Социалист систем нуран унасныг дэлхий дахинд зарласан Балтийн алдарт "Хүн хэлхээ"

Өнөөдрөөс гуч гаруй жилийн тэртээ буюу 1989 оны 8-р сард Зөвлөлт Холбоот Улс бараг сүйрлийн ирмэг дээр очсон байсан тул Балтийн орнуудын хоёр сая гаруй иргэд олон зуун км үргэлжлэх "хүн хэлхээ" үүсгэн жагссанаар түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн томоохон өөрчлөлтийг бүтээж чадсан билээ. Энэхүү тайван жагсаалд Зөвлөлтийн бодлогыг эсэргүүцсэн Эстони, Литва, Латви хүмүүс оролцсон бөгөөд урт нь 675 км дамнан үргэлжилсэн байна. Харин жагсаал амжилттай болоход чухам юу нөлөөлсөн бол?

Социалист систем нуран унасныг дэлхий дахинд зарласан Балтийн алдарт "Хүн хэлхээ"

Балтийн орнуудыг ЗХУ-ын мэдэлд өгсөн гэж болох Молотов-Риббентропын гэрээ байгуулагдсанаас хойш яг 50 жилийн дараа буюу 1989 оны 8-р сарын 23-нд  2 сая гаруй иргэн нэгдэж "хүн хэлхээ" үүсгэсэн байна.

Энэхүү асар том гинжин жагсаал Эстони, Латви, Литва улсын нутгийг хөндлөн гулд сунан үргэлжилж байв. Үүнд нэгдсэн хүмүүс ЗХУ-аас эрх чөлөөгөө эргүүлэн авах ганцхан зүйлийг шаардаж байлаа.

Эстони улсын нийслэл Таллин хот, 1989 оны 8-р сарын 23

Литвийн нийслэл Вильнюсээс эхэлсэн энэ жагсаал 670 гаруй километр урт үргэлжилсэн хэмээн түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. Тэдгээр хүмүүс өөрчлөлт хаяанд ирснийг мэдэрч байсан ч Зөвлөлтийн эрх баригчид ямар хариу арга хэмжээ авахыг хэн нь ч хэлж мэдэхгүй байсан гэдэг. Хамгийн чухал нь Балтийн орнууд эв нэгдлээс хүч чадлыг олж чадсан байна.

Литвийн нийслэл Вильнюс хотын хүн гинж

Эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, хөгшид гээд бүхий л хүмүүс гудамжинд гарч жагсаалд оролцсон байна. Үүнд коммунист улс төрчид, дарга нар хүртэл оролцсон гэдгийг дурдах нь зүйтэй. 

Ойр орчимд амьдардаг оршин суугчид нь тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж буй хүмүүст хоол хүнс авчирч, орон нутгийн хууль сахиулагчид замын хөдөлгөөнийг хүртэл бүрэн зогсоосон байна. Ийнхүү тухайн өдрийн 19:00 цагт 2 сая орчим хүн 15 минутын турш гар гараасаа барин зогссон нь түүхэн дэх хамгийн урт "хүн хэлхээ"-г бүрдүүлжээ. Эдгээр зургууд дэлхий даяар шуугиан тарьж, сая сая хүний сэтгэлийг хөдөлгөсөн байна.

Олны хүч оломгүй далай

15 минут үргэлжилсэн эрх чөлөө, тусгаар тогтнолын жагсаал нийт хүн төрөлхтний түүхэнд "Балтийн гинж" хэмээх нэрээр тодоос тод тэмдэглэгдсэн байна. Жагсаалд оролцогчид Зөвлөлтийн эрх баригчдад хориглуулсан эх орныхоо туг далбааг өндөрт мандуулж, эх оронч дуугаа дуулцгааж байв. 50 жилийн турш олдоогүй тусгаар тогтнол ингэж Зөвлөлтийн гурван бүгд найрамдах улсын хувьд бодит хэрэг болж чадсан аж.

Балтийн орнууд 1989 онд нийтдээ 8 сая орчим хүн амтай байснаас 2 сая нь гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлжээ. Зөвлөлтөөс тэдний энэ үйлдлийг зогсоохоор хүч хэрэглээгүй боловч хүний гинжин хэлхээг тасалж, танахыг оролдсон байна. Гэсэн ч Зөвлөлт Балтийн орнуудын эрх чөлөөний төлөөх хүсэл тэмүүллийг дарж чадаагүй юм. Латви, Эстони, Литва 1991 онд албан ёсоор тусгаар тогтнолоо сэргээжээ.

Литвийн Вильнюс хотын Сүмийн талбайд "гайхамшиг" гэсэн утгатай "Stebuklas" хэмээх бичээс бий. Вильнюс, Таллин хоёрын хоорондох хүний гинжин хэлхээ энэ газарт хүрч дууссан учир "Стебуклас" нь чин хүсэл, тэмүүлэл бий бол юу ч биелэх боломжтойг батлах газар болж хувирсан байна.

Энэ төрлийн жагсаал "Балтийн гинж" гэж нэрлэгдэхээсээ ч өмнө эсэргүүцлийн хамгийн тохиромжтой хэлбэр байсан аж. 1983 онд Баруун Германд энх тайвны төлөөх хөдөлгөөнд оролцсон 400 мянга орчим жагсагчид гудамжинд гарч, АНУ-ын пуужинг улсынхаа газар нутагт байрлуулахыг эсэргүүцсэн байна. Германы баруун өмнөд хэсэгт хүмүүс гар гараасаа барьж, 10 км урт хүн хэлхээ үүсгэж байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()