10
Эль-Файюм, Египет - НТӨ 4000 он
НТӨ 4 онд ижил нэртэй баян бүрдийн дэргэд байгуулагдсан энэхүү хот нь тухайн үедээ мужийнхаа засаг захиргааны төв байсан гэдэг. Хожим нь энд голдуу Грек хүмүүс суурьших болсон байна. Өдгөө тус хот нь 300 мянган хүн амтай болжээ.
9
Суса, Иран - НТӨ 5000 он
Суса хот нь Элам хэмээх мужийн нийслэл байсан аж. Судлаачид тус сууринг НТӨ 5000-аад оноос "хот" болсон гэж үздэг бөгөөд энд НТӨ 7000 оны үед хүмүүс анх суурьшиж байжээ. Харамсалтай нь 1218 онд Монголын Эзэнт гүрний цэргүүд Сусаг сүйтгэсэн байна.
8
Библ, Финик (Өнөөгийн Ливан) - НТӨ 5500 он
НТӨ 5500-аад оны үеэс энд хүмүүс суурьшиж эхэлжээ. Харин НТӨ 3-р мянганы үеэс Финикичүүд тус сууринг дэлхийн худалдааны чухал төв болгосон байна. Финикийн хамгийн том боомтуудын нэг энд байрладаг байсан бөгөөд үүнээс эртний улс орнуудад төрөл бүрийн бараа худалдаалдаг байжээ. Барууны орнуудын хэлэнд байдаг "Библи", "номын сан" гэсэн үгс энэ хотын нэрнээс гаралтай. Одоо тус хотод 40 мянга орчим иргэн амьдардаг.
7
Нагар, Сири - НТӨ 6000 он
Дэлхийн түүхэн дэх анхны суурин газруудын нэг болох Нагар нь НТӨ 6 мянга орчим оноос эхтэй. Энэ хот нь НТӨ 4-р мянганы эхэн үед жинхэнэ метрополис буюу томоохон хот болсон юм. Хойд Месопотамиас Анатолид хүрэх худалдааны зам дээр байрлалтай учраас Нагар ийнхүү цэцэглэн хөгжжээ. Энд байрладаг "Мэлмийн сүм" (НТӨ 3500 онд баригдсан) нь дэлхийн хамгийн эртний шашны холбогдолтой барилгуудын нэг гэж тооцогддог. Хүн төрөлхтөн НТӨ 1 мянгаад оны үед тус хотыг бүрэн сүйтгэжээ.
6
Сидон, Ливан - НТӨ 6500 он
Сидоныг Библи сударт "анхны суурин" гэж тэмдэглэсэн байдгаас харвал ямар эртнийх болох нь тодорхой болно. НТӨ 6000-6500 оны хооронд энд анх хүмүүс суурьшсан байна. Өдгөө тус хот Ливаны хамгийн том хотуудын нэгд тооцогддог болсон бөгөөд нийт 400 мянган хүн амтай гэнэ.
5
Дамаск, Сири - НТӨ 7000 он
Дамаск хотыг яг хэдэн онд баригдсан болохыг одоо хүртэл эцэслэн тогтоож чадаагүй байгаа ч зарим археологичид НТӨ 7000 онд байгуулагдсан хэмээн таамагладаг. Тиймээс тус хот нь албан бусаар дэлхийн хамгийн эртний нийслэлд тооцогддог байна. Зарим судлаачид энд бүр НТӨ 10 мянган онд хүмүүс анх суурьшсан гэж хүртэл үздэг. Үүх түүхээр баялаг энэхүү хот нь нийт 1.7 сая хүн амтай.
4
Чатал Гүюк, Турк - НТӨ 7400 он
Чатал Гүюкийн анхны барилгуудыг НТӨ 7400 онд барьсан гэдэг. Тухайн үедээ уг суурин өнөө цагийн хотын хэмжээтэй байсан гэхээр ямар том болох нь тодорхой. Гэвч хүрэл зэвсгийн үед (НТӨ 3300 - НТӨ 1200 он) тус хотыг иргэд нь орхиж явжээ.
3
Иерихо, Израиль - НТӨ 8000 он
Судлаачид тус хотын тууринаас олдсон хүмүүсийн үлдэгдэл дор хаяж НТӨ 8000 оноос эхтэй болохыг тогтоосон юм. Энэ суурингийн байгууллага байгууламжууд нь дор хаяж 8 м өндөр байсан гэдэг. Иерихо нь өнөөг хүртэл хүн амьдарч байгаа хамгийн эртний хот юм. Эндэхийн оршин суугчдын тоо 20 мянга хүрдэг байна.
2
Беида, Йордан - НТӨ 9000 он
Тус хотод хүмүүс НТӨ 9000 онд суурьшсан бол анхны барилгууд нь НТӨ 7000 онд сүндэрлэжээ. Үүнээс хэдэн зууны дараа Беида үл мэдэгдэх шалтгааны улмаас сүйрчээ.
1
Муреибет, Сири - НТӨ 12,000 он
НТӨ 12-8 мянганы үед оршин тогтнож байсан энэхүү хот нь хамгийн эртний сууринд тооцогддог юм. Энэ нутгийн иргэд эхэндээ шохойн чулуугаар хийсэн дугуй байшинд амьдардаг байв. Хожим нь байшингийн хэлбэр нь тэгш өнцөгт болж өөрчлөгдсөн байна. Сууринд төрөл бүрийн ургамал, ялангуяа улаан буудай, вандуй, арвай тариалдаг байсан гэнэ. Муреибет мөн дээрх хотуудын адил нутгийнхаа соёл, эдийн засгийн төв байжээ. Тус хот хэзээ, яаж сүйрсэн болохыг эрдэмтэд тайлахыг оролдож байгаа ч одоогоор үр дүнд хүрээгүй л байна.