Хүүгийн эцэг эх болох Александр Наумкин, Елена Корнева нар олон жилийн өмнөөс ОХУ-ын Алтайн хязгаарын Алтайское тосгонд амьдарч иржээ. Хэдий Елена төгөлдөр хуурч, харин Александр зураач мэргэжилтэй ч хоёул далдын хүчинд итгэдэг байсан учраас нийгмээс тусгаарлагдмал амьдралын хэв маягийг сонгохоор шийджээ. Ийнхүү Кайталак хэмээх тосгоны ойролцоо, тайга дунл жижигхэн урц барьж амьдрах болсон хосууд 1993 оны 2-р сард хүү Оджанаа өлгийдөн авчээ.
Хүү төрсний дараа хосууд түүнийг харъяа засаг захиргаандаа бүртгүүлэхээр очсон байна. Гэвч хүүд төрсний гэрчилгээ байгаагүй учраас дүүргийн ажилтан бүртгэхээс татгалзаж, яг төрсөн газрынхаа хэлтэс дээр оч гэсэн байна. Мэдээж хэрэг эзгүй тайгад бүртгэлийн хэлтэс байхгүй тул Оджан ямар ч бүртгэл, бичиг баримтгүй болсон аж.
Эцэг эх нь хүүдээ чадах чинээгээрээ боловсрол олгосон бөгөөд Оджан ч тун сайн сурагч байсан гэнэ. Олдсон болгоноо шимтэн уншдаг Оджан энгийн уран зохиолын номноос эхлээд физик, химийн сурах бичиг, цаашлаад их дээд сургуулийн хэмжээний материал судалсан байна.
Хүүгийн хамгийн дуртай төрөл нь шинжлэх ухааны зөгнөлт зохиолууд байсан ч 16 насандаа Александр Дюмагийн номуудад илүү шимтэх болов.
Үүний хажуугаар Оджан зураг зурсаар байсан бөгөөд сүүлдээ чадвараараа аавынхаа хэмжээнд очжээ. Удалгүй тэрээр ойролцоох Белокурих хэмээх хотод өөрийн зургуудаа зарж эхэлсэн байна.
Өсвөр насандаа Оджан хот орж, хүмүүстэй чөлөөтэй уулзах болсон төдийгүй эцэг эхтэйгээ үзэл бодлоороо зөрчилдөж эхлэв. Хүүгийнхээ шийдвэрийг хүндэтгэж, эрх чөлөө олгохоор шийдсэн Александр, Елена нар нэг л өдөр Оджанд аз жаргал хүссэн захидал үлдээгээд, өөрсдөө газрын гаваар орсон мэт сураггүй болжээ.
Мэдээж хэрэг үүнээс болж Оджан багагүй сандарч, цагдаа дуудсан байна. Удтал эрэл сурал болсны эцэст эцэг эх нь 2 сарын дараа эсэн мэнд эргэн иржээ. Тэд Приморийн хязгаараар явж, шинэ төвхнөх газраа хайсан нь тэр аж.
Чухам энэ ер бусын явдлын дараа нутгийн иргэд Оджаны тухай мэдэж авсан бөгөөд яваандаа хэвлэлүүдийн анхаарлыг татаж, түүнийг "Алтайн Маугли" хэмээн нэрлэх болов.
Оджан эцэг эхийнхээ эзгүй байх үед олон хүнтэй уулзаж ярилцсан бөгөөд өөр шиг нь насаараа ой модон дунд амьдарсан нэгнийг өнөөгийн нийгэм тийм ч сайн ойлгож чадахгүйг ухаарчээ.
Үүний зэрэгцээ хэвлэлд алдартай болоод амжсан "Алтайн Маугли" маань олон удаа ярилцлага өгсөн байна. Эцэст нь тэрээр хүмүүстэй ойр байж, нийгэмших нь илүү дээр сонголт хэмээн шийджээ.
Оджан Белокуриху хотод нүүж ирээд найзынхаа хамт амьдрах болов. Маргарита Котова гэдэг тэрхүү найз нь "Алтайн Маугли"-д бичиг баримт, гар утастай болоход тусалсан гэнэ. Оджан цаашлаад бармений курст сууж төгсөөд, зээл авч өөрийн гэсэн жижиг кафе хүртэл нээжээ.
Харамсалтай нь туршлага дутсаны улмаас бизнес нь дампуурсан тул тэрээр Новосибирск хот руу нүүжээ. Тэнд ч гэсэн нэг л эвээ олж чадахгүй байсан учраас Оджан эцэст нь Москваг зорив.
Компьютер, ухаалаг утас зэргийг чадмаг хэрэглэж сурсан Оджан Москвад хэд хэдэн ажил олж хийсэн боловч гэнэн занг нь ажил олгогч нар ашиглаж, ихэнх нь цалингүй ажиллуулсан гэнэ. Оджан зөөгч, барилгачин зэрэг олдсон бүх ажлыг хийж, өрөө төлөхийн зэрэгцээ алдаанаасаа суралцаж чадсан байна.
Өдгөө тэрээр Москвагийн нэгэн кафед зөөгчөөр ажиллаж, байр түрээслэн сууж байгаа гэнэ. Ямартаа ч тэрээр амьдрал нь тогтвортой болсонд баяртай байгаа аж. Харин тэрээр эцэг эх дээрээ жилд нэг удаа зочилдог ч ойд дахин амьдрахыг хүсэхгүй байгаа юм.
Үүний хажуугаар Валерия хэмээх найз бүсгүйтэй болсон бөгөөд түүнтэйгээ 2 жилийн өмнөөс цуг амьдардаг болсон байна. Тэрээр Москвад найз нөхөд, хайртай бүсгүй, ажил гээд бүх зүйл нь байгаа учраас илүү хүсэх зүйл байхгүй, том хотод амьдрахдаа баяртай байгаа гэжээ.
Мөн тэрээр хөвчид 18 жилийг өнгөрүүлж, хотын стресстэй амьдралаас хөндий өсгөсөнд нь аав ээждээ талархаж явдаг гэжээ. Чухам үүний хүчээр Оджан чөлөөтэй сэтгэдэг, сэтгэлийн дарамтаас ангид нэгэн болсон байна.