Бразил эр зөгийнүүдээс зугтан ус руу үсэрч ороод пиранья загаснуудад идүүлжээ

2021-11-04, 18:00
36,812

Хэдий өчүүхэн жижиг биетэй ч хамгийн өршөөлгүй араатнуудын нэг нь зөвхөн Өмнөд Америк тивд байдаг пиранья загас юм. Сүрэглэж ан хийдэг, эгнэсэн хурц шүднүүдтэй энэхүү махчин загас нь усанд унасан хүн, мал амьтан руу бөөнөөрөө дайрч, хормын дотор араг яснаас өөр юм үлдээдэггүй гэлцэх нь бий. Үнэндээ тэдний хүн барьсан тохиолдол маш ховор байдаг ч хэдхэн хоногийн өмнө нэгэн Бразил эр тун азгүй тохиолдлоор пиранья загасны дайралтын хохирогч болсон байна. 

Бразил эр зөгийнүүдээс зугтан ус руу үсэрч ороод пиранья загаснуудад идүүлжээ

Бразил улсын зүүн өмнөд хэсэгт орших Минас Герайс мужийн нутаг дахь нэгэн нуураас пиранья загаст идүүлж, зэрэмдэглүүлсэн хүний цогцос олджээ. Цагдаа нарын дүгнэлтээр тэрхүү цогцос нь өнгөрсөн ням гарагт загасчилж яваад усанд унан осолдож, сураггүй болсон 30 настай эрийнх мөн болох нь тогтоогдсон байна.

Хэрэг явдлыг тодруулбал талийгаач тухайн өдөр хоёр найзынхаа хамт ойролцоох нууранд завьтай загасчилж яваад зөгийнүүдийн дайралтанд өртжээ. Сандарсан тэрээр ус руу үсэрч орсон бол хоёр найз нь эрэг рүү сэлүүрдэж, аюулгүй гарч чаджээ.

Харамсалтай нь ус руу үсэрсэн найз нь гарч ирээгүй тул тэр хоёр орон нутгийн онцгой байдлын аврагчдыг дууджээ. Ингээд аврагчид пиранья загасаар дүүрэн гэгддэг тэрхүү нуур руу шумбаж, эрлийн ажиллагааг эхлүүлжээ.

Удалгүй тэд нуурын эргээс 4 метр орчмын зайтай газраас талийгаачийг олж, пиранья загаснуудад бариулсан болохыг мэджээ. 

Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр түүний цогцос хэд хэдэн хэсэгтээ яс нь ил гарсан, нүүрнийх нь баруун тал нь тэр чигтээ алга болсон байдалтай олджээ. 

Мэргэжилтнүүд тэрхүү эрийн үхлийн шалтгаан загаснуудад идүүлснээс, эсвэл усанд живснээс болсон эсэхийг одоогоор тогтоогоогүй байгаа аж. 

Амазон мөрний сав газар дахь цэнгэг уст нуур, голууд нь нийт 30 зүйлийн пиранья загасны амьдрах орчин болдог. Ихэнхдээ 12-35 см урт биетэй байдаг энэхүү загас нь хурц шүднүүд, хүчирхэг эрүүнийхээ ачаар амьтны эдийг хялбархан бөгөөд хурдан урж тасдаж чаддаг байна. 

Бразилчууд пиранья загасыг хүнсэнд хэрэглэхээс гадна шүдээр нь сийлбэр хийх, эд хэрэгслийг хурцлахад ашиглах нь бий.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()