Жил бүр дэлхий даяар барилга, аж үйлдвэрлэлд 40 тэрбум тонн элс болон хайрга ашигладаг. Сонирхолтой нь сэрүүн, дулаан бүсийн орнууд элсний хэрэгцээгээ дотоодоосоо хангадаг байхад Сахарын болон Арабын цөлд орших орнууд элсийг бараг 100 хувь гадаадаас авдаг.
Аливаа элсний барьцалдах чанар нь ширхгийн хэмжээ болон хэлбэрээс хамаардаг. Гэтэл жинхэнэ цөлийн элс нь маш нарийн ширхэгтэй, нэг үгээр хэлбэл хэтэрхий "зөөлөн" тул барилгын ажилд тохиромжгүй байдаг нь дээрх асуудлын шалтгаан аж. Цөлийн элсээр аливаа зай завсрыг дүүргэж болох ч зуурмаг хийж огт болохгүй. Цемент, хайргатай хольж бетон зуурлаа гэхэд тэр дороо агшиж жижгэрдэг тул барилгын суурь хийхэд маш аюултай.
Тэгэхээр барилгын ажилд ашиглах элсийг далай, нуур, голын ёроол болон хөвөө, түүнчлэн тусгай ил уурхайгаас ихэвчлэн олборлоно. Хад чулууны элэгдэл, бутралаас үүсдэг тэдгээр элсний ширхгийн диаметр нь 0.16-4.5 мм байдаг бол цөлийн элсний ширхэг 0.05-0.25 мм байдаг. Ерөнхийдөө цөлийн элс барилгын элснээс хоёроос гурав дахин нарийн ширхэгтэй, хөнгөн байдаг учраас цөлд байнга элсэн шуурга болдгийн шалтгаан нь энэ юм.
Иймд Араб, Хойд Африкийн орнууд болон Европын зарим орнууд далайн тээврээр их хэмжээний элс импортолдог байна.
Харамсалтай нь дэлхийн барилгын элсний нөөц шавхагдахад тун ойрхон байгаа бөгөөд байгаль экологид энэ нь аль хэдийн сөргөөр нөлөөлж эхэлжээ. Голын урсац, нуурын усны түвшин тогтвортой байх, ус нь цэвэр байхад нөлөөлөхөөс гадна аливаа байгалийн гамшгийн хаалт болж байдаг элс үгүй болсноор томоохон аюул учрах боломжтой. Хамгийн ойрын жишээ гэхэд Хятадын цэнгэг устай хамгийн том нуур Поян хэт их элс олборлолтын улмаас бараг ширгэхдээ тулаад байгаа аж.