"Хоёр ертөнцийн зааг" - Дэлхий дээрх хамгийн гайхалтай гол, усны бэлчирүүд

Францын домогт аялагч Жак-Ив Кусто (Jacques-Yves Cousteau) Гибралтарын хоолойд явж байхдаа хоёр өнгийн усыг залгачихсан гэмээр хачирхалтай заагийг олжээ. Хоорондоо тэс өөр температур, давсжилт болон ургамал, амьтны аймагтай Атлантын далай болон Газар дундын тэнгисийн ус холилдолгүйгээр зэрэгцэн оршиж байсан нь тэр аж. Тэгвэл өнөө цагт яг үүнтэй ижил үзэгдлийг харах боломжтой гол мөрд, далай тэнгисийн бэлчирүүдийг танилцуулж байна.

"Хоёр ертөнцийн зааг" - Дэлхий дээрх хамгийн гайхалтай гол, усны бэлчирүүд

1 Хойд тэнгис болон Балтийн тэнгис

Хойд тэнгис болон Балтийн тэнгис Данийн Скаген хотын орчимд  уулзалддаг боловч нягтын ялгаанаас болж ус нь хоорондоо огт холилддоггүй. 

Хойд тэнгис болон Балтийн тэнгис

2 Газар дундын тэнгис болон Атлантын далай

Газар дундын тэнгис болон Атлантын далайн уулзвар Гибралтарын хоолойд бий. Хоёр талын ус нягтрал, давсжилтаараа ондоо учир хоорондоо мөн л холилдолгүй оршдог байна.

Газар дундын тэнгис болон Атлантын далай

3 Карибын тэнгис болон Атлантын далай

Карибын тэнгис болон Атлантын далайн нийлдэг цэг Антиллын арлын бүсэд бий.

Карибын тэнгис болон Атлантын далай

4 Суринам гол болон Атлантын далай

480 км урсаж Атлантын далайд цутгадаг Суринам голын адаг хаана байгааг усны өнгөөр нь төвөггүй мэдэж болно.

Суринам гол болон Атлантын далай

5 Уругвай мөрөн болон жижиг цутгал

Борооны улирлын үеэр Уругвай мөрний усанд шавар, хурдас ихсэж шар өнгөтэй болдог.

Уругвай мөрөн болон жижиг цутгал

6 Рио Негру болон Солимоес гол

Бразилын Манаус хотоос 10 км орчимд Амазоны цутгалууд болох Рио Негру болон Солимоес голууд нийлэх боловч ус нь холилдолгүйгээр 4 км урсдаг. Рио Негругийн ус нь нэртэйгээ адил бараан өнгөтэй байхад Солимоес нь цайвар өнгөтэй. Энэ үзэгдлийг усны хэм болон урсгалын хүчтэй холбон тайлбарладаг байна.

Рио Негру болон Солимоес гол

7 Мозель гол болон Рейн мөрөн

Европын хоёр том гол нь Германы Кобленц хотын дэргэд нийлдэг. Мозелийн ус нь цайвар байхад Рейн мөрөн бараантан харагддаг.

Мозель гол болон Рейн мөрөн

8 Орхон гол болон Сэлэнгэ мөрөн

Орхон, Сэлэнгийн бэлчир Сэлэнгэ аймгийн Сайханы хөтөл орчим бий. Орхон гол нь Туул, Хараа, Ерөө зэрэг олон голын усыг авдаг тул ус нь илүү булингартай.

Орхон гол болон Сэлэнгэ мөрөн

9 Ильц, Инн голууд болон Дунай мөрөн

Энэхүү гурван голын бэлчир дээр Германы Пассау хот бий. Ильц нь уулын жижигхэн гол бол цайвар өнгөтэй нь Инн, бараан нь Дунай мөрөн юм. Хэдий Инн гол илүү өргөн боловч Дунай мөрний нэг цутгал гэж тооцогддог.

Ильц, Инн голууд болон Дунай мөрөн

10 Алакнанда болон Бхагиратхи гол

Хималайн нуруунд орших Энэтхэгийн Девапраяг хотын дэргэд Ганга мөрний цутгалууд болох Алакнанда, Бхагиратхи голууд нийлдэг. Алакнандагийн ус гүн хөх, Бхагиратхи нь цайвар ногоон өнгөтэй. 

Алакнанда болон Бхагиратхи гол

11 Эрчис мөрөн болон Ульба гол

Эрчис, Ульбагийн бэлчир дээр Казахстаны Усть-Каменогорк хот байгуулагджээ. Эрчис мөрний ус цэвэрхэн байхад Ульбагийн ус булингар ихтэй.

Эрчис мөрөн болон Ульба гол

12 Хөх мөрөн болон Жиалин

Жиалин гол Хөх мөрөнд цутгадаг хэсэг Хятадын Чунцинь хотод бий. Хурдас ихтэй Хөх мөрний ус нь жилийн ихэнх үед бор өнгөтэй байдаг. 

Хөх мөрөн болон Жиалин

13 Эрчис мөрөн болон Омь гол

Эрчис мөрөн, Омь голын бэлчирт Оросын Омск хот байгуулагджээ. Омь гол нь илүү тунгалаг устай харагдаж байна.

Эрчис мөрөн болон Омь гол

14 Чуя болон Катунь гол

Алтайн бүгд найрамдах улсын Онгудай хэмээх газар Чуя болон Катунь голууд уулзаж, Обь мөрнийг "зорьдог". Чуя гол нь өвөрмөц цайвар саарал өнгийн устай бол Катунь нь үзэсгэлэнтэй номин ногоон өнгөтэй. Хоёр голын ус нийлснийхээ дараа холилдолгүй багагүй зайг туулдаг.

Чуя болон Катунь гол

15 Грин гол болон Колорадо мөрөн

АНУ-ын Юта мужийн Каньонлендс үндэсний паркийн хавцлууд дунд Грин ("ногоон") гол Колорадо мөрөнд цутгана. Хоёр голын урсдаг гольдрилын чулуулгийн бүтэцээс болж Колорадо улаавтар, Грин гол ногоон өнгөөр урсана.

Грин гол болон Колорадо мөрөн

16 Ронь болон Арве гол

Энэхүү хоёр гол Швейцарийн Женев хотын ойролцоо нийлдэг. Зүүн талын Ронь гол нь Леман нуураас эх авдаг болохоор тунгалаг хөх, баруун талын Арве нь Альпийн мөсөн голуудаас эх авдаг тул хурдас ихтэй, цайвар өнгө бүхий устай.

Ронь болон Арве гол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()