Үе үеийн бүсгүйчүүдийн сэтгэлийг булаасаар ирсэн Том Круз "Биелэгдэшгүй даалгавар" киноныхоо шинэ ангид тоглосныхоо дараа кино урлагаас завсарлага аваад байгаа. Ийнхүү сүүлийн саруудын турш олны нүдэнд үзэгдээгүй тэрээр өнгөрсөн амралтын өдөр Сан Франциско хотод хүү Коннорын хамт бэйсболын тоглолт үзжээ.
Мэдээж хэрэг телевизийн шууд дамжуулалтынхан түүний дүрсийг харуулсан ч дэлгэцэн дээр нэр нь гарч ирж, өөрөө камер руу харан найрсгаар гараа даллах хүртэл нь алдарт жүжигчнийг хэн ч таниагүй байна. Ингээд цахим орчинд тэр даруй түүний шинэ төрхийн талаар хэлэлцүүлэг өрнөж эхлэв.
Түүнийг амралтаараа биедээ анхаарахаа больж жин нэмсэн үү, гоо сайхны мэс засал нь буруугаар эргэсэн үү, эсвэл зүгээр л хэдхэн сарын дотор ингэтлээ хөгширчихөв үү гэх мэтээр хүмүүс таамгаа уралдуулж байлаа. Түүнчлэн өөрийн орлон тоглогчоо явуулсан байна, эсвэл зөгийнд хатгуулчихаж хэмээн наргих хүмүүс ч байв.
Гэхдээ тэдгээрээс хамгийн сонирхолтой нь Том Круз угаасаа ийм харагддаг, харин цахим хаягтаа оруулах, хэвлэлд гарах зургуудаа өмнө нь сайтар засч янзалдаг гэх таамаг байлаа.
Том Крузын хувьд гадаад төрхөндөө тун их хөрөнгө зардаг, гоо сайхны мэргэжилтнүүд, мэс засалч нараар байнга үйлчлүүлдэг нь нууц биш.
Кино жүжигчний карьераа эхлүүлж байх үедээ тэрээр буруу ургалттай шүдэндээ их санаа зовдог байсан тул анхны их мөнгөө сайхан инээмсэглэлтэй болоход зориулжээ.
Мөн тэрээр ид үедээ хамраа өндөрсгүүлж, нүднийхээ зовхийг нарийсгаж байжээ. Залуу насных нь зургийг одоогийн төрхтэй нь харьцуулж харахад тэр нь илт мэдэгддэг.
Өөрийн амьдралын хэмнэл, нарийн ширийн зүйлсээ ихэд нууцалдаг тул тэрээр дээрх бүхний талаар огтхон ч цухуйлгадаггүй ажээ. Тэр ч байтугай зураг авалтын үед нүүр хувиргалтын болон хувцас солих өрөөнийхөө гадна хамгаалагч зогсоож, хэнийг ч оруулдаггүй гэж түүнтэй ажилласан хүмүүс дурдаж байжээ.