэн юм шиг дуугүй байсан учраас сэтгүүлчид тэдний хувийн амьдралын талаар юу ч олж чадаагүй юм. Гэхдээ 4 жил хамтдаа амьдрахдаа хэн хэн нь жаргалтай байсныг батлах зүйлс хангалттай бий.
Гэхдээ яг өмнөх эхнэр шиг нь ажлаа байнга урдаа тавьдаг Илоныг Талула тэвчиж чадалгүй 2012 онд салах өргөдлөө өгчээ.
Сонирхолтой нь тэдний салалтын явц маш хурдан, хэрүүл уруулгүй явагдсан бөгөөд Илон бүр Талула өөрт нь аз жаргал авч ирсэн учраас үргэлж хайрлаж явна хэмээн жиргэсэн байдаг. Эндээс харвал нэгнээ үзэн ядсанаас бус зүгээр л нөхцөл байдлаа харилцан ойлголцсон нь ойлгомжтой байна.
Ямартай ч тэдний хайр нь хөрөөгүй гэдгийг 2013 онд эргэж нийлснээс нь харж болно. Гэхдээ энэ удаад Илон дахиад л гэр бүлээ ажлаасаа дээгүүр тавьж чадаагүй учраас 3 жилийн дараа хосууд бүр мөсөн салсан байна.
Талула Илон хоёр энэ бүхний дараа ч гэсэн нэгэндээ хайртай гэдгээ илэрхийлдэг юм. Мөн Талула хуучин нөхрөө өөрийнхөө хамгийн дотнын найз хэмээж байжээ.
3
Амбер Херд (Amber Heard)
2016 онд эхнэрээсээ салсны дараа Илоны хувийн амьдрал бусдын анхааралд шууд оров. Учир нь тэрээр Жонни Деппийг шүүхэд өгсөн жинхэнэ дуулианы эзэн Амбер Хердтэй учир ургуулсан байна.
Тэднийг учир ургуулсан тухай хүмүүс удтал цуурсан ч хэн хэн нь маш болгоомжтой байсан учраас харилцаагаа нууцалж чаджээ. Харин 2017 оны 4-р сард Амбер инстаграмаараа дамжуулан үнэхээр Илонтой болзож байгаа гэдгээ баталсан байна.
Илон хүүхдүүдээ хүртэл Амберт танилцуулсан бөгөөд үүнээс болоод тэднийг суух гэж байна хэмээн олон нийт таамаглах болов. Гэвч үүнээс 4 сарын дараа хосууд салсан болохоо албан ёсоор зарлажээ.
Хосууд мөнгөнөөс болж салсан хэмээн олон хүн цуурах болсон юм. Гэхдээ Илон үүнийг тэр даруйд нь няцаагаад зогсохгүй Амбертэй найзууд хэвээр үлдсэн хэмээн мэдэгдсэн байна.
Үнэхээр салсныхаа дараа тэд хэд хэдэн удаа гадуур хамт яваа харагдсан аж.
4
Граймс (Grimes)
Илон Маск дуучин Граймстай 2018 онд твиттерээр дамжуулан танилцсан байна. Үүнээс удалгүй хосууд томоохон арга хэмжээнүүд дээр хамтдаа ирэх болсон учраас үерхэж эхэлсэн гэдэг нь тэр дороо ойлгомжтой болжээ.
Тэд хэдийгээр гэрлэлтээ батлуулаагүй ч хамтдаа амьдарч эхэлсэн бөгөөд 2020 онд Граймс хөл хүнд болсон гэдгээ зарласан байна. Ийнхүү тэр оныхоо 5-р сард Илон 6 дахь хүүгээ өлгийдөн авав.
Сонирхолтой нь Илон хүүдээ тун этгээд X Æ A-12 хэмээх нэр өгсөн нь цахим орчинд багагүй шуугиан дэгдээсэн билээ. Харин Калифорни мужийн хуулийн дагуу хүний нэрэнд тоо орж болохгүй хэмээн заасан байдаг учраас X Æ A-XII болгон өөрчилжээ.
Харамсалтай нь хосууд 2021 оны 9-р сард хоёр тийш болж байгаагаа зарласан юм. Илон дахиад л ажил ажил гэсээр гэр бүлээ умартсан учраас Граймс тэсэлгүй өөрийн амьдралаа бодохоор шийджээ.
Тэгтэл өнгөрсөн сард Илон "Хүү, бүсгүй хоёр манайд байгаа" гэх мэтийн учир битүүлэг зүйлс хэлсэн нь тэднийг эвлэрсэн гэх цуу яриаг эхлүүлжээ.
Ямартай ч шүтэн бишрэгчид нь тэднийг дахин нийлнэ хэмээн найдаж байгаа аж.