Хятадууд Их Говийг хэрхэн аялал жуулчлалын бүс болгож байна вэ?

2021-08-09, 19:16
18,187

Азийн хамгийн том цөл болох Их Говь нь Монгол улсын өмнөд хэсгээс гадна БНХАУ-ын Ганьсү, Хөх нуур муж, Өвөр Монголын болон Шинжаан Уйгурын өөртөө засах орныг хамран оршдог. Манай орны хувьд байгалийн гайхалтай тогтоцууд, элсэн манхан, үлэг гүрвэлийн олдворууд нь говьд жуулчдыг татах гол давуу тал болдог байхад урд хөршийнхөн хүний гараар бүтээгдсэн үзмэрүүдийг байгалийн сайхантай хослуулах, үндэсний парк байгуулах, түүх соёлын дурсгалыг сэргээн хөгжүүлэх замаар аялал жуулчлалын бүс бий болгож байна. Ингээд Хятадын говь дахь гайхалтай газруудыг танилцуулъя.

Хятадууд Их Говийг хэрхэн аялал жуулчлалын бүс болгож байна вэ?

1 Жангьегийн уулс

Түүхт Морин туурайны сүм (Мати Си), Солонгон уулсаараа алдартай Жангье бол Ганьсү муж дах дахь хамгийн сайхан газруудын нэг юм. Жангье нь Торгоны зам дээр байрладаг жижиг хот бөгөөд баруун Хятадын хамгийн өвөрмөц, сүрдмээр цөлийн үзэсгэлэнт газруудыг эндээс үзэж болно. 2000 жилийн түүхтэй тус суурин нь Торгоны замын түүх, соёлыг судлах хүсэлтэй хүмүүсийн заавал очих ёстой газар юм.

Жангьегийн уулс

2 Хавирган сар нуур, Дунхуань

Ганьсү мужийн нутаг, Торгоны замын худалдааны хот байсан Дунхуанаас 6 км зайд, элсэн манхан дунд үзэсгэлэнт "Хавирган сар" нуур оршдог. 1970-аад оноос хойш бараг ширгэсэн байсан баянбүрдийг сэргээж, шашны мөргөл, аялал жуулчлалын бүс болгожээ.

Хавирган сар нуур, Дунхуань

Дунхуаний бас нэгэн гайхамшиг бол ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн "1000 Буддагийн агуй" буюу Могао агуй юм. Тус агуйг урлаг, түүх сонирхогчдын заавал үзэх ёстой газар гэдэг. 

IV-XIV зууны үеэс эхлэн тус агуйн хадан дээр буддын шашны тарни, хөшөө, уран зургуудыг гараар сийлсэн байдаг. Азаар тэдгээр хэдэн мянгаар тоологдох үзмэрүүд агуйдаа хадгалагдаж үлдсэн учраас Могао агуй нь дэлхий дээрх хамгийн том буддын шашны музей гэж тооцогдох болжээ. 

3 Хэзүо

Хезүо бол Ганьсү мужийн өмнөд хэсэгт байдаг Төвдийн Өөртөө Засах Ганнань хошууны төв юм.

Ганьсү, Цинхай, Сычуань мужийн уулзвар дээр оршдог энэ хот бол Амдо Төвд нүүдэлчдийн замдаа саатдаг түүхт газар ажээ. Тиймээс тус хот нь эрт цагаас эхлээд бүс нутгийнхаа худалдаа үйлчилгээний бүсэд тооцогдох болжээ. Иймд та энэ газраар зочилсноор хаанаас ч олдохгүй түүхэн дурсгалт газруудыг үзэх боломжтой. 

Хэзүо

4 Ядан үндэсний геологийн парк

Дунхуан хотоос баруун хойд зүгт 180 км-ийн зайд орших Ядан үндэсний геологийн парк нь 398 хавтгай дөрвөлжин км талбайг эзэлдэг бөгөөд Хятадад хамгийн томд тооцогддог. Тус газрыг "Чөтгөрийн хот" гэж нэрлэдэгийн цаад учир нь байгалийн өвөрмөц тогтоцоос болоод салхи исгэрэх чимээ нь хашгираан мэт сонсогддогтой холбоотой аж.

Алслагдсан байршил, цөлийн өвөрмөц тогтоцтой учраас энэ газарт дайны сэдэвтэй хэд хэдэн киноны зураг авсан байна. 

Ядан үндэсний геологийн парк

5 Бинлин сүм

Бинлин сүм нь Шар мөрний дагуу байрладаг хавцлын агуйд сийлсэн Буддын шашны баримлуудтай газар юм. Тэдгээрээс хамгийн том нь хадан цохионд сийлсэн 27 метр өндөр Буддагийн хөшөө юм.

Бинглиг сүм нь Ганьсүгийн нийслэл Ланжоу хотоос 1.5 цагийн зайтай байдаг тул бүтэн өдрийн аялал хийхэд тохиромжтой. Та мөн Бинглинг сүмийг үзэнгээ Ганьсү мужийн өмнөд хэсэгт орших Лаврин хийд эсвэл Хэзүо, Лангмуси гэсэн газруудаар дайрч болно. 

Бинлин сүм

6 Майжи Шань

Тяньшуй хотоос зүүн өмнө зүгт орших ногоон уулсын дунд Майжи Шань хэмээх торгоны зам дагуу байрладаг буддын шашны хамгийн алдартай хадны сийлбэрүүд байдаг. Майжи Шаньгийн эгц хад нь 194 агуйтай бөгөөд энд Хойд Вэй, Жоу гүрний үед (НТ-ын 386–581) 7800 гаруй баримал сийлсэн байдаг. 

Майжи Шань

7 Жяюгуань ба Баруун цагаан хэрэм

Жяюгуань даваа бол Хятадын баруун нутгийн бэлэг тэмдэг юм. 6000 метрийн өндөртэй Цилианы нурууны оргилууд ба Маажинсангийн Хар уулсын хооронд орших энэ цайз эрт цагт чухал стратегийн байршилд тооцогддог байжээ. 1372 онд баригдсан энэхүү цайз нь хятадуудын байгуулсан сүүлчийн томоохон бэхлэлт байсан аж. 

Үүний зэрэгцээ Жяюгуань даваа нь эртний торгоны замын гол цэг байсан юм. Гадаадын аялагч, худалдаачид энд ирсэн бол хятадад хүрснээ мэддэг байсан гэдэг. 

Жяюгуань ба Баруун цагаан хэрэм

8 Бадайн Жарангийн элс

Өвөр Монголын Баруун Алшаа хошууны нутагт орших Бадайн Жарангийн элс нь хэмжээгээрээ Хятадад хамгийн томд тооцогдох элсэн манхан юм. 

Өндөр өндөр манхнууд, "дуулдаг" элс, янз бүрийн өнгөтэй 140 гаруй нуур, эртний сүм хийд гээд Бадайн Жаран үзэх юм маш олон. 

Бадайн Жарангийн элс

9 Эзнээ хошууны тооройн төгөл

Цөлийн хатуу ширүүн нөхцөлд гайхалтай тэсвэртэй тоорой модны хамгийн том санг Өвөр Монголын Эзнээ хошууны баянбүрдүүдээс харж болно. Гүн хөх тэнгэр, алтан шаргал модод, тунгалаг уст нуурын хослол нь урд хөршийн жуулчдыг ихээр татдаг аж.

Эзнээ хошууны тооройн төгөл

10 Гуажоу дахь баримлууд

Ганьсү мужийн хойд хязгаар, Говь-Алтай аймагтай хиллэн оршдог Гуажоу хошууны цөлийн дунд Хятадын алдартай уран барималч, Цинхуа их сургуулийн профессор Дон Шубин нууцлаг утга агуулга бүхий аварга баримлуудыг урлан байрлуулжээ. Тэдгээрийн нэг болох "Нойрсож буй гоо бүсгүй" баримлыг элсэн манхан дунд, бяцхан цөөрмийн дэргэд урласан байна.

Гуажоу дахь баримлууд

Доорх зурагт буй "Эх дэлхийн хүү" баримал нь 15 метр урт, 4.3 метр өндөртэй бөгөөд улаан боржин чулууг 3D хэвлэлийн аргаар зүсэн хийжээ. Тайван унтаж өхөөрдөм жаалын дүр нь амьдралын найдлага, мөрөөдлийн эхлэлийг бэлгэдсэн аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()