Нас өндөр гарсан тэрхүү эмээ охиноо гэрт нь ороод ирэхийг хүлээсээр өдөр хоногийг өнгөрүүлж байжээ. Ийм маягаар олон жил өнгөрч, энэ онд тэрээр 100 насны ойгоо ач гучаа тойруулан сайхан тэмдэглэсэн боловч хайртай охин нь ирээгүй явдал түүнд хүнд цохилт болжээ. Ийнхүү хөөрхий эмээ насны ойгоо тэмдэглээд удалгүй өөд болсон байна.
Үнэндээ түүний хүлээлт ямар ч нэмэргүй байсан нь саяхан гарсан Хятадын телевизийн алдартай нэвтрүүлгээр ил болсон байна.
Нэвтрүүлэгт оролцсон 46 настай Чен Жин гашуун үнэнийг эмээдээ дуулгаж, сэтгэлийг нь өвтгөхийг хүсээгүй тул түүнийг олон жилийн турш хуурсан болж таарчээ. Ээж нь тэртээ 2003 онд, хорт хавдраар өөд болсноос хойш тэрээр эмээдээ 13 жилийн турш худлаа ярьсан аж.
Талийгаач Чен Чонрун нь түүний эмээтэй маш ойр дотно байдаг байжээ. 2003 онд уушигны хорт хавдартай гэдгээ мэдсэнийхээ дараа тэрээр нас өндөр ээж рүүгээ зав л гарвал залгаж, ойр ойрхон ярьдаг болжээ. Амьдрах өдрийнх нь тоо багасаж эхлэхэд Чен Чонрун утсандаа нэлээд олон дуут мессеж хурааж аваад, эмээдээ сонсуулж байхыг хүүхдүүддээ захисан байна. Охиноо нас барсан гэдгийг ээж нь битгий мэдээсэй хэмээн тэрээр хүссэн аж.
Ийнхүү Чен Жин ээжийнхээ сүүлийн хүслийг биелүүлжээ. Ээж нь өөд болсны дараа тэрээр эмээ рүүгээ тухайн үеийн нөхцөл байдалд тааруулан дуут мессежнүүдийг илгээдэг байв. Жишээлбэл гадаа хүйтрэх үед "дулаан хувцаслаарай, ээжээ" гэж захиж буй мессежийг нь явуулна. Түүнчлэн өдөр бүр эмээ уух, гадуур алхахдаа болгоомжтой байхыг захихын зэрэгцээ өөрөө удахгүй эргэж ирнэ хэмээн хэлж буй мессежүүд тэдгээр дунд байжээ.
Эхэндээ энэ арга нь болж байсан ч цаг өнгөрөх тусам эмээдээ охин нь амьд гэдгийг итгүүлэхэд өөр арга хэрэгтэй болно гэдгийг Чен мэдэж байлаа. Ингээд тэрээр талийгаач ээжтэй нь маш адилхан хоолойтой нэгэн эмэгтэйг олж, эмээтэй нь ярьж байхыг гуйжээ. Хэдий тэр эмэгтэй охиных нь хоолойг чадахаараа дууриаж байсан ч эмээ нэг л юм буруу байгааг удалгүй сэжиглэж эхэлсэн аж. Аз болж "Ээж ханиад хүрээд, хоолой нь сөөчихсөн байгаа" гэсэн худал үгэнд эмээ нь итгэж, тайвширсан байна.
Ач охин энэ байдлаар эмээгээ хуурсаар 13 жилийг өнгөрүүлжээ. Эмээ охиноо ирэхийг гуйх болгонд дүр эсгэгч эмэгтэй бие муудсан, зүрхний хагалгаанд орох гэж байгаа гэх мэт шалтаг хэлж, "аргалдаг" байв. Ач нар нь байнга эмээ дээрээ очдог байсан ч охиноо санан бэтгэрсэн эмээд энэ нь хангалтгүй байлаа. 100 насны ой дээр нь Чен Жин ах дүүсийнхээ хамт очиж, галын наадам хийн өргөн дэлгэр тэмдэглэсэн ч охиноо хүлээсэн эмээгээ хөгжөөж чадаагүй байна.
100 нас хүрснээсээ хэдхэн сарын дараа настан бурхны оронд оджээ. Энэхүү гунигтай түүх сая сая үзэгчдийн зүрхэнд хүрч, Хятадын сошиал орчинд өргөн тархжээ. Олон хүмүүс нэвтрүүлгийг үзээд уйлж, эмээ, ач охин хоёрыг өрөвдөж байсан юм.