Нацист Германы хорих лагерийн харгалзагч байсан цуутай харгис эмэгтэйчүүдийн түүх

Дэлхийн 2-р дайны үед нацистын хорих лагерийн харгалзагчаар ажиллаж байсан ихэнх хүмүүс хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэргээр ялын дээд хэмжээ сонссон байдаг. Тэдгээрийн дундаас ялангуяа эмэгтэй харгалзагч нар бусдаас илүү харгис байсан гэдэг бөгөөд тэдний балмад хэрцгий үйлдэл нь эрэгтэй харгалзагчдыг хүртэл айлгадаг байсан аж. 

Нацист Германы хорих лагерийн харгалзагч байсан цуутай харгис эмэгтэйчүүдийн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ильза Кох (Ilsa Koch) - "Бухенвальдын шулам"

Хамгийн зартай, харгис нацист гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад Ильза Кох үргэлж багтдагт гайхах зүйл үгүй. Ильза Кох энгийн ажилчин гэр бүлээс гаралтай бөгөөд анх номын санд ажилладаг байжээ.

Энэ үедээ тэрээр сайхан сэтгэлтэй, тусч нэгэн гэдгээрээ олны дунд нэр хүндтэй болсон байв. 1934 онд Ильза Нацист намын цэрэгжсэн анги болох SS-ийн офицер Карл Отто Кох хэмээх эртэй гэрлэж, удалгүй өөрөө тус намын гишүүн болжээ. Гурван жилийн дараа Отто Бухенвальдын хорих лагерийн захирагчаар томилогдсон бөгөөд Ильза мөн тэнд хоригдол эмэгтэйчүүдийн харгалзагчаар ажиллаж эхэлсэн юм. 

Ильза Кох (Ilsa Koch) - "Бухенвальдын шулам"

Чухам энд л түүний өнөөх нинжин сэтгэлтний "баг" үгүй болж жинхэнэ харгислал үйлдэж эхэлсэн аж. Жишээлбэл тэрээр хорих лагерийн хашаанд явж байхдаа өөрт нь зүгээр л таалагдаагүй эмэгтэйг газар дээр нь бууддаг байв. Мөн Ильза хоригдлуудыг морин дээрээс ташуурдаж тамалдаг байсан бөгөөд өөрөө ядарсныхаа дараа хөөрхий хоригдлыг амьдаар нь нохойн хоол болгоно. Ильзагийн иймэрхүү балмад үйлдлүүд нөхрийг нь хүртэл айлгасан гэдэг.

Бүсгүйчүүдийг гадаа олон цагаар зогсоон өлсгөх нь түүний дуртай яргалалуудын нэг байв. Ингэхдээ тэдний өмнө хоол тавих бөгөөд хэн нэгэн гараа сарвайх л юм бол түүнийг зэрлэгээр зодох тушаал өгнө. Түүний хамгийн дургүй хүмүүс нь өөрөөс нь илүү царайлаг эмэгтэйчүүд байсан гэдэг. Тиймээс Ильза хөөрхөн гэж үзсэн бүсгүйчүүдээ олны өмнө гаргаж ирээд хүчээр нүцгэлж өөр эмэгтэйчүүдээр зодуулж, дараа нь эрэгтэй харгалзагч нараар хүчиндүүлдэг байжээ. 

Хамгийн аймшигтай нь Ильза хоригдлуудыг өвчиж, арьсаар нь чийдэнгийн бүрхүүл, цүнх, бээлий бүр дотуур хувцас хийж зардгаараа нэрд гарсан юм. Тэр дундаа шивээстэй хоригдлууд түүний энэхүү аймшигт хоббигийн золиос болох нь их байв. Учир нь тэдний шивээстэй арьс нь өвөрмөц хээтэй материал болдог байсан аж. Ильзагийн нөхөртэйгөө нийлж хийдэг хүний арьсан бүтээгдэхүүн Германд маш өндөр эрэлттэй байсныг дурдах хэрэгтэй.

Сонирхолтой нь эхнэр нөхөр Кох дайн дуусахаас өмнө өөрсдийн шуналаас болж сүйрсэн юм. Нэг удаагийн шалгалтаар тэд хоригдлуудаас хурааж авсан үнэт эдлэлүүдээ улсад тушаалгүй өөрсдөө хар зах дээр дамлан мөнгө олдог нь илэрсэн аж. Тиймээс Германы дээд шүүхээс улсын эдийн засагт хохирол учруулсан хэмээн ял тулгаж, нөхөр Оттог нь буудан хороосон байна. Харин Ильзад аз таарч, хангалттай хэмжээний нотлох баримт байгаагүй тул жил хагас шоронд суугаад гарчээ.

Хүний санаанд оромгүй харгис үйлдлүүдээрээ "Бухенвальдын шулам, "Хатагтай Абажур" хочтой болоод байсан Ильза эцэст нь 1951 онд Нюрнбергийн шүүхээс хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн ял авч, бүх насаараа хоригдохоор болжээ. Үүнээс зургаан жилийн дараа тэрээр камертаа өөрийгөө боомилж амиа хорлосон юм. 

2 Ирма Грезе (Irma Grese) - "Шаргал үст чөтгөр"

Ирма Грезе хүүхэд наснаасаа эхлэн алдарт Марлин Дитрихийг шүтдэг, өөрөө кино од болохыг  мөрөөддөг байжээ. Хөөрхөн төрхтэй, сайн дуулж бүжиглэдэг учраас мөрөөдөлдөө амархан хүрнэ хэмээн өөрөө ч, эцэг эх нь ч итгэдэг байв. Гэвч хувь заяа түүнийг огт өөр зүгт хөтөлсөн байдаг. 

Ирма Грезе (Irma Grese) - "Шаргал үст чөтгөр"

Амьдралын эрхээр Ирма мөрөөдлөө хаяж, зартай Аушвицийн харгалзагчаар ажилд орсон бөгөөд жил ирэх тусам тушаал дэвшсээр ахлах харгалзагч болсон байна. Чухам энд л тэрээр "Үхлийн сахиусан тэнгэр", "Шаргал үст чөтгөр" хэмээх хочийг авсан аж. 

Залуухан, царайлаг, дүрэмт хувцас нь сайхан зохиж, үсээ донжтой гэгч нь янзалсан, франц үнэртэй ус ханхлуулсан харгалзагч бүсгүй эхэндээ SS-ийн албан хаагчид, эрэгтэй хоригдлуудын нүдийг хужирлаж байв. Гэвч түүний өмсдөг өндөр өсгийтэй хүнд гутал л жинхэнэ төрхийг нь илчилж байлаа. Тэрээр царайлаг эмэгтэй хоригдлуудын нүүрэн дээр тэрхүү гутлын өсгийгөөрөө дэвсэн зоддог байсан бөгөөд энэ "ажлаасаа" ядрасныхаа дараа сандал дээр тухлан суугаад бусдыг нь буудах тушаал өгдөг байжээ.

Тэрээр мөн төмөр утсаар хоригдлуудын биеийг хүлж тамладаг байсан бөгөөд шархыг нь огт цэвэрлэхгүй байх тушаал өгдөг учраас хөөрхий бүсгүйчүүд идээ бээрэнд баригдаж нас барах явдал энгийн үзэгдэл болсон аж. 

Энэ мэт яргаллыг нь харсан SS-ийн эрэгтэй харуулууд хүртэл Ирмаг хүн биш гэж үздэг байв. 

1945 онд Олон улсын шүүхээс түүнд дүүжлэн хороох ял өгсөн юм. Сонирхолтой нь "Үхлийн сахиусан тэнгэр" цаазлуулах өглөө нь юу ч болоогүй юм шиг дуулж, хамтдаа дүүжлүүлэх ял сонссон Элизабет Фолькенрат хэмээх бүсгүйтэй хөгжилдөн инээж байжээ. 

3 Элизабет Фолькенрат (Elizabeth Volkenrath)

Элизабет Фолькенрат нь Ирма Грезегээс 4 насаар эгч бөгөөд түүн шиг царайлаг нэгэн биш байжээ. Гэхдээ тэрээр өөрийгөө жинхэнэ Ари үндэстэн гэж үздэг байсан бөгөөд Равенсбрукын хорих лагерьт ажилд орж үүнийгээ батлахыг хүссэн байна. Тэрээр ажилдаа "маш сайн" гэх шалтгаанаар удалгүй харгалзагч болж дэвшжээ. Гэхдээ Элизабет ийн нөхөр SS-ийн офицер Хайнз Фолькенрат тус хорих ангийн дарга нарын нэг болсон нь ингэж дэвших гол шалтгаан болсон нь дамжиггүй. 

Элизабет Фолькенрат удалгүй Аушвиц руу шилжин өөрийнхөө жинхэнэ төрхийг харуулсан байдаг. Тэрээр хорт хийн өрөөнд орох хүмүүсийг сонгох эрхтэй болсон бөгөөд зөвхөн Элизабетийн тушаалаар 40 мянган хүн амиа алдсан юм.

Түүнийг Олон улсын шүүхээс дүүжилж хороох шийдвэр гаргахад Элизабет огтхон ч гайхаагүй гэдэг. Харин яг цаазлуулахынхаа өмнө Элизабет өөрийн хийсэн зүйлээ Германы сайн сайхны төлөө хийсэн хэмээн зөвтгөсөн байдаг. 

Элизабет Фолькенрат (Elizabeth Volkenrath)

4 Женни-Ванда Баркманн (Jenny-Wanda Barkmann)

Женни-Ванда Баркманн нь Штутхоф хэмээх жижиг хорих лагерийн харгалзагч байсан бөгөөд тэндээ "Үзэсгэлэнтэй чөтгөр" хэмээн алдаршсан байдаг. Өмнө нь загвар өмсөгч байсан тэрээр яг тайзан дээр алхаж байгаа мэт хорих анги дундуур гунхан явж, эмэгтэйчүүд, хүүхдүүд дундаас өөрийн үзэмжээр сонгон хорт хийн өрөө рүү илгээдэг байв. 

Сэтгэлээр унасан үедээ Женни дургүй хоригдлуудаа зодож өөрийгөө тайтгаруулна. Тэрээр дайн дууссаны дараа зугтах гэж оролдсон боловч Польшийн Гданск хотын галт тэрэгний буудал дээр баригдсан байна. Түүнийг 1946 оны 7-р сарын эхээр Гданскийн ойролцоох Бискупская Горка хотод олон нийтийн өмнө дүүжилж цаазалсан юм. 

Женни-Ванда Баркманн (Jenny-Wanda Barkmann)

5 Мариа Мандел (Maria Mandel)

Мариа Мандел нь Аушвиц-Биркенау гэсэн зэргэлдээ 2 лагерийн эмэгтэйчүүдийн хэсгийг хариуцсан харгалзагч байв. Мариа хорт хийн өрөөнд орох хоригдлуудыг сонгодог байсан бөгөөд ингэхдээ өөрийгөө зугаацуулахын тулд тоглоом тоглох дуртай байжээ. Тодруулбал тэрээр хоригдлуудыг өрсөлдүүлэн нэг юм уу хоёрыг нь амьд үлдээх ч хэдхэн өдрийн дараа тэднийг буудан хорооно. 

Мариа Мандел мөн хөгжимд дуртай байсан учраас хоригдлуудаас хөгжимчдийг сонгон аваад өөрийн гэсэн хамтлаг байгуулсан бөгөөд сайхан ааш нь хүрсэн үедээ тэднээр дуртай дуугаа тоглуулна. 

1945 оны 5-р сард буюу дайн дууссаны дараа шийтгэл хүлээхээс айсан Мариа төрөлх Мунзкирхен хотынхоо ойролцоох уул руу зугтав. Гэвч гурван сарын дараа түүнийг АНУ-ын цэргүүд баривчилжээ. 1947 оны эцсээр шүүх хурал болж, Мариа Манделийг дүүжлэн цаазаар авах ял оноосон бөгөөд ялыг 1948 оны 1-р сарын 24-нд Краковын шоронд гүйцэтгэсэн байна. 

Мариа Мандел (Maria Mandel)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()